Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд сэргээгдэх эрчим хүчний станц барих санамж бичигт "МАКС Групп" Япон улсын E-st Co., Ltd. ĸомпанитай сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр стратегийн хамтын ажиллагааны санамж бичигт өчигдөр гарын үсэг зурлаа.
МАКС Группийн Уул уурхай, хүнд үйлдвэрлэлийн газар, Япон улсын E-st Co., Ltd. байгууллагатай сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр урт хугацааны стратегийн хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсан юм.
Говь Алтай аймгийн Есөнбулаг сумын нутагт байрлах Хан Алтай алтын үндсэн ордыг ашиглах төслийн I үе шатны боловсруулах үйлдвэрийн эрчим хүчний хэрэглээг сэргээгдэх эрчим хүчээр дэмжих нарны станц байгуулна.
“Уг сэргээгдэх эрчим хүчний төсөл нь 2024 оноос үе шаттайгаар хэрэгжиж эхлэх ба тус оны III улиралд эхний ээлжийн 1.5 МВт-ын нарны станц үйл ажиллагаа эхлүүлэх юм. Одоогийн байдлаар Хан Алтай төслийн үйл ажиллагаа явуулж буй боловсруулах үйлдвэр болон дагалдах барилга байгууламжийн нийт суурилсан хүчин чадал нь 6 МВт хүрээд байгаа бол тус нарны станцад холбогдсоноор нийт цахилгаан эрчим хүчний хэрэглээний хорь хүртэлх хувийг сэргээгдэх эрчим хүчээр хангах боломжтой болно хэмээн” тус группийн Уул уурхай, хүнд үйлдвэрлэлийн газрын захирал Д.Даваа-Очир онцоллоо. Түүнчлэн “Маĸс групп” уул уурхайн салбарт ногоон эрчим хүч ашиглах, цаашлаад Говь Алтай аймагт хэрэгжүүлэх бүтээн босголтын төслүүдээ ногоон эрчим хүчээр хангах суурийг тавьж буй нь энэ гэж тодотгосон.
Хан Алтай алтын үндсэн ордыг ашиглах төслийн II үе шатны цахилгаан эрчим хүчний суурь хэрэглээ 20 МВт гаруй байх тооцоолол хийгдсэн бөгөөд нийтдээ Маĸс Группийн бүс нутгийн уул уурхайн, үйлдвэрлэлийн төслүүдийн нийт хэрэглээ 30 МВт орчим хүрэх урьдчилсан тооцоолол хийгдээд байна. E-st Co., Ltd. байгууллагын хувьд Монгол улсад өөрийн охин ĸомпани болох “Жапан Энерги Валю” ХХК-аар дамжуулан ногоон технологийг нэвтрүүлэх хөрөнгө оруулалтын ĸомпани юм. Тус байгууллага нь алслагдсан бүсэд үйл ажиллагаа явуулж буй болон явуулах уул уурхайн төслүүдэд ногоон эрчим хүчний шийдэл нэвтрүүлж ажиллах үндсэн зорилготой бөгөөд нар салхины эрчим хүч, цаашлаад ногоон дизель, устөрөгч гэх мэт Япон улсын сүүлийн үеийн өндөр технологиудыг нутагшуулах зорилт тавин ажиллаж байгаа юм байна.