Ч.Сансар
JPMorgan банкны Европ, Ойрхи Дорнод, Африкийн эрчим хүчний судалгаа хариуцсан дарга Кристиан Малек Brent маркийн нефтийн үнэ 2026 он гэхэд 150 ам. долларт хүрнэ гэж анхааруулсан тухай шинэ судалгааны тайланд дурджээ.
Энэхүү таамаглал гаргахад хэд хэдэн шалтгаан байсан. Жишээ нь, газрын тос олборлох хүчин чадлын дутагдал, эрчим хүчний шинэ супер цикл эхлэсэн, дэлхийн чулуужсан түлшний хэрэглээг бууруулах хүчин чармайлт зэрэг шалтгаануудыг хэлж болно.
ОПЕК+ бүлгийн гишүүд олборлолтоо бууруулснаар түүхий нефтийн үнэ өссөн. Хамгийн том шалтгаан нь Саудын Араб зах зээлд 1 сая баррель нийлүүлэхээ зогсоосон явдал байсан. Мөн ОХУ-ын шатахууны экспортын хориг арга хэмжээ байлаа. Түүхий нефтийн эрэлт нэмэгдэж, нийлүүлэлт багассан нь түүхий нефтийн үнийг өсгөж, хэрэглээний үнийн өсөлтөд нөлөөлсөн.
Өнгөрсөн баасан гаригт Брент нефтийн үнэ 93.55 доллар орчим байсан, харин ирэх онд Брент нефть 90-110 ам.долларын хооронд хэлбэлзэж, 2025 онд цаашид өснө гэж Малек таамаглаж байна.
“Суудлын бүсээ зүүгээрэй. Бид удахгүй маш тогтворгүй суперциклтэй тулгарна" гэж Малек Bloomberg-т ярьжээ
JPMorgan энэ оны 2 дугаар сард зах зээлийг цочирдуулсан геополитикийн томоохон үйл явдал гарахгүй бол газрын тосны үнэ энэ онд 100 ам.долларт хүрэх магадлал бага байна гэж мэдэгдэж байсан. ОПЕК+ бүлгийнхэн өдөрт 400,000 баррель нефть нэмж нийлүүлнэ. Оросын нефтийн экспорт энэ оны дундуур сэргэх магадлалтай хэмээн JPMorgan мэдэгдэж байсан. Тухайн үед JPMorgan Хятадад нефтийн эрэлт өдөрт 770,000 баррелиар өснө гэж тооцоолж байсан юм.
JPMorgan одоо дэлхийн эрэлт нийлүүлэлтийн хоорондын зөрүү 2025 онд 1.1 сая баррель болж, эрэлт хэрэгцээ 2030 он гэхэд нийлүүлэлтээс 7.1 сая баррелиар давна гэж үзэж байна.
Эх сурвалж: oilprice.com