Б.Ариунаа
Уул уурхайн талаар ухаж төнхдөг гэх ойлголтоос хэдийнэ давжээ. Хариуцлагатай байна уу эсвэл... гэсэн ганц асуултад орчин цагийн эрдэс баялгийн салбар хариулах болсон. Гэхдээ уул уурхайг усгүйгээр төсөөлөхийн аргагүй. Хариуцлагатай уул уурхайн нэг хэмжүүр яах аргагүй ус мөн.
Хүн төрөлхтний хамгийн үнэт эрдэнэ ус саяхныг хүртэл зөвхөн хэрэглээнд зориулагдаж ирсэн бол уул уурхайн салбар хөгжихийн хэрээр усанд хандах хандлага өөрчлөгдөж байна.
Монгол орны ус ашиглалтын байдлыг харуулсан судалгааг сонирхъё.
Өнгөрсөн жилийн хугацаанд нийт ус ашиглалт 606.2 сая м3 / жил байжээ. Унд, ахуйн хэрэглээнд 86,3 сая, хөдөө аж ахуйд 338,6 сая, уул уурхайд 92,5 сая шоо метр ус хэрэглэсэн байна. Эндээс харахад дан ганц уул уурхайн салбараас усны зохист хэрэглээг нэхэх бус бусад бүх салбарт усаа ариг гамтай ашиглах, зарцуулах ёстой ажээ.
Гэхдээ говийн хувьд онцгой. Жилдээ хур тунадастай өдөр цөөн, гадаргын усны ууршилт Ханбогд суманд 2000 мл-ээс дээш гарсан нөхцөлд ус чандмань эрдэнэ гэдгийг байгаль өөрөө бидэнд сануулдаг. Нэгэнт эмзэг экосистемтэй говьд уул уурхайн олборлолт явуулж буй “Оюутолгой” компани энэхүү сануулгыг стратеги төлөвлөгөөндөө нарийвчлан тусгажээ.
Говьд уурхай, малчин хоёр зэрэгцэн оршино. Сүүлийн жилүүдэд олон жилийн дунджаас харьцангуй бага хур тунадас орж, улмаар гадаргын усан хангамж багассан тул цаашид ахуйн усан хангамжийг хамгаалах, сайжруулахад нутгийн иргэд, говьд үйл ажиллагаа эрхэлж буй уул уурхайн компаниуд анхаарлаа хандуулах шаардлагатай байна.
“Оюутолгой” компани ундны усны чанарт хувь нэмрээ оруулах амлалтаа малчны худагт стандарт тогтоох санаачилгаар эхлүүлжээ. “Газрын гадарга дээрх худаг салхи шуурганд дарагдах, бохирдох, малын хөлд нэрвэгдэж, ундарга нь дарагдах асуудал байнга тулгардаг. Харин стандарттай болгож мөрдвөл усаа ариг гамтай зарцуулах нөхцөл бүрдэнэ” хэмээн тус компанийн Байгаль орчны хэлтсийн хүрээлэн буй орчны ахлах мэргэжилтэн С.Отгонбаатар ярьсан.
Харин нутгийн иргэд ундны усны чанарт өөрсдөө хяналт тавьж, үзүүлэлтүүд нь “Оюутолгой” компанийн хяналтын тоо баримттай тохирч байгаа эсэхийг тулгаж үзэн усны чанартаа давхар хяналт хийдэг аж. Дэлхийн улс орнуудын уул уурхайн компаниудыг ус ашиглалтын менежментээр эрэмбэлэхэд “Оюу толгой” компани эхний 25-д багтжээ. Түүнчлэн 1 тн хүдэр боловсруулахад 0,4 шоо метр ус ашигладаг нь дэлхийн дунджаас 3 дахин бага гэсэн статистик бий.
“Усны газраас “Оюутолгой” төслийг 918 литр/секунд ус хэрэглэхийг зөвшөөрсөн хэдий ч байгальд ээлтэй технологийн ачаар зөвшөөрсөн хэмжээнээс 2 дахин бага ус хэрэглэж байна” гэсэн тус компанийн Байгаль орчны хэлтсээс гаргасан судалгааг анзаарахгүй өнгөрч болохгүй. Байгальд бохир ус хаяхгүй байх уриатай “Оюу толгой” компани уурхайн цогцолбор дахь ахуйн хэрэглээний усныхаа 98%-ийг цэвэршүүлж, баяжуулах үйлдвэртээ ашигладаг. Энэ нь усны менежментийн үр ашгийг дээшлүүлдэг талаар мэргэжилтнүүд онцолсон.
Газрын доорх усны ашиглалтыг хамгийн бага түвшинд аваачиж, үр бүтээлтэй ашиглаж буй “Оюутолгой” компанийн туршлага Монгол орны төдийгүй дэлхийн бусад улсад загвар болж болно.