Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Бодлого

АМНАТ-ЫН ТӨЛБӨРИЙГ ӨСӨН НЭМЭГДЭХ БАЙДЛААР АВАХААР ОРАНО КОМПАНИТАЙ ТОХИРЛОО

Монгол Улсын Засгийн газар болон "Орано майнинг” компанийн хооронд байгуулах хөрөнгө оруулалтын гэрээний төсөл боловсруулах ажлын хэсгийн хэлэлцээний протоколд талууд гарын үсэг зурсан юм. Орано компани Монголд олон жил ажиллаж, Дорноговь аймгийн Зөөвч-Овоо уурхайгаас ураны шар нунтаг байгааг олж илрүүлсэн. Уг уурхайгаас ураны шар нунтгийг гаргахын тулд нэмэлт 1.2 ам.долларын хөрөнгө оруулалт хийх гэрээний тухай ярьж байгаа юм. Гэрээ эцэслэн шийдэгдээгүй. Харин хэлэлцээрийн явцад гэрээнд тусгах ерөнхий нөхцөлүүд дээр ойлголцсон зүйлүүдээ Ерөнхийлөгчийн айлчлалын үеэр баталгаажууллаа.

Төслөөс Монгол Улсад жилдээ 95.5 сая ам.доллар, нийтдээ 3.2 тэрбум ам.долларын татварын орлого төвлөрүүлэхээр тооцоолжээ.

Тус төслийн хувьд бэлтгэлээ хангах, бүтээгдэхүүн үйлдвэрлэх, нөхөн сэргээх үндсэн гурван үе шатаас бүрдэх бөгөөд 47 жил үргэлжилнэ. 2024-2027 онд 3 жилийн туршид бэлтгэл ажлыг хангаж, 2028-2060 онд бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж эхэлнэ. Нөхөн сэргээх ажил нь 2061-2070 онуудын хооронд 9 жил жил үргэлжлэхээр төлөвлөсөн байна.

Протоколд Францын талаас гарын үсэг зурсан "Орано майнинг" группийн ТУЗ-ийн дарга Клод Имовэн хэвлэлд дараах мэдээллийг өгчээ. "Хэлэлцээний протоколд гарын үсэг зурсан нь маш чухал үйл явдал юм. Одоо бидний дараагийн алхам бол энэхүү гэрээг хэрэгжүүлэхэд чиглэнэ. Францын тал үүнд бэлэн байна. Санал зөрөлдөөн багагүй байсан. Гэхдээ бид тохиролцож чадлаа. Монгол Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал үүнд чухал нөлөө үзүүлсэнд би маш их баяртай байна" гэсэн юм.

Протоколд Монголын талаас "Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Наранцогт гарын үсэг зурсан бөгөөд мөн хэвлэлд энэ талаар мэдээлсэн.  "Франц Улсын Ерөнхийлөгч Эммануэл Макрон Монгол Улсад айлчлах үеэр манай улсын Ерөнхийлөгчийг тус улсад айлчлах үеэр хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурах тухай яригдсан. Ерөнхийлөгчийн айлчлалын үеэр хөрөнгө оруулалтын гэрээнд тусгах ерөнхий нөхцөлүүд дээр ойлголцсон зүйлүүдээ баталгаажуулж, протоколд гарын үсэг зурлаа. Монгол, Францын талаас нарийн заалтуудыг хөрөнгө оруулалтын гэрээнд тусгаж, Засгийн газраар хэлэлцэх ёстой. Үүний дараа эдгээрийг УИХ-д өргөн барьж, эцсийн шийдвэрийг гаргах юм. Сая батлагдсан протоколд тусгагдсан үндсэн нөхцөлүүдийг УИХ, намын бүлгүүдэд танилцуулаад зөвшөөрөл аваад ирсэн. Өөрөөр хэлбэл протоколд тусгасан үндсэн нөхцөлүүдийг хөрөнгө оруулалтын гэрээний төсөлд оруулахыг зөвшөөрсөн. Энэ нь хөрөнгө оруулалтын гэрээг эцэслэн баталсан гэсэн үг биш. Хөрөнгө оруулалтын гэрээнд тусгах үндсэн нөхцөлүүдээ хоёр улсын тал ойлголцсон юм. Өмнөх гэрээнд буюу  34%-ийг эзэмшиж байгаа боловч их өрөнд орсон, ноогдол ашгаа хэзээ авах нь тодорхойгүй, зардал өсөж байгаа учир нэлээдгүй хойшилсон, АМНАТ-ын төлбөр тогтмол 5%-аар төлдөг ч 2.2 тэрбум ам.долларын борлуулалт хийж байгаа төслөөс 100 сая ам.долларын АМНАТ-ын төлбөр авдаг гэх шүүмжлэл их гарч байгаа. Уг алдааг хөрөнгө оруулалтын хоёр дахь төсөлд давтахгүй гэж үзсэн учир өсөн нэмэгдэх АМНАТ-ын төлбөрийг авахаар Орано компанитай тохирч байна. Өөрөөр хэлбэл АМНАТ 10%-аас эхэлж буй.

