Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Уул уурхай

Б.ТУЛГА: ХИЛИЙН БООМТУУДЫН НЭВТРҮҮЛЭХ ХҮЧИН ЧАДЛЫГ ГУРАВ ДАХИН НЭМЭГДҮҮЛНЭ

Засгийн газраас дэвшүүлсэн Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд хэрэгжүүлж буй зургаан зорилтын нэгдүгээрт Боомтын сэргэлтийн бодлого эрэмбэлэгдсэн. Юуны түрүүнд боомтуудыг хөгжүүлэх,  эдийн засгийг сууриар нь тэлэх зорилттой. Монгол Улсын хилийн боомтуудыг хөгжүүлэх зураглал хийгээд боомтуудаа хөгжүүлснээр эдийн засагт ямар үр өгөөж авчрах талаар Боомтын сэргэлтийн үндэсний хорооны дарга бөгөөд Монгол Улсын сайд Б.Тулгатай ярилцлаа.

А.Халиун

Хамгийн бага төсөвтэй атал улсын эдийн засгийг сууриар нь тэлэхэд гол нөлөө үзүүлэх хүлээлт өндөртэй ч яамгүй сайдын албан тушаалд Таныг томилсон. Ажил аваад багагүй хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд Та ямар ажил амжуулав?

Засгийн газраас дэвшүүлсэн Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд эдийн засгийн хүчин чадлыг 3-4  дахин тэлэх зорилт тавьсан. Юуны түрүүнд хилийн боомт дахь ачаа тээврийн урсгалыг нэмэгдүүлэх, экспорт, импортын гарцыг тэлж, эдийн засгийн өсөлтийг дэмжих зорилгоор боомтуудын нэвтрүүлэх хүчин чадлыг гурав дахин нэмэгдүүлэхээр төлөвлөн ажиллаж байна. Энэ  зорилт төлөвлөснөөс хурдтай явж байна. Эдийн засгаа тэлэхийн тулд боомтын тоог аль болох  нэмэгдүүлэх, хуучин боомтуудын нэвтрүүлэх хүчин чадлыг сайжруулах, юуны түрүүнд боомтын дэд бүтцийн бүтээн байгуулалт, төмөр замын  холболтыг эрчимжүүлэх шаардлага тулгарч байна. Боомтын сэргэлтийн бодлогын хүрээнд боомт нь хоёр улсын худалдааг нэмэгдүүлэх, бүс нутгийн хөгжлийг түргэтгэх, өргөн утгаараа улс орны эдийн засгийн гол хөшүүрэг, ашгийн төлөөх институц байх ёстой. Тиймээс юуны түрүүнд хилийн боомтуудыг авто болон төмөр замаар холбох ажлыг эрчимжүүлэх зорилт тавьсан. Боомтын менежментийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр гүйцэтгэх, хувийн хэвшлийнхний оролцоог нэмэгдүүлэх стратеги руу шилжүүлэхээр төлөвлөж байна.
Үүний тулд холбогдох хэд хэдэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай тул УИХ-ын  намрын чуулган болон ирэх оны хаврын чуулганаар хэлэлцүүлэн батлуулахаар зорьж байна.  Монгол Улсад боомтын менежментийг хувийн хэвшил авч явж ирсэн туршлага бий. Хөшигийн хөндий дэх “Чингис хаан” нисэх онгоцны буудлыг Японы хувийн аж ахуйн нэгжийн хөрөнгө оруулалтаар барьж, менежментийг 15-20 жилийн хугацаанд гүйцэтгүүлэхээр гэрээнд тусгасан.

Боомтуудыг хөгжүүлэх тал дээр бодлогын нэлээд алдаа гарсан. Жишээ нь төмөр замын цариг зөрсөн асуудал өнөө хүртэл тодорхой шийдэлд хүрэлгүй яригдсаар байна. Энэ асуудал ойрын хугацаанд хэрхэн шийдэгдэх бол?

