The Mongolian Mining Journal /Nov.2023/
А.Халиун
Манай улс экспортын гол орлогоо нүүрснээс бүрдүүлж буй бөгөөд өнгөрсөн есдүгээр сарын гүйцэтгэлээр нүүрсний экспорт 47 сая тонн, он дуустал энэ үзүүлэлт 52 сая тоннд хүрэх бүрэн боломжтой” хэмээн Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар 10 дугаар сард болсон “Уул уурхайн долоо хоног” чуулганы индрээс илтгэж байв. Гэтэл 2023 оны 11 дүгээр сарын хоёр дахь арав хоногт нүүрсний экспортын биет хэмжээ Засгийн газрын хувьд мөрөөдлийн тоо болох 60 сая тоннд хүрчээ. Монгол Улс түүхэндээ хамгийн их буюу 60 сая тонн нүүрс экспортолсон нь энэ бөгөөд 2024 оны Төсвийн тухай хуульд нэлээд өөдрөгөөр төсөөлж тавьсан түвшиндээ он солигдохоос 40 хоногийн өмнө хүрэв. Өөрөөр хэлбэл 2023 оны төсөвт төлөвлөсөн хэмжээг он дуусахаас 40 хоногийн өмнө 10 сая тонноор давуулан биелүүлсэн чихэнд чимэгтэй мэдээ байв.
Экспортолсон нүүрсний хэмжээ:
2019 36.4 сая тонн
2020 28.6 сая тонн
2021 15.9 сая тонн
2022 27.5 сая тонн
2023.ХI сар 60 сая тонн
2024 оны Улсын төсвийн орлого бүрдүүлэх дээрх төлөвлөлт, эдийн засгийн 93%-ийг бүрдүүлэгч уул уурхайн түүхий эдийн борлуулалт энэ түвшиндээ байвал ирэх онд улсын эдийн засагт өсөлт үзүүлэх эерэг дүр зураг харагдах аж. Ирэх онд эдийн засгийн өсөлтийг зорилтдоо хүргэхэд нөлөөлөх гол түүхий эд нь нүүрсний борлуулалт. Үндсэндээ нүүрсэнд даатгасан Төсвийн хууль Сангийн сайдын ширээн дээр буй.
2022 оны 12 дугаар сарын 23-нд Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хууль батлагдаж, энэ оны 2 дугаар сараас эхлэн юун түрүүнд нүүрсийг биржээр арилжаалах туршилт эхлүүлсэн. Хууль 7 дугаар сарын 1-нээс хүчин төгөлдөр хэрэгжиж эхлэхэд нүүрсний биржийн арилжаа үндсэндээ жигдрэх шатандаа орсон байв. Биржээр арилжсанаар нүүрсийг ам нөхцөлөөр хямд үнээр худалддаг, тээврээ урд хөрш хариуцаж, ашгаа хүртдэг гэх мэт манай талд өгөөж багатай олон хувилбарууд эерэг тал руугаа эргэж, орлого багагүй хувиар нэмэгдсэн. Нүүрсний тээврийг дотоодын аж ахуйн нэгжүүд хариуцаж өмнөд хөршийн хил хүртэл хүргэж өгөх болсноор тээврийн орлого дотооддоо үлдэж, эдийн засагт үр дүн өгч байна.
“Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компани 2023 оны 2 дугаар сарын 9-нөөс эхлэн нийт 59 удаагийн арилжаагаар 1,001.6 сая ам.долларын үнэлгээ бүхий 8 сая тонн нүүрсийг Монголын хөрөнгийн биржээр дамжуулан борлуулжээ. Биржээр арилжаалах нүүрсний хэмжээг үе шаттайгаар нэмэгдүүлсээр 30%-д хүргэхээ УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар мэдэгдсэн. Ирэх онд зэсийг биржийн арилжаанд нэмж оруулахаар бэлтгэл хангаж байгаа бөгөөд энэ хэрээр экспортын орлого нэмэгдэж, эдийн засагт эерэг нөлөө үзүүлэх юм.
Монгол орон нүүрсний арвин баялаг нөөцтэй. Нүүрс бол ургамал, амьтны үлдэгдлээр олон сая жилийн турш газрын гүнд хадгалагдан дагтаршиж, жигнэгдэн физик, химийн процессын нөлөөгөөр үүссэн органик чулуулаг хэмээн тодорхойлжээ.
