Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ мэдээлэл

ЭРЧИМ ХҮЧНИЙ ХАМААРЛЫГ БУУРУУЛАХ ЯМАР ШИЙДЭЛ БАЙНА ВЭ?

А.Халиун

Шинэ оны өмнө ОХУ-аас илгээсэн мэдэгдэл монголчуудыг сандаргав. 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдөр ОХУ-аас Монголд эрчим хүч нийлүүлдэг “ВЕК” хувьцаат нийгэмлэгээс манай Диспетчерийн үндэсний төвд ирүүлсэн уг мэдэгдэлд “ОХУ-аас нийлүүлж буй цахилгаан эрчим хүчний дээд хэмжээ 345 МВт хүрч байсныг 150 МВт-аас хэтрүүлэх боломжгүй” болсноо дуулгасан билээ.

Идэр есийг угтан ирсэн энэ мэдээ манай улсын хувьд том цохилт болж, юун түрүүнд хэрэглэгчдийн эрчим хүчийг хэсэгчлэн хязгаарлах, орон сууцуудаа хөлдөөчихөлгүй онд орох том сорилтын өмнө авчирсан. Эрчим хүчний салбар өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж буй тухай Б.Чойжилсүрэн сайдын мэдээллийг дэлгэцээс харж суухдаа унтраалгүй орхисон ариун цэврийн өрөөний гэрэл, магадгүй сүлд модны гэрлийг ч унтрааж амжсан болов уу.

Айл өрхүүдийн цахилгаан эрчим хүчийг хязгаарлах нь гарцаагүй болсон тэр үед ахуйн газ, лаа шүдэнзээ зэхэхээр дэлгүүр рүү алхсан иргэд цөөнгүй биз ээ.

Энэхүү мэдэгдлийн маргааш нь “ОХУ-аас Монгол Улсад нийлүүлэх цахилгаан эрчим хүчийг ойрын үед хязгаарлахгүй болсныг Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын Оросын хэсгийн дарга А.А.Козлов мэдэгдсэн ч болгоомжлол тээсэн өдрүүд үргэлжлэв. Тэр өдрөөс хойш хоёр сар орчим хугацаа өнгөрөхөд цахилгааны хязгаарлалт

хийж сүйд болоогүй ч асуудал шийдэгдээгүй. Дараагийн мэдэгдэл хэзээ ирэхийг хэлж мэдэхгүй нөхцөлд бид амьдарч буй нь гашуун үнэн билээ.

Эрчим хүчний хамаарлыг бууруулах ямар шийдэл байна вэ. Монгол Улс хэр зэрэг потенциалтай вэ? Эдгээр асуултад тодорхой түвшинд хариулт өгөх хэлэлцүүлгийг Монгол дахь Америкийн худалдааны танхимаас нэгдүгээр сарын 23-ны өдөр зохион байгуулав.

“Монгол Улс сэргээгдэх эрчим хүчний салбарын бие даасан байдалд хүрэх замнал” сэдэвт хэлэлцүүлгийн модератораар “АмЧам Монгол” байгууллагын ТУЗ-ийн тэргүүн Гари Биондо ажиллаж, панелистаар Эрчим хүчний яамны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга Б.Ерэн-Өлзий, АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн /USAID/ төслийн удирдагч Майкл Эллис, Азийн хөгжлийн банкны Суурин төлөөлөгч Шэннон Коулин, хувийн хэвшлийг төлөөлж “Ньюком групп”-ийн Дэд бүтцийн асуудал эрхэлсэн захирал Д.Ганхуяг нар оролцсон юм.

Эрчим хүчний тарифын шинэчлэл, орчин үеийн санаачилга, технологийн дэвшил, энэ салбарын хөгжлийн цаашдын чиг хандлага зэрэг сэдвийг хөндөж, эрчим хүчний салбарт бодлого боловсруулагчид, хувийн хэвшлийн төлөөлөл болон хөрөнгө оруулагчид оролцож байр сууриа илэрхийлсэн.