Цариг зөрсөн Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замыг яаралтай холбохоор хоёр тал харилцан ярилцсаны дүнд тохиролцоонд хүрсэн. УИХ болон Засгийн газрын тогтоол шийдвэр ч гарсан. /УИХ-ын тогтоол. 2023.7.7/ Ирэх оны эхээр ашиглалтад орвол Тавантолгой, Гашуунсухайтын бүлэг  ордоос зөвхөн автомашинаар бус төмөр замаар 20 сая тонн бараа бүтээгдэхүүн тээвэрлэх боломж бүрдэх юм. Манай улс Алтанбулагаас Замын-Үүдийг холбосон 1000 км урттай, 70-80 жил  ашигласан төмөр замтай. Үүн дээр уул уурхайн зориулалтаар Ханги-Мандал, Гашуунсухайт боомт руу хөндлөн төмөр зам байгуулсан. Дээрх төмөр замыг ашиглалтад оруулахын тулд Монгол Улсын Засгийн газар Хятадын талтай төмөр замуудын холболтын ажлыг түргэтгэх 1+3+1 гэсэн хувилбар дэвшүүлэн ажиллаж байна.

1 гэдэг нь өмнөх 1000 км төмөр замаа хос болгох зорилт юм. Энэ хүрээнд Богд уулын урдуур Төв аймгийн нутгаар дайран өнгөрөх төмөр зам тавих талаар олонтаа яригддаг.  Энэхүү бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэхээр ОХУ болон бусад хөрөнгө оруулагчдад танилцуулан, яриа хэлэлцээрийн түвшинд явж байна.

3+1 гэдэг нь 1955 оны Монгол-Хятадын хилийн төмөр замын хэлэлцээрт тусгагдсан гурван улсын төмөр замыг холбох ажлыг 2010 оноос хойш хийсэн ч одоо хэр холбож чадаагүй байна. Тодруулбал, Хятадын талтай тохирч чадаагүйгээс Гашуунсухайт-Ганцмодны төмөр замын царигийг зөрүүлж хийсэн. Одоо асар өндөр зардлаар энэхүү хоёр төмөр замыг холбох болоод байна. Засгийн газар тээвэр, ложистикийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэхэд анхаарч, боомтын хил дамнасан төмөр замуудыг холбох ажлыг эрчимжүүлэхийг чухалчилж байна. Хятадын талтай хамтарсан Ажлын хэсэг байгуулж, бүтээн байгуулалтын ажлуудыг урагшлуулах талаар ажиллаж байна.

Шивээхүрэн-Сэхэ чиглэлийн төмөр замын холболтын асуудлыг нааштай шийдвэрлэх тал дээр Хятадын талтай дипломат шугамаар, яриа хэлэлцээрийн түвшинд тохиролцсон. Энэхүү ажлыг шат ахиулах, урагшлуулах тал дээр ажиллаж байна. Бичигт-Зүүнхатавч боомтын төмөр замын бэлтгэл ажил бүрэн хангагдсан. Эхний ээлжинд төмөр зам холболтын ажлыг яаралтай шийдвэрлэх талаар Хятадын талд дипломат шугамаар санал тавьсан. Бичигт боомтыг хойшоо Эрээн-цаваар дайруулан ОХУ-ын Соловьевскийн төмөр замтай холбох бүтээн байгуулалтын ажлыг мөн  эхлүүлээд байна.

Зүүнбаянгаас Ханги-Мандал чиглэлийн 226.9 км урттай төмөр замыг хувийн компани найман  сарын хугацаанд барьж, 2022 оны 11 дүгээр сард ашиглалтад оруулсан. Гэвч Хятадын талаас өмнө нь тавьсан гурван төмөр замаа холбосны дараа Ханги-Мандалын төмөр замыг холбох нөхцөл  тавьсан. Тиймээс өмнөх замуудаа холбох ажлыг урагшлуулах, ялангуяа Гашуунсухайт-Ганцмод  боомтын төмөр замыг холбох асуудлыг энэ жилдээ шийдэж, ирэх жил бүтээн байгуулалтын ажлыг гүйцэтгэхээр төлөвлөж байна.

ҮНДЭСНИЙ ТӨМӨР ЗАМЫН СҮЛЖЭЭГ ХОЁР ДАХИН НЭМЭГДҮҮЛНЭ

Хэдийгээр дэд бүтэц, бүтээн байгуулалтын ажлыг гүйцэтгэсэн ч урд хөршийн төмөр замтай холбогдоогүй Ханги хүртэлх төмөр замыг одоо хэрхэн ашиглаж байна вэ?

