Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Эдийн засаг

Эдийн засгийн эерэг үзүүлэлт буюу нүүрсний нөлөө 


А.Халиун

Монгол Улс өнгөрөгч 2023 онд дэлхийн 163 улстай худалдаа хийж, нийт бараа эргэлт 24.4 тэрбум ам. долларт хүрсэн байна. Үүнээс экспорт 15.1 тэрбум ам.доллар, импорт 9.2 тэрбум ам.доллар болж гадаад худалдааны тэнцэл 5.9 тэрбум ам.долларын ашигтай гарлаа. Экспорт өмнөх оны мөн үеэс 2.6 тэрбум ам.доллар буюу 21.9%-иар, импорт 54.1 тэрбум ам.доллар буюу 6.3%-иар өссөнийг Үндэсний статистикийн хорооноос мэдээлсэн байна. 

Экспорт өмнөх оноос 2.6 тэрбум ам.доллараар өсөхөд юу нөлөөлөв? Мэдээж нүүрс. Нүүрсний экспортын орлого 2.4 тэрбум ам.доллар буюу өмнөхөөс 37%-иар өссөн. Биет хэмжээгээр нь авч үзвэл өмнөх оноос 38 сая тонноор өсөж, 70 сая тоннд хүрлээ. 2023 оны Төсвийн тухай хуульд 36.5  сая тонн нүүрс экспортлохоор төлөвлөн тусгасан бол 33.5 сая тонноор давуулан биелүүлсэн билээ. 

Харин бусад эрдэс бүтээгдэхүүний экспортын дүнг харвал: 

Жоншны хүдэр, баяжмал 
    162 сая ам.доллар буюу 2.5 дахин 
    биет хэмжээгээр 700 мянган тонноор өссөн. 

Газрын тос 
    123 сая ам.доллараар, 
    биет хэмжээгээр 2.1 сая баррелаар өссөн бол 

алтны экспорт 
    өмнөх оноос 389 сая ам.доллар буюу 35%-иар буурсан байна.   

Зэсийн баяжмалын экспорт 
    өмнөх оноос 17%-иар өссөн. 

2023 оны I-XI сарын хооронд Монголд  үйл ажиллагаа явуулж буй гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүд 1.29 тэрбум ам.долларын шууд хөрөнгө оруулалт хийжээ. Үүний дийлэнхийг “Оюутолгой” төслийн хөрөнгө оруулалт бүрдүүлж байгааг Монголбанк онцоллоо.

ҮСХ-ноос Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2023 оны урьдчилсан гүйцэтгэлийг нэгдүгээр сарын 17-ны өдөр мэдээлсэн. Уг мэдээлэлд, 2023 онд экспортын 92%-ийг уул уурхайн бараа бүтээгдэхүүн, 6%-ийг хөдөө аж ахуйн гаралтай бараа бүтээгдэхүүн бүрдүүлсэн. Манай улс экспортын 91%-ийг БНХАУ руу, 4%-ийг Швейцарь улсад нийлүүлсэн бол Хятад руу экспортолсон барааны 62.7%-ийг чулуун нүүрс, 19%-ийг зэсийн баяжмал эзэлж байна. Швейцарь улс руу экспортолсон барааны 99.5%  нь алт гэж дурдав. 

Нүүрсний ачаар 2023 онд Монгол Улсын төлбөрийн тэнцэлд эерэг өөрчлөлт гарсан. Оны нийт дүнг авч үзвэл төлбөрийн тэнцлийн орлого, зарлагын зөрүү +1.4 тэрбум ам.доллар байгаа ба үүнийг задалж үзвэл сүүлийн 10 гаруй жилд гараагүй эерэг өөрчлөлт буюу урсгал тэнцлийн ашиг  анх удаа эерэг дүнтэй гарсныг эдийн засагчид тодотгож байна. 

“Нүүрсний экспортын өсөлтийн нөгөө талд өнгөрсөн жилүүдэд Төв банкнаас хэрэгжүүлсэн мөнгөний бодлого, валютын ханшийн тохиргоо оновчтой болж 2023 оны эцэст валютын нөөц +1.4 тэрбумаар өсөж, 4.9 тэрбум ам.долларт хүрэв. Валютын нөөц ийн хуримтлагдаж байгаа нь төгрөгийн гадаад валюттай харьцах ханш 2023 онд жилийн дүнгээр нэг хувиар чангарах  эерэг нөлөөллийг үзүүллээ” гэж Монголбанкны ерөнхий эдийн засагч Д.Ган-Очир тайлбарласан байна. 

