Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Япон улс ураныг чухал ашигт малтмалын жагсаалтад оруулжээ

Япон улс нэн чухал ашигт малтмалын жагсаалтад ураныг нэмлээ. Энэхүү алхам нь цөмийн элементийн импортоос ялангуяа Оросын импортоос хараат байдлаа бууруулж, дотоодын хайгуул, олборлолтын төслүүдийг дэмжих зорилготой юм.

Ерөнхий сайд Фумио Кишидагийн засгийн газар лити, марганец, никель, кобальт, бал чулуу болон газрын ховор элементийг олборлох, боловсруулах төслүүдийн зардлын тал хүртэлх хувийг улсаас санхүүжүүлэхийг амласны жил шахам хугацааны дараа Эдийн засаг, худалдаа, аж үйлдвэрийн яам (ЭЗХАЯ) дээрх шийдвэрийг гаргажээ.

Япон бол АНУ, Хятадын дараа дэлхийн гурав дахь том уран хэрэглэгч бөгөөд дотооддоо уран олборлодоггүй, Австрали, Канад, Казахстан зэрэг орноос бүх уранаа импортолдог.

ЭЗХАЯ-ны мэдээлснээр Японы ураны нөөц нь 6600 тонн бөгөөд энэ нь зургаан жилийн хугацаанд дотоодын хэрэгцээгээ хангах боломжтой юм.

2011 онд Фүкүшимагийн осол болохоос өмнө Японы цахилгаан эрчим хүчний 30 орчим хувийг цөмийн станцууд үйлдвэрлэдэг байсан. 2017 он гэхэд цөмийн эрчим хүчний эзлэх хувийг дор хаяж 40% хүртэл өсгөх төлөвлөж байжээ.

Харин одоо 2030 он гэхэд нийт цахилгаан эрчим хүчний хэрэгцээний 20-иос доошгүй хувийг цөмийн станцуудаас хангах төлөвлөгөөтэй байгаа гэж Дэлхийн Цөмийн Ассоциацийн мэдээллээс харж болно.

2015 оноос хойш 11 цөмийн реакторыг дахин ажиллуулж, 16 реактор ажиллах зөвшөөрлөө хүлээж байна.

Япон улс ураныг чухал ашигт малтмалын жагсаалтад оруулсан нь урантай холбоотой судалгаа, бүтэн байгуулалтад илүү их хөрөнгө хуваарилах боломжтой болно. Мөн ашигт малтмалын тогтвортой нийлүүлэлтийг хангах сонирхолтой бусад улс орнуудтай хамтран ажиллах боломж бүрдэнэ.

Японд цөмийн эрчим хүчний эсрэг олон нийтийн эсэргүүцэл, хууль эрх зүйн сорилтууд хүчтэй хэвээр байна. Гэсэн хэдий ч зарим шинжээчид 2050 он гэхэд хүлэмжийн хийг тэглэх зорилгодоо хүрэхийн тулд уран Японд зайлшгүй хэрэгтэй гэж үздэг.

 

Линк: https://www.mining.com/japan-adds-uranium-to-list-of-critical-minerals/           

Огноо: 2024/02/01

Эх сурвалж: mining.com