Олборлолт хийсэн компаниуд нүүрсээ хил хүртэл төмөр замаар зөөж ирээд чингэлэгтэй машинаар урд хөрш рүү гаргаж байна. Чингэлэгтэй ачааг вагоноос автомашинд, вагоноос вагонд шилжүүлэн ачих, хадгалах, гаалийн бүрдүүлэлт, төлбөр тооцоо хийх зэрэг үйлчилгээ бүхий 24 цагийн  тасралтгүй үйл ажиллагаатай Гашуунсухайт шилжүүлэн ачих терминалын барилга угсралтын ажил 76 орчим хувийн гүйцэтгэлтэй байна. Шилжүүлэн ачих терминал удахгүй ашиглалтад орж, автомат ажиллагаатай болно. Мөн жолоочгүй тээврийн систем нэвтрүүлбэл хүчин чадал нэмэгдэх юм. Хятадын талаас эхний замуудаа холбосны дараа Ханги-Мандал боомтыг нээх байр суурьтай байгаа ч манай талаас холболтын ажлыг яаралтай шийдвэрлэх тал дээр яриа хэлэлцээр хийж байна.

Засгийн газар хилийн боомтуудыг хатуу хучилттай авто замаар холбох зорилт тавьж, ажлаа  эхлүүлсэн. Бүтээн байгуулалт хэр урагштай байна вэ?

21 аймгийг хатуу хучилттай автозамаар холбосон бол дараагийн алхам нь хилийн боомтуудыг хатуу хучилттай авто замаар холбох юм. Энэ ажлыг төсвийн хөрөнгө оруулалт болон төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд гүйцэтгэнэ. Авто зам төдийгүй төмөр замыг холбох нь бидний гол ажлын нэг. Үндэсний төмөр замын сүлжээг одоо байгаагаас нь хоёр дахин нэмэгдүүлэх зорилт тавьсан. Энэ хүрээнд ОХУ, БНХАУ- ыг холбосон гурван төмөр замтай болно. Гурван төмөр замыг зургаан боомтоор холбоно гэсэн үг. Одоогоор Алтанбулаг-Замын-Үүд боомт төмөр замаар холбогдсон байна. Дээр нь Эрээнцав-Чойбалсан-Бичигт чиглэлийн зүүн коридор болох 750 км урттай төмөр зам баригдах юм. Завханы Арцсуурь боомтыг Өмнөговийн Шивээхүрэнтэй холбох баруун төмөр замын бүтээн байгуулалт үргэлжилж байна. Энэ ажлын хүрээнд Зам, тээвэр хөгжлийн яам, “Монголын төмөр зам” компаниас зарласан тендерт шалгарсан компаниуд ажлаа эхлээд байна. Мөн Алтанбулаг-Замын-Үүдийг холбосон авто замыг өргөтгөж эхэлсэн. Энэ хүрээнд Засгийн газар Алтанбулагаас Дархан руу дөрвөн эгнээ зам барих концессын гэрээний тендер зарлаж, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулсан. Мөн Налайхаас Замын-Үүд хүрэх дөрвөн  эгнээ, хоёр урсгалтай авто зам барих төслүүдийг хэрэгжүүлэхээр тендер зарлаад байна.

УУЛ УУРХАЙН БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ТАЛААС ИЛҮҮ ХУВИЙГ ГАШУУНСУХАЙТААР ЭКСПОРТОЛЖ БАЙНА

Гашуунсухайт боомт хэзээ олон улсын статустай болох вэ?

