Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Уул уурхай

Эрдэс баялгийн салбараа төрөлжүүлж,  эрдсийн  бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэгдүүлнэ 

Б.Ариунаа

Экспортын орлогыг бүрдүүлдэг эрдэс баялгийн бүтээгдэхүүн төрлөө нэмж, эдийн засгийн үр өгөөж нэмэгдэх эсэх нь Монголын уул уурхайн салбарын бодлого цаашид хэрхэн өрнөхөөс шалтгаална.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Франц улсад  хийсэн албан ёсны айлчлалын үеэр манай улс Францын талтай 400000 (422,120 ам.доллар) еврогийн  өртөг бүхий газрын ховор элемент литийн хайгуулын ажилд   хамтрах  Хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурсан. Эл гэрээний талаар BBC, “Ройтерс” зэрэг мэдээллийн томоохон агентлагууд тухайн үед онцолж байсныг дахин сануулъя. 

Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцод Дэлхийн дулаарлыг цельсийн 1.5 хэмд хязгаарлан барих “Парисын хэлэлцээр”-ийн зорилтыг хэрэгжүүлэх тухай тодорхой заасан.

Сэргээгдэх эрчим хүч, цахилгаан машин зэрэг дэвшилтэт технологийн чухал бүтээгдэхүүн  болох байнгын соронзыг ашиглаж буй нь  газрын ховор элементийн  эрэлт хэрэгцээг эрчимтэй  нэмэгдүүлж байна. Дэлхийн үйлдвэрлэлийн  цахилгаан батарейны ялтаст хэрэглэдэг бал чулууны 90%-ийг Хятад улс цэвэршүүлдэг. Гэтэл өнгөрсөн 10 дугаар сард урд хөрш бал чулууны экспортдоо хориг тавьсан нь газрын ховор элементийн нийтлүүлэлтэд хомсдол үүсгэж болзошгүй  хэмээн  эрдсийн шинжээчид таамаглаж байна.

Дэлхийн улс орнуудын тавьж буй зорилтод  Монгол Улс нэгдэж чадвал эрдэс баялгийн салбарт бүтээгдэхүүнийхээ нэр төрлийг олшруулан, эдийн засагтаа үр ашиг авчрах дараагийн боломжийг нээж болох  юм.  

Төр, засгийн тэргүүнүүд гадаад улсуудад хийж буй айлчлалын  үеэрх мэдэгдэлдээ “Манай улс өндөр технологийн түүхий эд, газрын ховор элементийн геологи, хайгуулын ажилд хамтран ажиллахад бэлэн байна” хэмээн дурдсан байна. Ямартай ч Төрийн гурван өндөрлөгийн энэхүү мэдэгдлүүд газрын ховор элементийн талаарх манай улсын байр суурийг хангалттай илэрхийлж байна. Франц улстай хамтран литийн хайгуул хийх гэрээнд гарын үсэг зурсан явдал үүний  тод илрэл болов уу.

Нүүрсхүчлийн хийг бууруулах “Парисын хэлэлцээр”-т өгсөн амлалтаа биелүүлэх нь Франц улсын хувьд чухал. Харин Монголын хувьд эрдэс баялгийн салбараа төрөлжүүлэх, экспортын бүтээгдэхүүнийхээ тоог нэмэх туйлын сонирхол бий. 

Францын хойд зүгийн нутаг болох Дункирк хотод тус улс цахилгаан автомашины үйлдвэрлэлийн төв байгуулах болсноо зарлаж, үйлдвэрлэгчдийг урьж байна. Харин Монгол Улс “Алсын хараа 2050” урт хугацааны хөгжлийн бодлогод “Газрын ховор элементийн хайгуул, судалгааны ажлыг эрчимжүүлнэ”, Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны Мөрийн хөтөлбөрт “Өндөр технологийн түүхий эд болох газрын ховор элемент, үнэт, өнгөт, хар, холимог метал, метал  бус ашигт малтмал болон газрын тосны эрэл, хайгуулын ажлын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх замаар эрдэс баягийн нөөцийг арвижуулна” хэмээн тусгасан байна.

“Эрдэнэс Монгол” нэгдлийн Ховор метал, элементийн Ажлын хэсэг газрын ховор элементийн талаар авч хэрэгжүүлэх дараагийн 15 жилийн үндсэн чиглэл боловсруулах, хэрэгжилтийн төлөвлөгөө гаргах бөгөөд судалгааны түвшинд  байна хэмээн мэдээлсэн.

Монгол орны газрын ховор элементийн болон стратегийн ач холбогдолтой металын талаарх хууль тогтоомж, тэдгээрийн олборлолт, үйлдвэрлэлтэй холбогдолтой эрхзүйн зохицуулалтгүй байдлыг нэн яаралтай засах шаардлага гарч байна.    Монгол Улс Дэлхийн газрын ховор элементийн салбарын хөгжлийн чиг хандлагад нийцүүлж, зорилгоо  цаг алдалгүй тодорхойлох  ёстой.

Дэлхийн эрдсийн зах зээл дээр  2023 онд газрын ховор элементийн  эрэлт 9 тэрбум ам.долларт хүрэх төлөвтэй байгаа ч 10 жилийн дараа хоёр дахин нэмэгдэж, 21 тэрбум ам.долларт хүрнэ гэж “Project Blue” судалгааны байгууллага тооцоолжээ.

Эрэлт хэрэгцээ ойрын   арван жилд байнга нэмэгдэх төлөвтэй байгааг ч онцолсон байна. Нэгэнт эдийн засгийн таатай ирээдүй угтаж байгаа үед  энэ  төрлийн орд  нээн илрүүлэх, эдийн засгийн эргэлтэд оруулах нь   ашигтай.

Брюссельд төвтэй CEPS судалгааны төвийн судлаач Эдуардо Ригетти “Богино хугацаанд Хятад улс гол тоглогч хэвээр байх болно. Тэдний сүүлийн 30 жилийн хугацаанд бий болгосон давуу талыг таван жилийн дотор эвдэж чадахгүй” гэж тодорхойлсон байдаг.

2022 онд Хятад улс 210 мянган тн газрын ховор элемент үйлдвэрлэж, бусад улсаас үнэмлэхүй хэмжээгээр хол давсан статистик бий. 2015-2022 онд Хятадаас бусад газрын ховор элементийн ислийн үйлдвэрлэл бараг 4 дахин нэмэгдэж, 90 мянган тонн болсон ч нийлүүлэлт нь эрэлтээ гүйцэхгүй байна. Тэгэхээр газрын ховор элемент бол Монгол Улсын шинэ сонголт, боломж бүхий салбар юм.