Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл

ТӨСЛӨӨС МОНГОЛ УЛСАД ЖИЛДЭЭ 95.5 САЯ АМ.ДОЛЛАРЫН ТАТВАРЫН ОРЛОГО ТӨВЛӨРҮҮЛЭХЭЭР ТООЦООЛЖЭЭ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн БНФУ-д хийж байгаа төрийн айлчлалын хүрээнд Монгол Улсын Засгийн газар болон "Орано майнинг” компанийн хооронд байгуулах хөрөнгө оруулалтын гэрээний төсөл боловсруулах ажлын хэсгийн хэлэлцээний Протоколд “Эрдэнэс Монгол” нэгдлийн Гүйцэтгэх захирал С.Наранцогт Монголын талыг төлөөлж гарын үсэг зурлаа.

Эдийн засаг, техник, технологийн аливаа  эрсдэлгүй хамтын ажиллагааны нөхцөлөөр талууд  зөвшилцөлд хүрч чадсаны дагуу энэхүү протоколд үндэслэн Хөрөнгө оруулалтын гэрээний төслийг боловсруулж, УИХ-д өргөн барих юм.

Төслөөс Монгол Улсад жилдээ 95.5 сая ам.доллар, нийтдээ 3.2 тэрбум ам.долларын татварын орлого төвлөрүүлэх бөгөөд АМНАТ-ын орлого жилд 47 сая ам.доллар, нийтдээ 1,550 сая ам.доллар болохоор тооцоолж байна. 

Уг хэлэлцээрээр Монгол Улсад хэрэгжиж буй татварын хууль, эрх зүйн орчноос давсан аливаа давуу хөнгөлөлт, дэмжлэг, таатай орчинг үзүүлэхгүй байна.

Франц улсын хувьд цөмийн эрчим хүчний 56 реактор ажиллаж, нэгийг нэмж барьж байна. Эрчим хүчнийхээ 68 хувийг уранаас гарган авдаг, Хятад, Солонгос, Өмнөд Африк, Иран улсууд Францад хөгжүүлсэн реакторын технологийг ашиглаж байгаа бөгөөд Францын хөрөнгө оруулалт, дэвшилтэт технологиор хамтран ашиглана.

 Тус төслийн хувьд бэлтгэлээ хангах, бүтээгдэхүүн үйлдвэрлэх, нөхөн сэргээх үндсэн гурван үе шатаас бүрдэх бөгөөд 47 жил үргэлжилнэ.  2024-2027 онд 3 жилийн туршид бэлтгэл ажлыг хангаж, 2028-2060 онд бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж эхэлнэ. Нөхөн сэргээх ажил нь 2061-2070 онуудын хооронд 9 жил жил үргэлжлэхээр төлөвлөжээ.

Энэ талаар Сангийн сайд Б.Жавхлан хэвлэлд өгсөн мэдээлэлдээ "Өмнөх мега төслүүдтэй харьцуулах юм бол тогтвортой эдийн засаг, нийгмийн чиглэлийн үр өгөөжөө өгөх сайн төслийн суурь тавигдлаа гэж харж байна. Байгалийн баялгаа ашиглуулсныхаа төлбөрүүдээ олон улсын жишигт байдаггүй, өндөр хэмжээнд авахаар хоёр талаасаа ойлголцсон нь маш чухал. Тухайлбал бид Оюутолгой компаниас бид АМНАТ таван хувь байдаг бол тогтвортой 10 хувь дээр нэмэх нь үнээс хамааралтай, өсөн нэмэгдэх АМНАТ авна. Одоогийн ураны үнэ 72 сая ам.доллар хүрсэн бөгөөд энэ ханшаар тооцвол 13 хувийн АМНАТ авах боломж бүрдэнэ.

Төсөл амжилттай хэрэгжих, алдагдалтай байхаас үл хамаарч олборлолт эхэлсэн л бол АМНАТ шууд тогтвортой авах, аж ахуйн нэгжийн орлогын татварыг одоогийн хууль эрх зүйн зохицуулалтаар авна, давуу эрхийн 10 хувийн хувьцааг нэмж эзэмшихийг хоёр талаас ойлголцлоо. Давуу эрхийн хувьцаа гэдэг нь АМНАТ-тай дүйцэхүйц хэмжээний жил бүр урьдчилж тохирсон тогтмол ногдол ашиг аваад явна. Ямар нэг хувьцааны дагуу зээлээр хөрөнгө оруулалт хийх, нэмэлт хөрөнгө оруулалт хийх зэрэг санхүүгийн хариуцлага хүлээхгүй" хэмээн хэллээ.