Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ярилцлага

Д.Даваабаяр:  Газрын тосны хайгуулын ажлыг эрчимжүүлж, нөөцөө тогтоох шаардлагатай

АМГТГ-ын Газрын тосны бүтээгдэхүүний хэлтсийн дарга Д.Даваабаяртай шатахууны нөөц болон нийлүүлэлтийн өнөөгийн байдлын талаар MMJ-ийн сэтгүүлч А.Халиун ярилцлаа. 

Эдийн засгийн өсөлтийг дагаад шатахууны хэрэглээ эрс нэмэгдэж байна

Өнгөрсөн сарын турш шатахууны хомсдолтой, ШТС-ууд урт дараалалтай байв.  Оны сүүлийн өдрүүдээс хэвийн бай­далд шилжсэнийг хомсдол бүрэн арилсан гэж ойлгож болох уу? 
Өнгөрсөн 12 дугаар сард тодорхой шалтгааны улмаас шатахууны хангамж доголдлоо. ОХУ-ын Засгийн газраас 2023 оны 9 дүгээр сарын 22-нд тавьсан хоригтой холбоотой Монголд 10 дугаар сарын 6-ныг хүртэл шатахуун импортлоогүй. Энэ хугацаанд манай улс нөөцөө ашигласан тул шатахууны савнууд үндсэндээ хоосорсон гэхэд болно. Аравдугаар сарын 6-ны өдрөөс  импортын шатахуун орж ирмэгц вагоноос буулгаад шууд шатахуун түгээх станцууд руу нийлүүлж байв. Түүнээс хойш хэдийгээр импортын шатахуун тасралтгүй  ирж байгаа ч нийлүүлэлт нь эрэлтээ хангахгүй  хэсэг хугацаа өнгөрлөө. Есдүгээр сард гарсан ОХУ-ын Засгийн газрын тогтоол нь манай улсын хувьд зуны түлшнээс өвлийн түлшинд шилжих цаг үетэй давхцсан нь тасалдал үүсэхэд тодорхой хэмжээгээр нөлөөлсөн. 

Энэ мэт тал бүрийн хүчин зүйлээс шалтгаалж хомсдол үүссэн. Гэвч бид  шинэ оны өмнө тасалдлыг  зогсоож чадлаа. Өнгөрсөн хугацаанд УУХҮЯ болон АМГТГ-аас Оросын талтай хамтран ажиллаж, захиалсан бүтээгдэхүүний ачилтыг нэмэгдүүлэх, Монгол-Оросын төмөр замтай хамтарч тээвэрлэлтийг шуурхай зохион байгуулах чиглэлээр арга хэмжээ авч ажилласан.  

Монгол Улс сард дунджаар хэдий хэмжээний шатахуун хэрэглэдэг вэ? 
2022 оны мөн үед манай улс сард дунджаар 45-50 мянган тонн АИ-92, 80-90 мянган тонн дизель түлш хэрэглэж байв. Гэтэл 2023 оны сүүлийн гурван сард АИ-92 авто бензиний хэрэглээ 60 мянган тонн, дизель түлш 100-110 мянган тоннд хүрсэн. Өсөн нэмэгдэж буй хэрэглээндээ нийцүүлэн бид захиалгаа өгсөөр ирсэн. Гэвч өнгөрсөн намрын 20 хоногийн шатахууны тасалдал хомсдолд ихээхэн нөлөөлсөн. 

2023 оны  12 дугаар сард манай улс хамгийн дээд хэмжээ буюу 150 мянган тонн шатахуун импортолсон. Үүний 80 мянган тонн нь ард иргэдийн түгээмэл хэрэглэдэг АИ-92 бензин. 2023 онд уул уурхайн бүтээгдэхүүний экспортын хэмжээ нэмэгдсэн болон эдийн засгийн өсөлтийг дагаад шатахууны хэрэглээ эрс нэмэгдэж байна. Дизель түлшний нийлүүлэлт өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 36%-иар, АИ-92 бензин 10%-иар нэмэгдсэн дүн гарч байна.

Манай улс одоогийн байдлаар шата­хууны хэд хоногийн нөөцтэй байна вэ?
Өнөөдрийн байдлаар /2024.01.05/ АИ-92 авто бензиний 18 хоногийн хэрэглээтэй тэнцэх нөөцтэй байна.

