Эрдэс баялгийн салбарын хамгийн том чуулган “Mongolian Mining week 2023” буюу “Монголын уул уурхайн 7 хоног” нэгдсэн арга хэмжээ өнөөдөр эхэллээ. Уг арга хэмжээнд 20 орчим улсын эрдэс баялгийн салбарын төрийн байгууллагын төлөөлөл, хөрөнгө оруулагчид, олон улсын байгууллагууд, гадаад дотоодын нийт 300 гаруй зочид төлөөлөгчид оролцож байна.
Арга хэмжээ 9-13-нд Улаанбаатар хотод болох бөгөөд уул уурхайн 7 хоногийг нээж Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үг хэллээ.
“Монгол Улсад орчин цагийн уул уурхай хөгжөөд 100 орчим жилийн хугацаа өнгөрсөн байна. Эрдэс баялгийн салбарынхан 80 гаруй мянган төрлийн бүтээгдэхүүнийг нээн илрүүлсэн байна. Монгол Улсын ДНБ-ий дөрөвний гурав орчим, экспортын 90 гаруй хувийг, гадаад дотоодын хөрөнгө оруулалтын 80 орчим хувийг энэ салбар дангаараа бүрдүүлж байна.
...Бид Тогтвортой хүртээмжтэй уул уурхайг хөгжүүлж дундардаг баялгаа ундардаг баялаг болохын төлөө ажиллах ёстой.
Бид хариуцлагатай, ил тод уул уурхайг дэлхийн жишигт нийцүүлэн хөгжүүлэх, мөн гадаад дотоодын хөрөнгө оруулалгчдад харилцан ашигтай худалдаа, татварын таатай орчин бий болгох, байгаль орчны эрсдлийг бууруулах, дэвшилтэт техник технологийг нэвтрүүлэх, инноваци нэвтрүүлэх зэрэг олон тулгамдсан асуудлыг шийдвэрлэх шаардлагатай байна хэмээн” онцлон тэмдэглэлээ.
Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Монголын уул уурхайн үндэсний ассоциацитай хамтран зохион байгуулах арга хэмжээ хоёр дахь жилдээ зохион байгуулагдаж байна.
Уул уурхайн 7 хоног Монголын уул уурхайн үндэсний ассоциацийн Зөвлөлийн дарга Г.Батцэнгэлийн “Эрдэс баялгийн салбарын олон улс дахь өрсөлдөх чадвар” илтгэлээр үргэлжиллээ. Тэрбээр илтгэлдээ дэлхийн эдийн засгийн өсөлт, хүн амын өсөлт, хэрэгцээ, технологийн дэвшил зэрэг олон шалтгааны улмаас дэлхийн уул уурхайн зах зээл өргөжин тэлсээр байна. 1985-2021 оны хооронд буюу 36 жилийн хугацаанд уул уурхайн бүтээгдэхүүн үйлдвэрлэл 9,6 тэрбум тн-оос 17,9 тэрбум тн болж даруй 1,8 дахин нэмэгдсэн талаар илтгэлээ эхэлж Монгол Улсын нөөц ба үйлдвэрлэл зэрэг сэдвээр цааш өрнөсөн юм.
Илтгэлийн зарим сонирхолтой тоо баримтыг зургаар үзүүллээ.
Уул уурхайн 7 хоногийн Хөрөнгө оруулалтын орчин, хууль эрхзүйн шинэчлэл сэдвээр Монгол Улсын Шадар сайд бөгөөд Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар оролцлоо. Тэрбээр Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг цар тахлын өмнөх үетэй харьцуулахад уул уурхай, барилгын салбар өмнөх үедээ хүрээгүй байна. Бид хүргэхийн төлөө зорьж ажиллана.
Нүүрсний экспорт одоогийн байдлаар түүхэн дээд хэмжээндээ хүрлээ. Эхний 9 сарын байдлаар Монгол Улсын экспорт 11,1 тэрбум ам.долларын хэмжээнд хүрсэн. Үүнээс нүүрсний экспорт 47 сая тоннд хүрсэн энэ оны төгсгөлөөр 52 сая тоннд хүрэх төлөвтэй байна гэж хэллээ. Зэс 1,4 сая, төмрийн хүдэр 7 сая тоннд, газрын тос 5 сая баррель, алт 94 мян.тн-д хүрэх төлөвтэй байна” гэж мэдээллээ.
Дараа нь уул уурхайн гаралтай бүтээгдэхүүний тээвэр сэдвээр Зам, тээвэр хөгжлийн сайд С.Бямбацогт, Хариуцлагатай уул уурхай ба байгаль орчин сэдвээр Байгаль, орчин аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ нар илтгэл тавилаа.
“Mongolian Mining week 2023” арга хэмжээгээр Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Алсын хараа-2050” хөгжлийн баримт бичиг, “Шинэ сэргэлтийн бодлого”-д тусгагдсан салбарын бодлогын шинэчлэлийн ажлууд, хөрөнгө оруулалтын орчны шинэтгэлийн ажлын талаар өргөн хүрээнд хэлэлцэнэ. Олон талын оролцоотой, баялаг хөтөлбөртэй, гарах үр дүн тодорхой чуулган болно хэмээн Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар ирсэн зочид төлөөлөгчдөд баяр хүргэж нээлтийн үйл ажиллагааны өмнө хэлсэн үгэндээ дурдлаа.
Салбарын өрсөлдөх чадварыг тодорхойлох, дэлхий нийтийн чиг хандлага, зах зээлийн эрэлтэд нийцсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг хөгжүүлэх, төрөөс баримталж буй бодлого шийдвэрт иргэд, орон нийтийн оролцоог хангах, хамтарсан шийдлийг эрэлхийлэх, хөрөнгө оруулалтын таатай орчныг сэргээх, хууль, эрх зүйн шинэчлэлийг хурдасгах зэрэг асуудлаа нээлттэй хэлэлцсэн үр дүнтэй чуулган болох талаар зохион байгуулагчид онцоллоо.
Уул уухайн 7 хоног Шангри-Ла зочид буудлын Их танхимд тав хоног үргэлжилнэ.