Тэрбээр, 2024 онд Монгол Улсын эдийн засгийн өсөлт 6.2%-д хүрнэ гэсэн төсөөлөлтэй буйгаа илэрхийлсэн ба үүнд экспортын орлого өндөр байх, тэр дундаа нүүрсний экспортын биет хэмжээ 60 сая тонноос буухгүй бол энэ төсөөлөл биеллээ олох боломжтой гэж үзжээ. 


Нүүрс экспортын орлогын 67%-ийг бүрдүүлж байна 

Монголбанкнаас макро эдийн засаг, инфляци, санхүүгийн салбарын шинжилгээг хийх, аж үйлдвэржилтийн бодлого, бүтээмжийг сайжруулах чиглэлээр бодлогын судалгаанууд хийдэг.  Төвбанкны Судалгаа, стастистикийн газраас 2023 онд хийж гүйцэтгэсэн судалгааны ажлуудаа тоймлон   /2024.I сар/  гаргажээ. 

Уг тайланд  судлаач Б.Эрхэмбаярын “Монгол Улсын экспортын нүүрсний үнийг төсөөлөх нь” сэдэвт судалгааны бүтээл нийтлэгджээ. Манай улсын эдийн засгийн өсөлтийн үндсэн гол хөшүүрэг, ирэх жилүүдийн хүлээлт болсон нүүрсний зах зээлийн тоймыг товчлон хүргэж байна.

Манай орны нүүрсний онцлог шинж,  нөөц нь тогтоогдсон уурхайн  нүүрсний чанар,  нүүрсний үнийн төсөөлөл гаргах, макро эдийн засгийн тооцоолол хийх зэрэг нь зах зээлд борлуулах худалдааны  байгууллагуудтай яриа хэлэлцээр хийхэд  тус нэмэр болдог. 
Тиймээс Монгол Улсын нүүрсний онцлог, борлуулж буй үнэ дэлхийн зах зээлийн ямар төрлийн нүүрсний үнэтэй хэрхэн хамааралтай болохыг  судлах, цаашдын төсөөллийг хэрхэн хийвэл оновчтой талаар судлах нь чухал байгааг судлаач Б.Эрхэмбаяр дурджээ.

Манай нүүрсний илчлэг 6430-8100 ккал/кг 

Монгол оронд одоогоор 270 гаруй орд бүртгэгдсэний  талаас бага хувь нь коксжих чулуун нүүрсний орд  байгаа бөгөөд үүний 70 орчмыг нь газар зүйн хувьд нарийвчлан судалжээ. Эдгээр нүүрсний орд нь манай улсын баруун, өмнөд болон төвийн нутгаар тархсан байна.

Манай нүүрсний илчлэг нь 6430-8100 ккал/кг хооронд хэлбэлзэх бөгөөд Хархираагийн сав газрын уурхайнуудын нүүрсний илчлэг хамгийн бага байгаа бол Сайханы овоо, Хөшөөт зэрэг ордод дундаж хэмжээнд, Хотгор, Тавантолгой хам­гийн өндөр түвшинд байна. Ерөнхийдөө нүүрсний чанар газар нутгийн зүүнээс баруун чиглэлд сайжрах бөгөөд чулуун нүүрс, хүрэн нүүрсийг дотооддоо цахилгаан үйлд­вэр­лэхэд ашиглах бол коксжих чулуун нүүрсийг голчлон экспортолж байна.

Ашигт малтмал газрын тосны газрын 2021 оны мэдээнээс харахад манай улсад нүүрсний 40 аж ахуйн нэгжийн 44 уурхай идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаагийн 29 уурхай нь чулуун нүүрсний, 15 нь хүрэн нүүрсний уурхай юм. Эдгээр уурхайнуудаас Өмнөговь аймаг дахь Тавантолгойн орд болон Нарийнсухайтын бүлэг ордод үйл ажиллагаа явуулж буй уурхайнууд экспортын ихэнх хэсгийг бүрдүүлдэг. Харин Багануур, Шивээ-Овоогийн уурхай олборлосон нүүрсээ экспортод гаргадаггүй, 100%  дотоодын хэрэгцээнд ашиглаж байна. 

Нүүрс экспортолж буй компаниудаас “Энержи Ресурс” ХХК, “Саусгоби Сэндс” ХХК, “МоЭнКо” ХХК зэрэг компаниуд   баяжуулсан  нүүрс гаргаж байна. 

Манай улс 2022 онд 37.2 сая тонн нүүрс олборлож, 31.7 сая тонныг экспортолжээ. Экспортын нүүрсний 94%-ийг Хятад улс руу, 3.8%-ийг Сингапур улс руу, БНСУ руу 2.1% борлуулж байв.  Сүүлийн таван жилийн статистикаас харахад дотоодын нүүрсний хэрэглээ нэг жилд 10 орчим сая тонн болж, үүний 70 орчим хувийг ДЦС-ууд ашиглаж байна. Түүнчлэн экспортолсон нүүрсний хэмжээ 30 сая тонноос өндөр байсан жилүүдэд (2017-2019, 2022) экспортын 97-гоос дээш хувийг зөвхөн Хятад улс руу гаргаж байсан бол одоо ч энэ хэвээр байна. 

