Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

РИО ТИНТО ЮТА МУЖ ДАХЬ ЗЭСИЙН ҮЙЛДВЭРТ НАРНЫ ЦАХИЛГААН СТАНЦ БАРЬЖ БАЙНА

Рио Тинто (NYSE: RIO ASX: RIO) Юта мужийн Кеннекотт зэсийн үйлдвэрт 5 МВ хүчин чадалтай шинэ нарны цахилгаан станц барьж дууссан гэж зарлалаа.

12800 нарны хавтан бүхий цахилгаан станц ирэх долоо хоногт ашиглалтад орно гэж Рио мэдэгдэв. Уг станц нь Кеннекотт зэсийн үйлдвэрээс ялгардаг утааг жилд 3000 тонн нүүрстөрөгчийн давхар исэлтэй тэнцэх хэмжээгээр бууруулна. Уг нарны станцыг туршилтаар ажиллуулж, цаашид нарны эрчим хүчний үйлдвэрлэлийг улам өргөжүүлэхийг зорьж байгаа аж.

Өнгөрсөн 6-р сард Рио Тинто групп Хойд Америк дахь зэсийн үйлдвэрлэлээ нэмэгдүүлэх бодлогын хүрээнд Кеннекот уурхайд 920 сая ам.долларын хөрөнгө оруулахыг төлөвлөж байгаа гэж мэдээлсэн. Тус компани North Rim Skarn орд дээр далд уурхай болон дэд бүтэц байгуулахад 498 сая ам.долларын хөрөнгө оруулж, улмаар ирэх 10 жилийн хугацаанд нэмж 250,000 тонн зэс олборлож нийлүүлнэ.

30 акр талбай бүхий нарны станцын байршлыг байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөг харгалзан сонгосон гэж Рио хэллээ. Энэ байршил нь орон сууцны болон худалдааны бүсээс хол, бусад үйлдвэрүүдтэй хамт зэрэгцэн оршдог. Тогтвортой эрчим хүчний эх үүсвэр рүү шилжих нь Кеннекотт уурхайн нэн тэргүүний зорилт гэж Рио хэллээ. Тус уурхай нь 2019 онд нүүрсний цахилгаан станцаа хааж, сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр рүү шилжсэн. Үр дүнд нь тус уурхайн нүүрстөрөгчийн ул мөр 65%-иар буурч, нүүрстөрөгчийн давхар ислийн ялгаруулалт жилд 1 сая гаруй тонноор багассан.

“Бид АНУ-ын компаниудад нарны хавтан, салхин турбин, дамжуулагч үйлдвэрлэхэд шаардлагатай зэс, теллур нийлүүлдэг. Бид мөн цахилгаан автомашин, сэргээгдэх дизель түлш зэрэг зүйлүүдийг туршиж, бизнесээ нүүрстөрөгчөөс ангижруулах алхмуудыг хийж байна. Одоо бид өөрийн нарны станц байгууллаа." гэж Рио Тинто Кеннекотт компанийн гүйцэтгэх захирал Нэйт Фостер хэлжээ.