Дахин хомсдол үүсгэхгүйн тулд ямар арга хэмжээ авч байна вэ? Цаашид ОХУ ма­най өсөн нэмэгдэж буй хэрэгцээнд ний­цүүлж шатахуун нийлүүлэх боломжтой  юу? 
Өнгөрсөн 12 дугаар сард ОХУ-ын нийлүүлэгч талтай гэрээ хэлэлцээр хийж, өсөн нэмэгдэж буй хэрэгцээнийхээ талаар ярилцаж, тохиролцсон. Манай улс хэрэглээнийхээ 70 орчим хувийг ОХУ-ын “Роснефть” компаниас авдаг. 30%-ийг Оросын бусад компаниас авдаг байсан бол одоо нэмэлтээр Хятад улсаас шатахуун импортлох хэмжээгээ нэмэгдүүлсэн. Өмнө нь Хятадаас сард Евро-5 ангиллын дизель түлш 10 мянган тонныг авдаг байсан бол одоо 30 мянган тонн болгон нэмэгдүүллээ.  

“Роснефть” компанид 2024 оны 1 дүгээр сард 90 мянган тонн, ОХУ-ын “Нефть хими сервис компани”-иас 30 мянган тонн дизель түлш, БНХАУ-аас 36 мянган тонн дизель түлш авах захиалга өгсний дагуу баталгаажсан. Ачилтууд хийгдэж хэвийн үргэлжилж байна. Цаашид нөөц бүрдүүлэх, тасалдал, хомсдолоос сэргийлэх зорилгоор хэрэглээнээсээ давсан хэмжээний шатахуун захиалаад байна. 

Түүхий эдийн үнээс хамаарч  бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн үнэ хэлбэлздэг

“Шатахуун импортлогч аж ахуйн нэгжүүд хомсдол үүсгэж байгаад үнэ нэмэх нь” гэсэн хардлага иргэдэд байна. Энэ тал дээр Та юу хэлэх вэ?
Шатахуун импортлогч ААН-үүд тухайн сарын борлуулалтаа харж дараа сарынхаа захиалгыг хийдэг. Энгийнээр хэлэхэд бараа бүтээгдэхүүн борлуулж буй бизнесийн байгууллагууд бараагаа хадгалах биш, худалдан борлуулж байх нь ашигтай шүү дээ. 
Ард иргэдийн хамгийн түгээмэл хэрэглэдэг АИ-92 авто бензинийг ОХУ-тай тогтоосон нэг  үнээр худалдан авах гэрээтэй гэж УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар удаа дараа хэлснийг санаж байгаа байх. Гэрээний нөхцөлүүдээ ярилцаж, жил бүхэн сунгаж явдаг. Тэгэхээр 2024 онд АИ-92 бензиний үнэ нэмэгдэхгүй гэж ойлгож болно. 
Дизель түлшний тухайд 2024 оны 1 дүгээр сарын захиалгын үнэ өмнөх сараас буурсан. Шатахууны   үнэ дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнэтэй уялдаж тогтдог. Түүхий эдийн үнээс хамаарч  бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн үнэ хэлбэлздэг. 2023 оны 12 дугаар сард газрын тосны үнэ дэлхийн зах зээл дээр тогтмол, зарим үед бууралттай байсан учир үүнд үндэслэн хил үнэ буурсан гэсэн үг юм.

Монгол Улс шатахууны хувьд гаднаас 100% хамааралтай байх нь ямар эрсдэлтэй болохыг монголчууд  нийтээрээ мэдэрлээ. Газрын тосны үйлдвэрээ барьж, шатахуунаа дотооддоо үйлдвэрлэж эхлэх талаар Засгийн газар бодлогоо тодорхойлсон. Энэ үйл ажиллагаанд Ашигт малтмал, газрын тосны газар ямар үүрэг оролцоотой ажиллах вэ?
Газрын тосны хайгуул, олборлолт, ашиглалт, үйлдвэрлэл гэх мэт бүх шатны үйл ажиллагаа нь манай байгууллагын чиг үүрэгт хамаарна. Монгол Улсын Засгийн газар гадаад хүчин зүйлээс шалтгаалсан импортын тасалдал, хомсдолд байнга өртөхгүйн тулд газрын тос боловсруулах үйлдвэрийг Энэтхэгийн Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр барьж байна. Үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажил үргэлжилж байна. Бидэнд одоо түүхий эд хэрэгтэй. 