Монгол Улсын уул уурхайн бүтээгдэхүүний 50-иас дээш хувийг Гашуунсухайт боомтоор гаргаж байна. Энэхүү боомтыг олон улсын статустай болгох асуудлыг  ЗТХЯ хариуцан, Хятадын талд байнга санал тавьдаг. Монгол Улсын Эдийн засаг, хөгжлийн яам, Зам, тээврийн хөгжлийн яам болон БНХАУ-ын Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооны хооронд Шивээхүрэн-Сэхээ боомтын хил дамнасан төмөр замын Ажлын хэсэг байгуулах тухай харилцан ойлголцлын Санамж бичигт гарын үсэг зурлаа. Ингэснээр Шивээхүрэн-Сэхээ хил дамнасан төмөр замын хамтарсан Ажлын хэсэг байгуулагдаж, бүтээн байгуулалтын ажил нэг шат урагшлах юм.

Одоогоор хэчнээн  боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх дэд бүтэц, бүтээн байгуулалтын ажил эхлээд байна вэ?

Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр 6 боомтод бүтээн байгуулалт хийгээд дуусаж байна. Цар тахлын үед он дамнасан энэхүү бүтээн байгуулалтуудаас Увсын Боршоо боомтынх хамгийн түрүүнд дууссан. Одоо доторх тоног төхөөрөмж нийлүүлэх тендер зарлаад байна. Тендерийг шалгаруулж, тоног төхөөрөмж худалдаж авбал энэ онд Боршоо боомт ашиглалтад орох юм. Эг боомт ОХУ-тай хиллэдэг. Аялал жуулчлалыг дэмжих жилийн хүрээнд Боршоогоор нэвтрэх  жуулчдын тоо Замын-Үүдийнхтэй дүйцсэн.

Сүхбаатар боомтыг өргөтгөж, энэ жил ашиглалтад оруулсан. Алтанбулаг боомтын ачаа тээврийн терминалыг энэ сард бүрэн ашиглалтад оруулна. Зорчигч тээврийн хөдөлгөөнийг нээж, ирэх хавар бүрэн ашиглалтад оруулахаар зорьж байна. Замын-Үүд боомтын зорчигч тээврийн хэсэг ашиглалтад орсон. Харин ачаа тээврийн терминалыг 10 дугаар сарын 13-нд Улсын комисс хүлээж авлаа. Ирэх 11 дүгээр сард албан ёсоор нээнэ.

Замын-Үүд боомтод ачаа бөөгнөрч улмаар бараа, бүтээгдэхүүний үнэ өсөх нэг шалтгаан болж байна. Боомтын нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх чиглэлээр ямар арга хэмжээ авч байна вэ?

Өнгөрсөн 6 дугаар сард Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Хятад улсад хийсэн албан ёсны айлчлалын үеэр Замын-Үүд боомтыг 24 цагаар ажиллуулах санал тавьж тохиролцоонд хүрсэн. Хоёр улсын талуудын хамтарсан судалгаа, туршилтын ажил эхлэх гэж байна. Хятад улс нийт 317 боомттой. Үүнээс 87 нь далайн, 80 орчим нь агаарын, 180 орчим нь авто замын боомт. Урд хөрш манай улстай 17 боомтоор холбогддог. Хятад улсын эх газраар холбогддог 180 боомт дотор 24 цагаар ажилладаг боомт одоогоор байхгүй. Замын-Үүд боомтын ачаа тээврийн терминалыг 24 цагаар ажиллуулах асуудал Монголоос Хятадтай хийж буй томоохон хэлэлцээрийн нэг юм. Замын-Үүд боомт гурван улсыг холбосон төмөр зам боловч транзит ачаа тээвэр нэвтрүүлэх хүчин чадал муу. Хэт их төвлөрсөн ачааллаас үүдэн Тяньжин боомтоос татах чингэлэг тээвэр дээд  цэгтээ хүрч түгжирдэг. Энэ нь бараа бүтээгдэхүүний үнэ өсөх, тасалдах шалтгаан болдог. Ачаа тээврийн терминалыг 24 цагаар ажиллуулбал түгжрэл арилж, ачаа тээврийн урсгал нэмэгдэнэ.

Боомтын сэргэлтийн бодлогын хүрээнд ойрын үед шинээр эхлүүлэхээр төлөвлөсөн дэд бүтэц, бүтээн байгуулалтын ямар ажлууд байна вэ?

