“Оюутолгой” компанийн Байгаль орчны үйл ажиллагаа эхэлсний 20 жилийн ойн хүрээнд “Уул уурхайн салбарын байгаль орны ололт амжилт, алсын хараа” сэдэвт хурал өнөөдөр боллоо.
Уул уурхайн салбарын байгаль орчны хууль эрх зүйн ололт амжилт, ирээдүй сэдвээр эхэлсэн уг арга хэмжээг “Оюутолгой” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Г.Батсүх нээж үг хэллээ.
"Бид зөвхөн уул уурхайн компани гэхээсээ илүүтэй байгаль орчин, хүрээлэн буй орчин, биологийн олон янз байдлыг хамгаалах хадгалахад анхаарал тавьдаг.
Хорин жил “Оюутолгой” байгаль орчны салбарт төр, засгийн байгууллага, орон нутгийнхантай хамтран ажиллаж байна. Өнөөдөр та бүхэнтэйгээ уулзаж, цаашид ажиллах төлөвлөгөөндөө эрдэмтэн мэргэд, оролцогчдын санал бодлыг тусгаж ажиллаж байгаадаа баяртай байна. Өнгөрсөн жил Монтрейл хотноо болсон НҮБ-ын “Биологийн олон янз байдлыг хадгалах тухай” олон улсын бага хурлын индэр дээрээс НҮБ-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерриш хэлсэн үгэндээ “Эдүгээ хүн төрөлхтөн хүрээлэн байгаа орчин, жигүүртэн болоод зэрлэг амьтдын ертөнц, далай тэнгистэйгээ эвлэрч энхтайван орших шаардлагатай болж байна. Хүн төрөлхтөн хүрээлэн байгаа орчинтойгоо дайсагнаснаас хожсон юм алга” гэж хэлсэн. Энэ бол Монтрейлын хурлын индэр дээрээс хэлсэн үг боловч Монголын байгаль орчинд тулгамдаж байгаа асуудлыг ярьсан гэж зориуд цохон тэмдэглэж байгаа юм.
“Оюутолгой” өнөөдөр гүний уурхай, ил уурхай ашиглалтад орж үйл ажиллагаа нь жигдэрч байна. Улс орны эдийн засагт оруулж буй хувь нэмэр улам бүр нэмэгдэнэ. Өнөөдөр “Оюутолгой” Монгол Улсын томоохон экспортлогчийн нэг болсон. Уул уурхайн салбар Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний дөрөвний нэг, экспортын 94 хувийг бүрдүүлдгийг та бүхэн мэднэ. Үүнийг яагаад цохон тэмдэглэж байгаа вэ гэвэл “Яавал уул уурхай, байгаль орчин хоёр хоорондоо эвсэж энхтайвнаар оршиж, нэг нэгэндээ ээлтэй байх вэ гэдэг стартегийн бодлогыг боловсруулах ёстой. Өнөөдрийн оюутолгойчуудын тавьж буй бодлого, төр, засгийн хэрэгжүүлж байгаа стратеги төлөвлөлттэй уялдаж байгааг цохон тэмдэглэе” гээд энэ чиглэлд хамтран ажиллаж ирсэн төр, засгийн байгууллагууд, энд хүрэлцэн ирсэн эрдэмтэн мэргэддээ талархал илэрхийлье" гэлээ.
Зөвлөгөөнд Байгаль орчин аялал жуулчлалын яам, Уул уурхай хүнд үйлдвэрийн яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газар, Ойн газар, Ашигт малтмал, газрын тосны газар, шинжлэх ухааны байгууллагууд, уул уурхайн компаниуд, иргэний нийгмийн байгууллагууд, байгаль орчны чиглэлээр мэргэжлийн үйлчилгээ үзүүлдэг 50 орчим аж ахуйн нэгж, тэдгээрийн төлөөлөл хурлын ажиллагаанд оролцлоо.
Байгаль орчны дэд сайд М.Ганбаатар: Монгол Улсын алсын хараа 2050, Монгол Улсын Засгийн газрын 2000-2024 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр зэрэг урт болон дунд хугацааны бодлогын баримт бичигт хариуцлагагүй уул уурхайн нөлөөгөөр маш их бохирдсон доройтсон, эвдэрсэн газрыг нөхөн сэргээх хамгаалах ажлыг хэвшүүлэх, ойжуулах, ойг нөхөн сэргээх хамгаалах замаар 2030 онд ойгоор бүрхэгдсэн талбайн хэмжээг 9 хувьд хүргэх, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, нэн хүчтэй, хүчтэй доройтсон газар нутгийн хэмжээг нэмэгдүүлэхгүй хязгаарлах, усны нөөцийн хомсдлоос сэргийлэх зэрэгт онцгой анхаарч ажиллахаар тусгасан. Энэхүү зорилтуудыг хэрэгжүүлэх хүрээнд уул уурхай эрхэлдэг томоохон компани “Оюутолгой”-той хамтран биологийн олон янз байдлыг дүйцүүлэн хамгаалах зорилгоор Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Ялбагийн голын 400 га газарт техникийн нөхөн сэргээлт хийж хүлээлгэн өгсөн. Хариуцлагатай уул уурхайг хөгжүүлж, байгаль орчны салбарыг олон улсын жишигт хүргэх чиглэлээр хамтран ажиллахад таатай байна” гэв.