Энэ үйлдвэр нь ямар хүчин чадалтай байх вэ?
Дорнод аймагт “Петрочайна Дачин Тамсаг”, Дорноговь аймагт “Дуншин Монгол” гэж Хятадын төрийн өмчит CNРC, Синопек компанийн охин компаниуд газрын тосны олборлолт явуулж байна. Энэ компаниудын олборлолтын хэмжээ тодорхой хүчин зүйлийн нөлөөгөөр жил ирэх тусам буурч байна. 
Манай улсын барьж буй үйлдвэр жилд 1.5 сая тонн газрын тос боловсруулах хүчин чадалтай.  Тэгэхээр жилд тийм хэмжээний түүхий эд  шаардлагатай   гэсэн үг. Гэтэл одоо дээрх хоёр үйлдвэр нийт 700-800 мянган тонныг олборлож байна. Үүний цаана төдий хэмжээний түүхий эд  дутагдана. Тэгэхээр хайгуул хийж, газрын тосны нөөцөө яаралтай тогтоох шаардлагатай.

Одоогоор хайгуулын ажлыг хаана хийж байна вэ? 
Газрын тосны тухай хуулийн дагуу Бүтээгдэхүүн хуваах гэрээгээр хөрөнгө оруулагч бүх эрсдэлээ дааж, санхүүжилтээ гарган хайгуул хийж, хэрвээ газрын тос олбол Монгол Улсын Засгийн газартай Бүтээгдэхүүн хуваах гэрээ бий. Газрын тосны үйлдвэрлэл нь их хэмжээний хөрөнгө оруулалт шаарддаг. Нэг өрөм тавихад 400 мянган ам.доллар. Дээр нь үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажилд  бараг сая орчим ам.доллар зарцуулна. 

Манайд одоогоор хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Бүтээгдэхүүн хуваах 9 гэрээ бий. 2016 оноос хойш газрын тосны бүтээгдэхүүн хуваах гэрээгээр хайгуул хийж буй компаниудын хайгуулын үйл ажиллагаа зогсонги байдалд орсон. Иргэний хөдөлгөөн, орон нутгийнхны эсэргүүцэл нь хайгуулын үйл ажиллагаанд ихээхэн саад болдог. 

Энэ нь  өөрсдийнхөө эсрэг хийж буй үйлдэл л дээ. Бид шатахуун хэрэглэж байна. Шатахууны хамааралтай байна. Энэ байдлаас гарахын тулд дотооддоо үйлдвэрлэх ёстой.

Хайгуул хийж, газрын тосныхоо нөөцийг тогтоох учиртай юм. Олборлолт явуулж, боловсруулах үйлдвэр  байгуулснаар улсынхаа хэрэгцээний тодорхой хувийг хангах ёстой. “Малдаа явах гэтэл мотоциклдоо хийх бензин алга, нүүх гэсэн дизель түлш алга” гэж иргэд хэлдэг атлаа газрын тосны хайгуулын ажлыг эсэргүүцдэг. Тэгэхээр зогсонги байдалд орсон ажлуудаа явуулах нь зөв. Газрын тосны хайгуул хийж, үйлдвэрлэлээ явуулах нь монгол хүн бүрийн санаа зорилго байх ёстойг энэ өвлийн шатахууны доголдол харууллаа шүү дээ. 

Хэрэв газрын тосны үйлдвэр ашиглалтад орвол дотоодын хэрэгцээнийхээ хэдэн хувийг хангах тооцоо гарч байгаа бол? 
Манай улсын хэрэглээ жил ирэх тусам өсөн нэмэгдэж байгааг дээр өгүүлсэн. Газрын тос боловсруулах үйлдвэр 1.5 сая тонн түүхий эд боловсруулахад 1.2 сая тонн шатахуун үйлдвэрлэх боломжтой гэсэн тооцоо гарсан. Энэ бол дотоодын хэрэгцээний 50%  гэсэн үг. Бас болж байна. 