Үйл ажиллагаа зардал мөнгөний асуудалд оролцохгүй, ашигтай ашиггүйгээс үл хамааран жил бүр ногдол ашгаа хүртэх нөхцөлөөр гэрээний төсөл хийгдэж байна.  Оюутолгой төсөлтэй харьцуулахад Орано компанитай хийх гэрээний төсөл бага, жилдээ 400 сая орчим ам.долларын борлуулалттай. Оюутолгой компани жилд 2.2 тэрбум ам.долларын борлуулалттай байдаг. Жилдээ 50 сая орчим долларыг зөвхөн АМНАТ-д төлөгдөнө.  Одоогийн мөрдөгдөж буй татвараас энэ төсөлд илүү хөнгөлөлт, чөлөөлөлт эдлүүлэхгүй байх нөхцөл тохирч байгаа юм гэв. 

Ажлын хэсгийн ахлагч, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан:

Монгол Улсад 26 жилийн турш хайгуулын үйл ажиллагаа явуулсан Францын төрийн өмчит  "Орано" групптэй Монгол Улсын төрийн өмчит “Эрдэнэс Монгол” нэгдэл ажлын хэсгийн протоколд өнөөдөр гарын үсэг зурлаа. Францын Ерөнхийлөгч Э.Макроны Монгол Улсад хийсэн төрийн айлчлалын хүрээнд  ураны салбарт хамтран ажиллах санал санаачлагыг хоёр тал гаргасан байдаг. Энэ цагаас хойш буюу сүүлийн зургаан сарын хугацаанд энэхүү хэлэлцээр өрнөсөн. Хэлэлцээрийн гол зорилго нь гуравдагч хөршийн хөрөнгө оруулалтыг хэрхэн татах вэ, тогтвортой ажиллах нөхцлийг хэрхэн бүрдүүлэх вэ гэдэгт оршино. Энэ чиглэлд ч төвлөрч ярилцсан.

Монгол Улсын хувьд гуравдагч хөршийн томоохон хөрөнгө оруулалтыг Оюутолгой гэж хардаг. Оюутолгойн ордын 34 хувийг бид эзэмших байдлаар хамтын ажиллагааг эхлүүлсэн. 34 хувийг эзэмшсэнээрээ Монголын тал хөрөнгө оруулалт оруулах, хамтарсан хариуцлага хүлээх нөхцлүүд бий болж мөн төсөв санхүү, ашиг хүртэх байдал дутагдалтай байдаг гэх шүүмжлэл бий. Харин энэ удаагийн хэлэлцээрийн гол утга учир нь аливаа төрлөөр хөрөнгө оруулах үүргийг бид хүлээхгүй. Бодит ашгийг илүү бодитой хүртэх нөхцлийг хангах үүднээс ажлын хэсэг ажилласан. Үүнийг тохиролцсон хэмжээндээ протколдож Засгийн газраас дамжуулан УИХ-д өргөн барих нөхцлөө хангаж байгаа юм. Энэ төслийн үнэ цэнийг өнөөдрийн өртөгөөр тооцоход 12 тэрбум долларынх.

Энэ төслөөс Монгол Улс 30 жилийн хугацаанд нийт дүнгээрээ 3.2 орчим тэрбум ам.долларын орлогыг татвар, АМНАТ, ногдол ашиг хэлбэрээр хүртэхээр байгаа нь өндөр ач холбогдолтой. Франц Улс ТЭЗҮ-г боловсруулсан. Үүнээс 4.5 хувийн цэвэр ашигтай байна гэсэн тооцоолол бий. Энэ үнийн дүнгээс 1.6 орчим тэрбум ам.долларыг Монгол Улс АМНАТ хэлбэрээр авч буй нь нийт төслийн ашгийн 25 орчим хувийг баталгаатай авах нь гэж ойлгож болно. Төсөл ашиглалтад орох хугацаа гурван жилээр хэмжигдэж байгаа. Ашиглалтад орсон жилээс эхлээд жил бүр татвар болон АМНАТ хэлбэрээр 100 орчим сая долларыг тогтмол авах нөхцөл бүрдэж байгаа.

