Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

БНХАУ Төв Азийн хамгийн том худалдааны түнш боллоо

 
Ч.Сансар


Статистик мэдээгээр Хятад улс Оросын худалдааны эргэлтийг давж, Төв Азийн таван улсын худалдааны гол түнш боллоо. Хамгийн сүүлд Бээжин Казахстаны худалдааны гол түншээр тодорчээ.

Казахстаны Үндэсний статистикийн товчооноос гаргасан мэдээллээр 2023 оны эхний есөн сарын байдлаар Хятад улс Казахстаны нийт гадаад худалдааны 21.3%-ийг (21.7 тэрбум ам. доллар) эзэлж байна. Харин Орос улс Казахстаны худалдааны эргэлтийн 18.6%-ийг (18.9 тэрбум доллар) эзлэх болжээ. Казахстанаас Хятад руу хийж буй экспортын дийлэнх хувийг байгалийн түүхий  эд  эзэлдэг бол Хятадаас үндсэндээ гэр ахуйн бараа, хувцас, автомашин зэрэг бэлэн бүтээгдэхүүн импортолдог. “Энержи Пром” мэдээллийн сувгаар хоёр орны худалдааг “нэг алхам урагш, хоёр алхам хойш” хэмээн тодорхойлоод, Казахстаны экспортод түүхий эд давамгайлж буй мэдэгджээ.

Харин Хятадын тоо баримт нь Казахстаныхаас эрс ялгаатай байна. Бээжингээс Казахстанд суугаа төлөөлөгч Жан Шяо, “2023 оны эхний 10 сарын байдлаар хоёр талын худалдааны эргэлт 32.7 тэрбум ам.долларт хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 28.5%-иар өссөн” гэж хэллээ. Харин Казахстаны хэвлэлүүдэд хоёр талын худалдааны эргэлт 24.3 тэрбум долларт хүрсэн гэж мэдээлж байсан юм.

Үүний зэрэгцээ, Хятадын тоо баримтаас үзвэл, хоёр улсын транзит худалдааны хэмжээ өнгөрсөн нэг жилийн хугацаанд хоёр дахин нэмэгдэж, 1.5 сая тоннд хүрчээ. Хятадын албаныхан 2029 он гэхэд Казахстанаар дамжин өнгөрөх худалдааны хэмжээг 7.5 сая тоннд хүргэхээр зорьж байна гэжээ.

2023 оны эхний 11 сарын хугацаанд БНХАУ Узбекистантай хийсэн худалдааны эргэлтийн 21.3%-ийг (12.23 тэрбум ам. доллар) эзэлдэг гэж Узбекистаны статистикийн агентлаг мэдээлэв. Узбекистанаас Хятад руу 2.27 тэрбум ам.долларын бараа экспортолж, 9.96 тэрбум ам.долларын импорт хийжээ. Орос бол Узбекистаны худалдааны хоёр дахь том түнш бөгөөд нийт худалдааны 15.5%-ийг (8.86 тэрбум ам. доллар) эзэлдэг. 

Казахстан, Хятадын хилийн зарим боомтууд дээр тээвэр удаан хугацаагаар саатаж байна. Тухайлбал, "Нур Жолы" хилийн боомтоор нэвтрэх гэж буй тээврийн хэрэгслүүд 11 хоногоос илүү хугацаагаар хүлээж байна гэж "Атамекен" үндэсний бизнес эрхлэгчдийн танхим мэдэгдэв. Ачаатай автомашинуудыг гаалийн байцаагчид “шалтгаангүй” удаа дараа шалгадаг хэмээн жолооч нарын гомдлоос иш татан "Атамекен” мэдэгдлээ. Хилийн түгжрэлийн асуудлыг шийдвэрлэхийн тулд саяхан “Нур Жолы” боомтыг 24 цагаар ажиллуулж эхэлжээ.


Эх сурвалж: oilprice.com