Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Оросын дизель түлшний экспорт энэ  сард зогсох төлөвтэй байна

Ч.Сансар

ОХУ 10 дугаар сард дизель түлшний экспортоо Хар ба Балтийн тэнгис дэх Оросын боомтуудаар бараг хийхгүй аж.

Орос улс 10 дугаар сард 223 мянган тонн дизель түлш экспортлохоор төлөвлөсөн байна. Үүнээс 222,800 мянган тонныг Оросын хоригт ороогүй Евразийн эдийн засгийн холбооны орнуудад (хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан улсууд) зориулан Приморск, Новороссийскийн боомтуудаар нийлүүлэхээр төлөвлөсөн.

Орос улс дотооддоо шатахууны үнийг тогтворжуулахын тулд баруун боомтуудаасаа дизель түлшний экспортод хориг тавьснаа 9 дүгээр сард зарлаж, дараа нь доогуур чанартай дизель түлшний хоригийг цуцалсан. ОХУ 2018 оны шатахууны хямралыг давтахаас сэргийж ийм арга  хэмжээ авах болсноо мэдэгдсэн.  2018 онд шатахууны үнэ 5 дугаар сараас хойш 7%-иар өссөн учраас Засгийн газар хариу арга хэмжээ авч, нефтийн компаниудаас шатахууны бөөний үнийг 2018 оныг дуустал 6 дугаар сарын түвшинд байлгахыг шаардсан. Үүний дараа Орос улс шатахууны үнийг инфляцийн түвшинтэй уялдуулан нэмэгдүүлэхийг зөвшөөрсөн.

Украины дайны үед Путин түүний рейтингэд нөлөөлж болзошгүй шатахууны хомсдлыг тэвчихгүй байх гэж шинжээчид үзэж байна.

ОХУ-ын экспортын хориг 10 дугаар сард бүрэн хэрэгжиж эхлэх бөгөөд энэ нь дэлхийн дизель түлшний зах зээлд улам сөргөөр нөлөөлж, түүхий нефтийн үнийг өвлөөс өмнө дахин өсгөж болзошгүй юм. Одоогийн байдлаар түүхий нефтийн үнэ өсч, Брент маркийн нефть 95 ам.доллар давсан байгаа.

Хориг зарласны дараа Европт дизель түлшний үнэ өсч, нэг тонн нь 1008 ам.долларт хүрчээ. Энэхүү дизелийн хориг нь түр зуурынх байх бөгөөд удахгүй Оросын дизель түлш хадгалах бүх агуулахууд бүрэн хүчин чадлаараа ажиллах болно гэсэн хүлээлт байна.

Эх сурвалж: oilprice.com