Монголбанк “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2024 онд баримтлах үндсэн чиглэл”-ийн төсөл боловсруулан, УИХ-д өргөн бариад байгаа. Уг төслийг Төв банк өнөөдөр бизнес эрхлэгчдэд нээлттэй танилцууллаа. Хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн Ч.Ундрам, Монгол дахь АНУ-ын Худалдааны танхимын захирал О.Адъяа, Монголбанкны дэд ерөнхийлөгч Г.Энхтайван нар оролцов.
Энэ жилээс УИХ жил бүрийн Монгол Улсын хөгжлийн төлөвлөгөөг батлахдаа холбогдох байгууллагуудаас санал авч нэгтгэдэг болсон. Үүнтэй холбоотойгоор Монголбанк “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2024 онд баримтлах үндсэн чиглэл”-ийн төслийг хуульд заасан үндсэн зорилт, чиг үүргийнхээ хүрээнд тодорхойлж боловсруулаад байгаа юм.
Инфляцыг тогтворжуулах замаар эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах суурь нөхцөл бий болгоход дэмжлэг үзүүлэхийг 2024 оны Төрийн мөнгөний бодлого чиглэж байна. Энэ хүрээнд Монголбанк инфляцыг онилох мөнгөний бодлогыг хэрэгжүүлэх суурь дэд бүтцийг дараагийн шатанд гаргах замаар дунд хугацааны инфляцыг 6+/-2 нэгж хувийн интервалд тогтворжуулахаар тусгалаа. Мөн инфляцын хүлээлтийг аргамжих, олон нийтийн Төв банканд итгэх итгэлийг нэмэгдүүлэх зорилгоор инфляцыг онилох мөнгөний бодлоготой нийцтэйгээр Төв банкны олон нийттэй харилцах харилцааг хөгжүүлэх зорилт тусгаад байна. Түүнчлэн гадаадын банкны бие даасан салбар, нэгжийг дотоодын санхүүгийн салбарт оруулахад дэмжлэг үзүүлэх, банкны салбарын ногоон зээлийн үр дүнг хэмжих, тайлагнах, баталгаажуулах, их өгөгдөлд суурилсан нэгдсэн систем хөгжүүлэхээр тусгажээ.
Инфляцын зорилтыг хангахад эдийн засгийн суурь хүчин зүйлс, Төв банкны хараат бус, бие даасан байдал, төсвийн сахилга бат, нийлүүлэлтийн шалтгаантай үнийн хэлбэлзлийг багасгах дэд бүтэц, ложистикийн нөхцөл байдал ихээхэн нөлөөлнө. Иймд Монголбанк энэ чиглэлээр төрийн холбогдох байгууллагуудтай нягт хамтран ажиллахаар зорьж буй аж.
Хэлэлцүүлэгт оролцогчид төсөв, мөнгөний бодлогыг уялдуулах, төсвийн хэт их тэлэлтийн үед өөр бусад сул чөлөөтэй эх үүсвэрийг ашиглах замаар бодлогын хүүг бууруулах боломж эрэлхийлэх, валютын нөөцийг нэмэгдүүлэх замаар ханшийн тогтвортой байдалд анхаарахыг санал болголоо.