Ачаа тээврийн эргэлт хамгийн сайн 3-4 боомтыг 2024 онд Азийн хөгжлийн банкны зээлээр  өргөтгөхөөр төлөвлөсөн. Баруун босоо тэнхлэгийн дагуух Булган, Цагааннуур, зүүн талд Дорнодын Хавирга боомтын бүтээн байгуулалтыг эхлүүлэхээр Азийн хөгжлийн банктай зээлийн гэрээ хэлэлцээ хийж байна. Алтанбулаг-Замын-Үүд, Сайншанд-Улаанбаатар боомт дээр нэмж, Төв аймгийг боомт болгон хөгжүүлнэ. Шинэ нисэх буудлын газар Төв аймгийн нутагт харьяалагддаг тул Хөшигийн хөндийг хуурай боомтын ложистикийн олон улсын сүлжээнд хамруулна. Түүнчлэн тээвэр ложистикийн өрсөлдөх чадварыг дээшлүүлж, цаашид транзит улс болох зорилт дэвшүүлсэн. Боомтын сэргэлтийн хүрээнд зөвхөн хилийн боомтын асуудлыг ярихаас гадна тээвэр, ложистикийн хүчин чадлыг дээшлүүлэх нь бидний маш том зорилт төдийгүй сорилт юм. Тяньжин боомтод ачаатай чингэлэг овоордог нь боомтоос шалтгаалах биш, Монголд орж ирээд байрлуулах талбай, агуулахын хүрэлцээ, хүчин чадал муу байгаатай холбоотой.

Боомт хөгжүүлэхэд гаргасан алдаа дутагдал багагүй байгааг бид бэлхнээ харж байна. Цаашид  энэ чиглэлээр ажиллахад юунд анхаарах хэрэгтэй вэ?

Манай улс боомт төлөвлөхдөө Хятадын бодлого, төлөвлөлттэй уялдуулах ёстой. Өмнө нь “Бид өөрийнхөөрөө хийнэ” гэж цариг зөрүүлсэн гашуун туршлага манайд бий. Мөн төрөөс  боомтуудыг хөгжүүлэх чиглэлд маш хайнга хандаж ирсэн. Ихэнх боомтыг хувийн аж ахуйн нэгж болон хандив тусламжаар байгуулсан байдаг. Боомтуудаа хөгжүүлэх нь Монгол Улсын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд шууд нөлөөтэй гэдгийг Засгийн газар олж харан, бодлогоо тодорхойлж, үйл ажиллагаагаа чиглүүлсэн. Тиймээс хилийн боомтуудын дэд бүтцийг хөгжүүлэх, дулаан, интернэтээр хангах нь боомтын бие даасан байдлыг хангахад чухал нөлөөтэй. Говийн бүсүүдэд эрчим хүч, ундны усны асуудал өнөө хүртэл бүрэн шийдэгдээгүй. Ийм байдалтай боомт хэд хэд байгаа учир Засгийн газраас усны асуудлыг шийдэхийн тулд хөрөнгө оруулан, усны хайгуул хийж, худаг гаргахаар ажиллаж байна.

Монгол Улс хоёр хөрштэй хэчнээн боомтоор хиллэдэг вэ?

Манай улс 39 боомтоор ОХУ, БНХАУ-тай хиллэдэг. ОХУ-тай холбогддог 16 боомтын 6 нь ажиллагаагүй байна. Урд хөрштэй холбогдсон 17 боомтоос 6-7 нь эрдэс баялгийн бүтээгдэхүүн экспортолдог гол боомт юм. Боомтын сэргэлтийн бодлогын хүрээнд 17 дээр гурван боомт нэмэх тухай хоёр талаас хэлэлцэж байна.

Тухайлбал, Ханги -Мандалд төмөр замын боомт шинээр байгуулахаар яриа хэлэлцээ хийж

байна. Манай Цагаандэл-Уул БНХАУ-ын Өлзий боомтын үйл ажиллагааг эхлүүлэх асуудлыг урд хөрш байнга тавьдаг. Энэ бол өмнөх Засгийн газар болон Төрийн тэргүүний түвшинд яригдаж байсан асуудал.

