УИХ-аас баталсан Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хууль энэ оны 6 дугаар сарын 30-ны өдрөөс хүчин төгөлдөр болсон. Үүнтэй холбогдуулан, Санхүүгийн зохицуулах хороо холбогдох журмуудыг боловсруулан, мөрдүүлж байгаа юм. Журам батлагдсанаар өнөөдрийн байдлаар хоёр компани Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжааны зуучлагч (брокер)-ийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авчээ.
Ийм зөвшөөрөл авахыг хүссэн аж ахуйн нэгж, сонирхогчдод зориулж, Санхүүгийн зохицуулах хороо, “Монголын хөрөнгийн бирж” ХК хамтран, сургалт зохион байгуулав. Уг сургалтаар Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн зохицуулалтын талаарх ерөнхий ойлголт, брокерын тусгай зөвшөөрөл олгох нөхцөл, шаардлага, хүсэлт гаргахад анхаарах зүйлс, арилжаанд оролцох үйл явц, систем зэргийг танилцууллаа.