Манай улсын нүүрсний экспорт 2015 оноос хойш жилээс жилд тогтмол өссөн боловч 2020-2021 онд Ковид-19 цар тахал дэгдсэн нь тээврийн салбарт хүндрэл үүсгэж, улмаар экспортлох нүүрсний хэмжээ жил дараалан буурав. Монгол Улс 2019 онд 36.5 сая тонн нүүрс экспортолж, түүхэн дээд түвшинд хүрсэн гэж онцолж байв. Тэр үеэс 2021 оныг хүртэл экспортолсон нүүрсний хэмжээ 60 орчим хувиар буурсан бол 2022 онд тээвэр эргэн сэргэснээр экспортын нүүрсний биет хэмжээ 31.7 сая тоннд хүрч, өмнөх оныхоос хоёр дахин нэмэгджээ.

2019 онд Хятадын коксжих нүүрсний импортын 45.2%-ийг манай коксжих нүүрс эзэлж байсан бол цар тахлын жилүүдэд 26.6%  хүртэл буураад 2022 онд 40%-ийг давж эргэн сэргэсэн байна.   

Нүүрсний экспортыг боомтуудаар харвал Өмнөговь аймаг дахь Гашуунсухайт, Шивээхүрэн боомтуу­даар нийт нүүрсний экспортын 90 гаруй хувийг гаргадаг байна. Тус боомтууд нь Тавантолгой, Нарийнсухайтын ордуудад хамгийн ойр орших тул эдгээр боомтууд ийнхүү экспортын гол түших цэг болжээ.


 

Олон улсын нүүрсний зах зээл

Сүүлд буюу 2020 онд шинэчлэгдсэн тооцоогоор дэлхийн хэмжээнд нэг их наяд тонн гаруй нүүрсний нөөц батлагдсан тухай дурджээ. Үүнийг нүүрсний нөөцийн хэмжээгээр авч үзвэл АНУ (23.2%), ОХУ (15.1%), Австрали (14.0%), Хятад (13.3%), Энэтхэг (10.3%) гэсэн таван улсад  80 шахуу хувь нь төвлөрч байна. Харин Монгол Улсын хувьд дэлхийн нүүрсний нөөцийн 0.2 хувь буюу 2.5 тэрбум тонн нөөцтэй. Энд дурдсан зарим орон нүүрсний нөөц ихтэй ч үйлдвэрлэл нь хэрэглээгээ хангаж  хүчрэхгүйгээс газар зүйн байршлын хувьд ойролцоо улс орноос импортолдог. Нүүрс нь овор ихтэй, тээврийн зардал өндөртэй тул худалдах, худалдан авах талууд голчлон хил залгаа, ойролцоо бүс нутагтай худалдаа хийхийг илүүд үзнэ. Коксжих нүүрсний худалдааны эргэлтийг авч үзвэл:

• Австрали → Зүүн Өмнөд Ази болон Европ
• Монгол → Хятад
• ОХУ → Евро-Ази болон Хятад 
• АНУ → Европ, Төв болон Өмнөд Америк руу нүүрс  экспортолж байна.   

Австрали улс 2022 онд коксжих нүүрсний экспортынхоо талаас илүү хувийг Энэтхэг, Японд нийлүүлжээ

Дэлхийн нийт нүүрсний экспортыг 2022 оны байдлаар биет хэмжээгээр харьцуулан харвал Индонез, Австрали, ОХУ, АНУ зэрэг улсууд эхний байруудад жагсаж байна. Манай улсын хувьд нийт экспортын нүүрсний 2%-ийг бүрдүүлж байна. Харин коксжих нүүрсийг тусад нь харвал манай улс Австрали, АНУ, ОХУ, Канад зэрэг улсуудын араас тавдугаарт орж байна. 

Сүүлийн жилүүдийн статистикаас харвал коксжих нүүрсний дэлхийн хамгийн том нийлүүлэгч Австрали улсын экспортын   53 орчим хувь нь эрчим хүчний нүүрс бол үлдсэн хэсэг нь коксжих нүүрс байна. Тус улс жил бүр 170 сая тонн орчим коксжих нүүрс экспортолдог бөгөөд 2022 онд тус улсын коксжих нүүрсний 28.3%-ийг Энэтхэг, 24.8%-ийг  Япон, 7.7%-ийг  Өмнөд Солонгос руу экспортолжээ.