Газрын тосны бүтээгдэхүүн бол шатахуунаас гадна хий, битум, мазут гэх мэт бусад бүтээгдэхүүнийг  оруулбал 2.4 сая тонныг 2023 онд импортолсон байна. Үүн дотроос авто бензин, дизель түлш, онгоцны түлш зэрэг бүх төрлийн шатахуун нь нийт 2.1 сая тонн байна. 

Тиймээс үйлдвэр ашиглалтад орохын өмнө одоо байгаа хайгуулын талбайнуудын нөөцийг тогтоох ажлыг шуурхайлах хэрэгтэй. Геологи, хайгуулын ажилд  хугацаа их шаарддаг.

Тамсагийн гэрээг анх Лондонд төвтэй “СОКО интернэшнл” компанитай 1993 онд байгуулж, хайгуулын ажлаа эхэлсэн байдаг. “Петро чайна Дачин тамсаг” компани 2005 онд тус компаниас Газрын тосны бүтээгдэхүүн хуваах гэрээний эрх, үүргийг нь шилжүүлж авсан. Хятадын төрийн өмчит CNPC / China National Petroleum Corporation / нь газрын тосны чиглэлээр олон жил үйл ажиллагаа явуулсан туршлагатай, хүний нөөцтэй, БНХАУ-ын 100%-ийн хөрөнгө оруулалттай томоохон компани. Одоо Дорнод аймгийн Халх гол, Матад сумын нутаг дахь Тосон-Уул XIX, Тамсаг XXI талбайнуудад газрын тос олборлож байна. Энэ компани 2, 3 хэмжээст чичирхийллийн судалгааг богино хугацаанд буюу таван жилд эрчимтэй хийсний үр дүнд 2010 оноос олборлолт явуулах боломж бүрдсэн. Хэрэв бид 2016 оноос хайгуулын ажлаа хийж байсан бол одоо 1-2 талбай ашиглалтад шилжих хугацаа болсон  гэсэн үг.   

Тэгвэл нэн тэргүүнд хайгуул хийж, олборлолт явуулах боломжтой хэчнээн талбай байна вэ?
Дорнод аймаг дахь Тамсагийн газрын тосны орд газраас Дорноговь аймгийн Алтанширээ суманд баригдаж буй нефть боловсруулах үйлдвэр хүртэл нийт 530 км урт, өргөх, халаах насос бүхий түүхий тос дамжуулах хоолойн бүтээн байгуулалтын ажлыг 2023 оны дөрөвдүгээр сард эхлүүлсэн. Олон улсын тендер зарлаж, гүйцэтгэгчээр Хятадын төрийн өмчит “Норинко” групп шалгарсан, ажил урагштай байна. Одоо бид үлдсэн бусад талбайдаа газрын тосны хайгуул хийж, нөөцөө тогтоох шаардлага бий. 

Сэтгэгдэл (3)

  • Hamid Bazmi (86.5.57.10)
    Why are you not mentioning Petro Matad who discovered oil in 2019 in field XX in Matad Soum, next to Petro China's fields, but are still trying to get that oil out of the ground 5 years later. How do you think you are going to feed that oil refinery if companies like Petro Matad are treated like this. Do you really think you will get foreign investment in the oil industry when everyone can see what is happening with Petro Matad. Why is there only Petro Matad interested in applying for new licenses. Why don't you mention this in your interview
    2024 оны 02 сарын 09 | Хариулах
  • Зочин (86.5.57.10)
    Why are you not mentioning Petro Matad who discovered oil in 2019 in field XX in Matad Soum, next to Petro China's fields, but are still trying to get that oil out of the ground 5 years later. How do you think you are going to feed that oil refinery if companies like Petro Matad are treated like this. Do you really think you will get foreign investment in the oil industry when everyone can see what is happening with Petro Matad. Why is there only Petro Matad interested in applying for new licenses. Why don't you mention this in your interview
    2024 оны 02 сарын 09 | Хариулах
  • Carl Doswell (77.103.245.57)
    Why are you not mentioning Petro Matad who discovered oil in 2019 in field XX in Matad Soum, next to Petro Chinas fields, but are still what to get that oil out of the ground 5 years later. How do you think you are going to feed that oil refinery if companies like Petro Matad are treated like this. Do you really think you will get foreign investment in the oil industry when everyone can see what is happening with Petro Matad. Why is there only Petro Matad interested in applying for new licences. Why don't you mention this in your interview
    2024 оны 02 сарын 08 | Хариулах