Байгаль орчны ололт амжилт, алсын хараа сэдэвт хурал уул уурхайн салбарын байгаль орчин-шинжлэх ухаан технологи сэдвээр үргэлжиллээ.
Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Монгол Улсын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газар, Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газар, “Оюутолгой” ХХК Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутагт хариуцлагагүй уул уурхайн нөлөөллийн улмаас эвдэрсэн 187 га газрыг нөхөн сэргээх харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурах үйл явдал өнөөдрийн хурлын онцлох зүйл нь байлаа.
Дархан-Уул аймагт нөхөн сэргээлт хийхээр төлөвлөж байгаа талбайнуудын хувьд Хонгор сумын II багийн нутагт хэд хэдэн салангид байрлалтай байгаа бөгөөд Ихноёны амны 53,56 га, Баганоёны амны Адуун хашаат хэмээх газар 7,41 га, Бурамтын амны 17,78 га, Цэхэрийн амны 43,96 га болон Шарын гол сумын Санжид багийн Цагаан хөтөл орчмын 59,16 га газрууд эвдэрсэн байна.
Шарын гол, Хонгор суманд хариуцлагагүй уул уурхайн улмаас хаягдсан газарт “Оюутолгой” ХХК техникийн нөхөн сэргээлт хийхээр төлөвлөжээ. Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ, “Оюутолгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Дэйрдрэ Лингенфэлдер Ойн газрын дарга Б.Оюунсанаа, Дархан-Уул аймгийн Байгаль орчны газрын дарга Г.Батбаяр, нар санамж бичигт гарын үсэг зурлаа.
Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ:
Байгаль орчны үйл ажиллагаа эхэлсний 20 жилийн ойгоо мэргэжилтэн, судлаачдаа суулгаад цаашдаа бид яах вэ гэдгээ ярилцаж байгаа нь сайхан байна. Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Ялбаг голын хөндий ямар болсон байсныг өнөөдөр хэрхэн сэргээснийг та бүхэн мэдэж байгаа. Хариуцлагатай, хариуцлагагүй уул уурхайн ялгааг харж болно. "Оюутолгой", "Эрдэнэт", "Эрдэнэс таван толгой" бусад томоохон уул уурхайн компаниуд хариуцлагатай уул уурхай гэдгийг ойлгуулснаар уул уурхайн хөгжил өөр түвшинд гарсан гэдгийг харуулж байна.
Өдгөө бидэнд маш олон тулгамдсан асуудал байна. Тэр дундаа орон нутгийнханд хамгийн их хор нөлөөтэй уршиг ч байна. Тиймээс цаашдаа хохирдог биш хождог уул уурхайг хөгжүүлэхэд Монгол Улсын Засгийн газар анхаарч бодлогын олон баримт бичигтээ өөрчлөлт оруулж байна.
Өнөөдөр устай холбоотой мэдээлэл байхгүйгээс усны мэдлэггүйгээс болж уул уурхайн хувьд сөрөг сэтгэгдлийг хэлдэг. Тэгэхээр энэ мэдээллүүдийг сайн түгээдэг болмоор байна. Зөв ойлголтыг өгдөг болмоор байна, усны зөв ашиглалтын тогтолцоог бүрдүүлэх шаардлагатай байна. Энэ бүхний түүчээ бол "Оюутолгой" болж ажиллаж байгаа гэдгийг хэлэхийг хүсч байна" гэсэн юм.
Өнгөрөгч онд Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Сэлэнгэ аймгийн Засаг дарга, “Оюу толгой” компанийн Гүйцэтгэх захирлын 2022 онд байгуулсан хамтын ажиллагааны гэрээний хүрээнд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Ялбагийн хөндий дэх бичил уул уурхайн улмаас эвдрэлд орсон 400 га талбайд техникийн нөхөн сэргээлтийг хийн, орон нутагт хүлээлгэн өгсөн.
Тус компани нөхөн сэргээлт хийхдээ байгалийн ургамлыг ашиглахаа урьтал болгодог бөгөөд уурхайн олборлолт эхлэхээс өмнө тухайн сонгосон талбайд судалгаа, шинжилгээ хийж хөрс хуулалтыг мэргэжлийн түвшинд гүйцэтгэдэг бөгөөд хуулсан хөрсөө овоолго үүсгэн байнга хяналт тавьж нөхөн сэргээлтдээ ашигладаг байна. Одоогийн байдлаар арав орчим говьд ургадаг байгалийн ургамлыг нутагшуулан, тарьж ургуулж байгаа аж.
Энэ үер байгаль орчны нөлөөллийг аль болох бага түвшинд барих, усны менежеметийг сайжруулах, хүлэмжийн хий бууруулах, агаарын чанар зэрэг асуудлаар хэлэлцүүлэг болсноор өнөөдрийн арга хэмжээ өндөрлөлөө.