Дэлхийн эрчим хүчний үйлдвэрлэлийн 40%, гангийн үйлдвэрүүдийн 70% нь нүүрсээр ажилладаг. Английн Лондон хотод 1882 онд дэлхийд анхны нүүрсэн тэжээлт цахилгаан станцыг ашиглалтад оруулж байжээ. Аж үйлдвэрийн хувьсгалын эрин үед нүүрс түүхэн үүргээ гүйцэтгэсэн гэж үздэг бөгөөд 2015 онд 106 улс нэгдсэн Парисын хэлэлцээрээр нүүрснээс ялгарах хүлэмжийн хийг бууруулахын тулд улс орнууд эрчим хүчний шинэ эх үүсвэр ашиглах, цэвэр сэргээгдэх эрчим хүчний технологи нэвтрүүлэхэд хөрөнгө мөнгө зарцуулж эхэллээ. Хэдийгээр эрчим хүчний салбарт нүүрсний нэр нөлөө буурч байгаа ч зайгаа тавьж өгөх хараахан болоогүйг Дэлхийн нүүрсний ассоциацын Ерөнхий захирал Мишель Манук онцолсон.
Манай улсын хувьд ихээхэн тархац бүхий энэхүү ашигт малтмалаас өгөөж хүртэх алтан үе нь үнэндээ ойрын арван жил хэмээн үзэж байсан бол хатагтай Мишель Манукийн илтгэл биднийг багахан ч гэсэн тайвшруулсан билээ.
Тэрбээр, “Дэлхий нийт нүүрснээс хурдан хугацаанд татгалзах боломжгүй гэдгийг сүүлийн хоёр жилийн үйл явдлууд батлан харууллаа. Улс орнуудад сэргээгдэх эрчим хүчний салбарын гүйцэтгэл бага байна. Европт хий хадгалах байгууламжууд хомсдолтой байгаа нь байгалийн хийн нийлүүлэлт нэг улсаас хамааралтай явж ирсэнтэй холбоотой.
Ийм нөхцөлд сэргээгдэх эрчим хүч найдвартай эх үүсвэр болж чадахгүй нь тодорхой байна. Дэлхий дахинд эрчим хүчний аюулгүй байдал нэн тэргүүний асуудал учир нүүрсийг байгаль орчинд ээлтэй байдлаар цэвэршүүлэн хэрэглэсээр байхаас өөр сонголт ойрын ирээдүйд үгүй” хэмээн тэрбээр тодотгосон билээ.
Дэлхийн хэмжээнд 20 тэрбум их наяд тонн нүүрсний нөөцтэй гэх таамаг байгаагаас батлагдсан нөөц нь 1 их наяд тонн. Харин Монгол Улсын хувьд нүүрсний биологийн таамаг нөөц 173.3 тэрбум тонн бол батлагдсан нөөц 34.6 тэрбум тонн байна.
Нүүрсийг Эрдэс баялгийн биржээр арилжаалахаас гадна угааж, баяжуулбал зах зээлийн үнэлгээ, өрсөлдөх чадвар нэмэгдэнэ. Тиймээс Тавантолгойн орд газрыг түшиглэн “Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компани Нүүрс баяжуулах үйлдвэр барьж эхэлсэн бөгөөд 2024 оны 7 дугаар сард ашиглалтад оруулахаар ажиллаж буй юм. Бүтээгдэхүүнийхээ чанарыг дээшлүүлэхийн зэрэгцээ хилээр нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэхэд Засгийн газар гол анхаарлаа хандуулж байна. Манай улсын Хятадтай хиллэдэг 17 боомтын 6-7 нь эрдэс баялгийн бүтээгдэхүүн экспортолдог гол гарц. Үүн дээр уул уурхайн зориулалтаар эхний ээлжинд Ханги-Мандал, Гашуунсухайт боомт руу хөндлөн төмөр зам байгуулснаа ажиллагаанд оруулж, яаралтай холбох асуудлаар Монгол Улсын Засгийн газар Хятадын талтай хамтран ажиллаж эхэлжээ.
2024 оны улсын төсөвт цалин, тэтгэвэр, тэтгэмж нэмэх, хүүхдийн мөнгийг хүүхэд бүрт олгохоор тусгасан. Иргэдийн орлогыг хамгаалах, өрхийн амьжиргааг дэмжих энэхүү бодлогыг хэрэгжүүлэх эх үүсвэр нь байгалийн баялгийн экспортын орлого, тэр дундаа нүүрс болоод байна.