Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Уул уурхай

“ОЛС ТАТАХ” ӨРСӨЛДӨӨНИЙ ТУХАЙ ЭЕРЭГ ЧИМЭЭ

 

З.Цэлмэг

Дэлхийн нийлүүлэлтийн гинжин хэлхээг зурагласан “Холболтын газар зүй” номын зохиогч Параг Ханнагийн хэлсэнчлэн “Олс татах өрсөлдөөн”-өөс монголчууд олон жил хоцорч ирсэн. Харин цар тахлаас хойш нийлүүлэлтийн сувгуудын гацааг гаргахад анхаарч, хоёр хөрштэйгээ харилцаа хамтын ажиллагааг идэвхтэй өрнүүлж буй нь тодорхой үр дүнд хүрч, энэ жилийн Монголын эдийн засгийн чуулганыг зорин] ирсэн хөрөнгө оруулагчдын сонорыг мялаасан таатай мэдээ байв.

 Эдийн засгийн чуулганы өмнөхөн Ерөнхий сайд өмнөд хөршид айлчилж /2023.06.26-07.01/, мөн Улаанбаатар хотноо болсон Монгол, Хятадын бизнес эрхлэгчдийн форум зэрэг арга хэмжээ нь уул уурхайн тээвэр, дэд бүтцийн олон жил гацсан төслүүдийг урагшлуулах бодит дэмжлэгүүд болов. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, БНХАУ-ын дарга Ши Жинпинтэй уулзах үеэрээ хоёр улсын эрдэс баялгийн худалдааны гол боомт болох Гашуунсухайт-Ганцмод, Шивээхүрэн-Сэхэ, Бичигт-Зүүнхатавч, Ханги-Мандал боомтыг Монголын талаас төмөр замаар холбох бүтээн байгуулалтын ажлууд дууссан бөгөөд энэ удаагийн айлчлалаар хилийн боомтуудын холболт, хамтын ажиллагаа, гэрээ хэлцлүүдийг хоёр улсын Засгийн газрын түвшинд эцэслэн шийдвэрлэхэд талууд дэмжиж ажиллахын чухлыг онцолсон. Хариуд нь Ши Жинпин дарга Хятадын талаас бүх талаар, дэмжин хамтран ажиллахаа илэрхийлжээ.

Монгол, Хятад хоёр улсын урт хугацааны хөгжлийн бодлого уялдаж, худалдааны хэмжээг 20 тэрбум ам.долларт хүргэхэд уул уурхайн бүтээгдэхүүний тээвэрлэлт, хилийн нэвтрэлтийг нэмэгдүүлэхэд анхаарч байна.

Монголын эдийн засгийн чуулганаар хөрөнгө оруулагчдад өгсөн мессэж бол Орос, Хятадыг холбосон баруун, зүүн босоо тэнхлэгийн стратегийн ач холбогдол бүхий төмөр замын төслүүд хөдөлж эхэлсэн явдал байв.

Цаг хугацааны дарааллаас харвал хамгийн ойрын хугацаанд Шивээхүрэн-Сэхэ хил дамнасан боомтын төмөр зам ашиглалтад орох товтой байна. Үүний дараа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын төмөр замын бүтээн байгуулалтыг эхлүүлж, 2024 онд багтаан ашиглалтад оруулахаар Хятадын төрийн өмчит “Чайна Энержи” групптэй тохиролцсон. Зам тээврийн хөгжлийн Дэд сайд Л.Халтар Монголын эдийн засгийн чуулганы хэлэлцүүлгийн үеэр “Энэ ажлын үр дүн нь 1.5-2 жил байна. Үр дүнд нь бидний удаан ярьсан жилд 20-30 сая тонн нүүрсийг төмөр замаар тээвэрлэх боломж айсуй байна” гэв.

Монголын талаас Гашуунсухайт-Ганц модны хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалттай холбоотой авах арга хэмжээний тухай тогтоолын төслийг Засгийн газар долоодугаар сарын 5-ны өдөр УИХ-д өргөн барьж, 7-ны өдөр  яаралтай горимоор хэлэлцэн батлав. Тогтоолын төсөлд Гашуунсухайт - Ганцмод хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг зураг төсөл, техник, эдийн засгийн үндэслэлийн дагуу БНХАУ-ын Ганцмод боомт хүртэлх төмөр замын суурь бүтэц өмчлөгч төрийн өмчит компаниар гүйцэтгүүлж, холбогдох зардлыг “Эрдэнэс Тавантолгой” ХК санхүүжүүлэхээр дурджээ. Ингэхдээ төлбөрийн нөхцөл дээр жил бүр 20 сая тонн хүртэлх нүүрсийг харилцан ашигтай, тогтвортой, зах зээлийн зарчимд нийцүүлэн урт хугацааны худалдах, худалдан авах гэрээ байгуулахаар болсон юм. “Чайна Энержи” групп нь БНХАУ-ын талаас Ганцмод боомт хүртэлх төмөр замын 92%-ийг эзэмшдэг, эрчим хүч, тээвэр, химийн салбарын хамгийн том төрийн өмчит компани юм.