Хятадын тал хөрөнгө оруулалт хийж, боомтоо хөгжүүлсэн боловч манай талаас бүтээн  байгуулалт огт хийгээгүй. Урд хөршийн аймаг бүхэн хиллэж байгаа талтайгаа боомт байгуулах зорилт тавьсан юм билээ. Баянхонгор аймагтай хиллэдэг Нарансэвстэй боомт 1992 онд нэг жил ажиллаад хаагдсан. Хятадын тал мөн энэ боомтыг дахин нээж, хөгжүүлэх нь зүйтэй гэж үздэг. ӨМӨЗО-той 13, Шинжаан-Уйгартай 4 боомтоор харилцаж байна. Ховдын Булган боомт 1992 оноос хойш тогтвортой ажиллаж, жилд 20 сая тонн бараа экспортолж байна. ОХУ-аас  Цагааннуур, Булган боомтоор дамжин, Хятадын нутагт хүрдэг.

ХЯТАДТАЙ ХИЙСЭН ХУДАЛДААНААС 12.5 ТЭРБУМ АМ.ДОЛЛАР ТӨВЛӨРҮҮЛСЭН

Манай улсын экспортын гол түүхий эдийн барааны эргэлт ямар байгаа бол?

Монгол Улс 2023 онд 52 сая тонн ачаа, бараа бүтээгдэхүүнийг БНХАУ-тай хиллэдэг боомтуудаар нэвтрүүлэхээр төлөвлөсөн. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2022 онд БНХАУ-д айлчилж, тус улсын Төрийн тэргүүнтэй уулзахдаа нийт 70 сая тонн барааг хоёр улсын боомтуудаар нэвтрүүлэх зорилт тавьж, харилцан тохиролцож, санал нэгдсэн. Энэ зорилтдоо нэлээд дөхөж байна. 2024 онд 60 сая тонн бараа нэвтрүүлэхээр төлөвлөж байна. 2028, 2030 онд энэ тоог нэмэгдүүлж 80-95 сая тоннд хүргэнэ. Манай улс энэ оны 8 дугаар сарын дүнгээр Хятадтай хийсэн худалдаанаас  12.5 тэрбум ам.доллар төвлөрүүлсэн байна. Оны эцсээр энэ тоо нэмэгдэнэ. Нэг тонн нүүрсийг   140 ам.доллароор борлуулж байна гэж үзвэл сая тонн тутамд 140 сая ам долларын орлого орж байгаа юм.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-д “Бүс ба зам” уулзалтад оролцсон. Энэ үеэр урд хөрштэй хилийн боомтуудтай холбоотой ямар шинэ гэрээ хэлцэл нэмж  байгуулсан бэ?

“Бүс ба зам” санаачилгын үндсэн зургаан коридор бий. Үүний нэг нь Замын-Үүд-Алтанбулагийн транзит зам. Оросоор дамжин, Европт гарах хамгийн дөт коридор байсан ч геополитикийн асуудлаас болоод одоо Европ руу гарах гэхээс илүү Орос, Хятад, Монголыг холбох коридор болж байна. Монгол Улс “Бүс ба зам” санаачилгад нэгдсэнээр манай улсын хилээс цааш Хятадын нутагт 40, 60, 80 км зайд байгаа төмөр зам, авто замтай холбогдож, Европ руу гарах гарцыг нэмэх хэрэгтэй. Үүн дээр бид идэвхтэй ажиллаж байна.

“Бүс ба зам” төслийн томоохон санхүүжүүлэгч нь Хятадын Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк. Энэ банктай хамтран боомтуудыг хөгжүүлэх, санхүүжилт авах асуудлаар ярилцаж байна. Монгол, Хятадын хилийн боомтын менежментийн хамтын ажиллагааны комисс байгуулах тухай хэлэлцээрийг шинэчлэн байгуулав. Монгол Улс болон БНХАУ-ын боомтын үйл ажиллагааны хэлэлцээрийг 10 жилд нэг удаа шинэчилдэг. Боомтын хөгжилтэй холбоотой асуудлыг хамтран шийдвэрлэх, төмөр замуудыг холбох явцад удаашралтай байгаа ажлуудыг шуурхайлах асуудлуудыг хэлэлцээрт тусгасан.

Цаг гарган ярилцсан Танд баярлалаа.