Францтай ураны салбарт хамтран ажиллах яриа хэлэлцээ амар нөхцөлд болоогүй. Бизнес гэдэг утгаараа үр өгөөж нь харилцан ямар байх вэ гэдэгт ихээхэн анхаарсан. Монгол Улсын Засгийн газраас байгуулагдсан ажлын Үндсэн хуулийн 6.2 дэхь заалтаа өгөөжийн 50+1 хувь нь Монголын талд байх ёстой гэсэн зарчмыг баримтлан ажилласан. Францын тал Монгол Улсын Үндсэн хуульд хүндэтгэлтэй хандаж бидний тавьсан саналд тодорхой хэмжээнд буулт хийсэн. Өнөөдрийн байдлаар дэлхийн зах зээлд нэг кг уран 147 доллар байна. Энэ цаг үед бид АМНАТ-ыг 12 хувь тооцож авахаар тохиролцсон. Ойрын жилүүдэд ураны үнэ огцом өснө гэсэн төсөөлөл бий. Тэгэхээр үнийн өсөлт Монголд бодитой орж байна.

Гагцхүү бид энэхүү төслийг хэрэгжүүлэх, тогтвортой байдлаар ажиллахад нь анхаарлаа хандуулж ажиллах ёстой. Уран гэхээр манай ард түмэн хоёрдмол ойлголтыг авдаг. Аюултай, хортой гэдэг ойлголттой. Орчин үеийн дэвшилтэд технологиуд энэ салбарт нэвтэрснээрээ аюул, эрсдэл эрс багассан. Францын Засгийн газар нь шинэ технологиор уран олборлож чаддаг. Ураны салбарт хамтран ажиллах саналыг ганц Франц бус ОХУ, БНХАУ ярьж байна. Гэхдээ бодитой эрэл хайгуулж хийж ирсэн Франц Улстай хамтран ажиллахыг илүү зүйтэй гэж үзсэн байгаа. Ураны салбар эргэлтэд орсноороо цаашид цөмийн эрчим хүчний эх үүсвэрийг бий болгох үндсэн дээр хамтын ажиллагааны яриа хэлэлцээр хийгдэж буй талаар Ерөнхийлөгч нарын хэлэлцээрт дурдагдсан. Ойрын 10-15 жилийн хугацаанд цөмийн эрчим хүчийг бодитоор бий болгох боломж байгаа. Франц Улстай энэ том хэмжээний яриа хэлэлцээг хийсний үр дүнд  эрчим хүч, хөдөө аж, ахуй, эрүүл мэндийн салбарт бодитой хамтын ажиллагааг эхлүүлэх боломж нээгдэж байна хэмээн хэлсэн.

Төслийн хугацаанд манай улсаас гарч байгаа шар нунтаг хэмээн нэрлэж буй бүтээгдэхүүний үнэ буурч байгаад өсөж эхэллээ. Нэг фунт нь 71 ам.долларын үнэтэй байна. Үүнээс цааш үнэ нэмэгдвэл АМНАТ-ыг өссөн үнээр төлнө. Анх үнэ бага байсан учир төслийн ТЭЗҮ 52 ам.доллароор хийгдсэн. Хугарлын цэг нь 45 ам.доллар. Хэрэв 45 доллар болчихвол энэ төсөл ашиг олохгүй, үүнээс доош орвол алдагдалтай ажиллах учир 52 доллароор ТЭЗҮ хийгдсэн юм. Энэ ТЭЗҮ-гээр 8.7 тэрбум ам.долларын борлуулалт хийхэд 2.7 тэрбум ам.долларын татвар төлнө.

Худалдан авалт, ханган нийлүүлэлтийн бүх гүйлгээ Монгол Улсын банкаар хийгдэнэ. Тодруулбал Орано компани Хөрөнгийн биржэд бүртгэлтэй учир харилцах банканд тавигддаг шаардлага бий. Бүтээгдэхүүн борлуулсан бүх орлогоо Монголын банкаар дамжуулах шаардлага тавьсан боловч Хөрөнгийн биржээс тавигддаг зэрэглэл нь манай банкуудад дутуу тул борлуулалтын орлогын 50-аас доошгүй хувийг Монголын банкаар дамжуулна гэдэг нь валютын нөөц зэрэгт тустай. Протоколд эдгээр нөхцөлийг тусгасан байгаа. Хөрөнгө оруулалтын гэрээ, нарийвчилсан ТЭЗҮ-гээ дахин батлуулна. Бүтээн байгуулалт эхлэхээр 2027 оноос үйлдвэрлэлээ эхлүүлэх юм байна.