2022 оноос өмнөх жилүүдэд Хятад улсын эзлэх хувь өндөр байв. 2020 онд Хятад улс Австралийн нүүрсэд хориг тавьсан тул 2022 онд Хятад улс руу экспортлоогүй. Коксжих нүүрсний өөр нэг томоохон нийлүүлэгч нь АНУ бөгөөд тус улс 2022 онд 41 сая тонн коксжих нүүрс экспортолсны  ихэнхийг Европын орнууд, Энэтхэг, Бразилд борлуулсан байна. 
Дэлхийн нүүрсний хамгийн том тоглогч БНХАУ

Нүүрсний хамгийн том хэрэглэгч Хятад улс дэлхийн нийт нүүрсний импортын 21.3%-ийг эзэлж,  нүүрс импортлох хэмжээгээр дэлхийд тэргүүлж байна. Хятад улс нь дэлхийн нийт нүүрснээс гарган авч буй эрчим хүчний 54 орчим хувийг хэрэглэж байгаа ба 51 орчим хувийг (4.5 тэрбум тонн нүүрс) үйлдвэрлэдэг. Өөрөөр хэлбэл, Хятадын нүүрсний уурхайнууд эрэлтээ бүрэн хангах хэмжээнд хүрэхгүй байгаа тул бусад орноос импортолж байна. 
Олон улсын эрчим хүчний агентлагийн мэдээгээр Хятад улс сүүлийн таван жилд дунджаар 310 сая тонн нүүрс, 2022 онд 285  орчим сая тн нүүрс импортолжээ. 

Хятадын нүүрсний импортын 95 орчим хувийг Индонез, Австрали, ОХУ болон Монгол гэсэн цөөн улсууд нийлүүлдэг. Хятад улс 2022 онд 4.3 тэрбум тонн нүүрсний хэрэглээнийхээ 6%  орчим буюу 267 сая тонн нүүрсийг импортоор авчээ. 
Зургаан хувь гэх тоог харвал урд хөрш  нүүрсний импортын хамаарал харьцангуй бага буюу  нүүрсний дотоодын олборлолтоороо хэрэгцээгээ хангах боломжтой аж.  

Олон улсын эрчим хүчний агентлагийн тайлангаас харахад 2020 онд Хятадад нүүрсний 4700 орчим уурхай үйл ажиллагаа явуулж байжээ. Цаашид Хятадын зүгээс 14 дэх таван жилийн төлөвлөгөөгөөр эрчим хүчний аюулгүй, хямд, хүртээмжтэй байдлыг хангах, хүрээлэн буй орчны тогтвортой байдлыг хангах зорилгоор 2021-2025 онд нүүрсний жижиг оврын 700 орчим уурхайг хааж, том уурхайуудаа дэмжиж, Хятад даяар нүүрсний уурхайн тоог 4000-д хүргэх зорилт тавьжээ. 

Түүнчлэн, Хятад улсын  нүүрс­хүчлийн хийн ялгаруулалт  2030 онд дээд хэмжээнд хүрч, түүнээс хойш тасралтгүй бууруулсаар 2060 он гэхэд нүүрсхүчлийн хийн ялгаруулалтгүй улс болох зорилготой.
Хятадын нийт нүүрсний олборлолтын 85 орчим хувь нь эрчим хүчний нүүрс, үлдсэн хэсэг нь ган хайлуулах гол орц болох коксжих нүүрс. Тус улсын эрчим хүчний нүүрснийхээ олборлолтын 80 орчим хувийг Өвөр Монгол (30%), Шаньси (22%), Шэньси (21%), Шинжаан (6%) гэх  дөрвөн мужаас хангаж байна. 

Жилд дотооддоо 480 орчим сая тонн коксжих нүүрс олборлож байгаагийн 50 орчим хувийг Шаньси муж дангаар хангадаг бол зүүн бүсийн Шаньдун, Аньхуй; Өмнө зүгийн Хэнань, Гуйжоу; хойд зүгийн Өвөр Монгол, Хармөрөн зэрэг мужид коксжих нүүрсний томоохон уурхайнууд нь байрладаг. 

Дэлхий нийтээр хэрэглэж буй нийт нүүрсний 86 орчим хувь нь эрчим хүчний нүүрс байгаа бол үлдсэн 14 орчим хувь нь коксжих нүүрс эзэлнэ. 2022 онд дэлхий даяар 8 тэрбум тонн нүүрс ашигласны 6.9 тэрбум тонн нь эрчим хүчний нүүрс байв. Хятадын хувьд ч адил дүр зураг харагдах бөгөөд хүрэн нүүрс тус улсын хэрэглээнд 83 орчим хувийг эзэлж, импортын нүүрсний 70-80 орчим хувийг бүрдүүлж байна.