Ийнхүү 1956 онд анх Замын-Үүд, Эрээний галт тэрэгний хөдөлгөөн нээгдсэнээс хойш 67 жилийн дараа Монголоос Хятад руу гарах төмөр замын хоёр дахь гарцыг бий болгохоор тохиролцсон байна.

Харин удаах нь зүүн бүсийн төмөр замын стратегийн бүтээн байгуулалтын коридорт өрнөж буй. Хөөтийн ордын нүүрсийг Хятад руу гаргадаг Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутаг дахь Бичигтийн боомтын бүтээн байгуулалтын ажлыг энэ онд эхлүүлснээ Боомтын сайд Б.Тулга Монголын Эдийн засгийн чуулганы үеэр мэдээлсэн.  Уг боомтыг Чойбалсан хоттой төмөр замаар холбох бүтээн байгуулалтын хөрөнгө оруулалт Ерөнхий сайдын Хятадад хийсэн айлчлалын үеэр шийдэгдсэн. Нийтдээ 1.8 тэрбум ам.долларын концессийн гэрээ байгуулсан бөгөөд энэ жилдээ багтаад бүтээн байгуулалт эхлэх хүлээлттэй байгааг албаны

эх сурвалж хэлэв.

Уг хөрөнгөөр Дорнодын Чойбалсангаас Бичигт-Зүүнхатавч боомт хүртэлх төмөр замыг барихын зэрэгцээ Эрээнцав-Чойбалсангийн төмөр замын засварыг хийхээр гэрээний нөхцөлд оруулжээ.

Энэ оны эхний хагас жилийн байдлаар манай нүүрсний экспорт 30 гаруй сая тоннд хүрч, түүхэн дээд үзүүлэлтдээ хүрээд байна.

 Хятадын талаас эхний улиралд нүүрс худалдан авалт сайн байсан мөн манай талаас нүүрс тээврийн хил нэвтрэлтийг түргэтгэж, төрийн үйлчилгээг цахимжуулах зэрэг олон ажлын үр дүнд бүтэн жилийнхтэй дүйцэхүйц хэмжээний нүүрсийг эхний хагас жилд экспортлоод байна.

Төмөр замын хил холболтоос гадна нүүрсний экспортод эерэг нөлөө үзүүлэхүйц тохиролцоог өмнөд хөрштэй хийжээ. Тухайлбал, улс хоорондын байнгын ачаа тээвэрлэлтийн С зөвшөөрлийн хугацааг 90 байсныг 120 хоног болгож сунгасан, цаашид Замын-Үүд – Эрээнээс гадна Бичигт – Зүүнхатавч зэрэг бусад боомтуудын ажиллах цагийг уртасгах, хоёр улсын худалдаа, тээврийн үйл ажиллагааг хөнгөвчлөх үүднээс тээвэрлэлтийн баримт бичгийг цахимжуулахад анхаарч, шаардлагатай бэлтгэл ажлуудыг хийхээр тохиролцсон нь экспорт давамгайлсан эдийн засагт эерэг мэдээ болж байна.

Засгийн газар ойрын 1-2 жилийн хугацаанд нүүрсний экспортыг жилийн 50 сая тоннд хүргэх зорилготой ажиллаж буй. Эл зорилтод хүрэхэд төмөр замын хил холболтоос гадна боомт чиглэсэн автозамуудыг барих ажил хийгдэж буй. Мөн Тавантолгой ордоос Цагаандэл уул-Өлзий боомтыг холбосон автозамын төсөл удахгүй хэрэгжих бол Тавантолгой ордоос Ханги-Мандал боомтыг холбосон авто замыг энэ жилдээ ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа аж.

Боомтын сайд Б.Тулга ойрын хугацаанд Ховдын Булган боомтыг эрдэс баялаг, ачаа тээвэр, транзит тээврийн гэсэн тус тусдаа гарцтай болгох, шинээр зам тавих, Байтаг болон Баян- Өлгийн Даян боомт, мөн Сүхбаатар аймгийн Бичигт боомтыг Эрдэнэцагаан сумтай холбосон автозамын бүтээн байгуулалтын төслүүдэд хөрөнгө оруулагч эрэлхийлж байгааг форумын үеэр хэлсэн. Дэд бүтцийн холболтуудаа хийчихвэл цаашид боомтуудын ажиллах цагийн хуваарийг нэмэгдүүлэх замаар хөрөнгө мөнгө шаардахгүйгээр хүчин чадлаа нэмэх боломжтой. Мөн эдийн засгийн эргэлт сайтай боомтуудыг хувийн хэвшил хариуцдаг олон улсын жишгийг харгалзан хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх бодлого барьж ажиллахаа хөрөнгө оруулагчдын сонорт хүргэлээ.