Олон улсын байгууллагын төлөөлөгчид Монгол Улс эрчим хүчний салбараа хэрхэн бие даасан тогтолцоонд шилжүүлэх, эрчим хүчний салбарын үнэ тариф индексждэггүй алдагдалтай ажиллаж ирсэн 20 гаруй жилийн асуудлаа яаж шийдэх, цаашид энэ салбар хэрхэн хөгжих вэ? гэх мэт сэдвийг хөндөж, Монгол Улсын Засгийн газрын бодлого болон салбарын мэргэжилтнүүдийн үгийг сонсохыг хүсжээ.

Зөөлөн дулаан уур амьсгалтай улс орнуудад эрчим хүчийг цахилгаанаараа төсөөлдөг бол манай улсын хувьд дулаан, цахилгаан гэсэн хоёр чиглэлтэй. Монгол Улсад эрчим хүчний салбарын бодлогын бараг 70% нь дулаан хангамжийн асуудлыг хэрхэн шийдэхтэй холбоотой байдаг. Магадгүй, Улаанбаатар хотын дулаан хангамжийн асуудлыг хэрхэн шийдэхээс Монгол Улсын эрчим хүчний салбарын бодлого эхэлдэг хэмээн Эрчим хүчний яамны газрын дарга Б.Ерөн-Өлзий ярив.

Төвийн бүсийн эрчим хүчний нэгдсэн сүлжээ Монгол Улсын эрчим хүчний хэрэглээ, үйлдвэрлэлийн 90 гаруй хувийг үйлдвэрлэдэг. Төвийн бүсийн эрчим хүчний нэгдсэн сүлжээ орой болон өдрийн оргил ачааллын үед ОХУаас эрчим хүч импортолж байна.

Манай улсын эрчим хүчний салбар алдагдалтай ажилладаг. Тодруулбал, цахилгаан эрчим хүчний салбар 40%, дулааны эрчим хүч 80%-ийн алдагдал хүлээж, улсын төсвийн татаасаар оршин тогтнож байна.

Монгол Улс ОХУ-аас 1кВт/цаг эрчим хүчийг 220 төгрөгөөр авч, айл өрхүүдэд 140 орчим төгрөгөөр нийлүүлдэг. Зөрүүг улс төлж, алдагдалтай ажиллаж ирсэн. Мөн орон нутгийн дулааны станцууд иргэдээс авсан төлбөрөөр зардлаа нөхөх боломжгүй тул татаас өгч байна. Уг нь эрчим хүчний зохицуулах хороо /ЭХЗХ/ зардлыг тооцож, тогтоох чиглэлд хараат бус ажиллах хуулийн зохицуулалттай ч хэрэгждэггүй. Эрчим хүчний хэрэглээний үнэ тарифыг тогтоох таван субьект байдгийн гурав нь Засгийн газрыг төлөөлж, нэг нь хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах газраас, нэг нь МҮХАҮТ[1]ыг төлөөлдөг. Тэгэхээр үйлдвэрлэгч гэхээс илүү хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах бодлого энэ салбарт түлхүү хэрэгждэг.

Эрчим хүчний тухай хууль батлагдсанаас хойш 20 гаруй жил өнгөрлөө. Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах биш шинэчлэн найруулах цаг болсон. Ингэхдээ үнэ тарифыг хүнээс хамааралгүй, тогтсон томъёоллын дагуу индексжүүлэн нэмэгдүүлж байх шаардлага үүссэнийг эрчим хүчний салбарынхан хүлээн зөвшөөрч байна. Хуулийн шинэчлэл хийхэд олон улсын байгууллагуудтай хамтран ажиллах хүсэлтэй буйгаа Б.Ерэн-Өлзий дарга илэрхийлж байв.

Д.ГАНХУЯГ: ЭРЧИМ ХҮЧНИЙ ӨСӨН НЭМЭГДЭЖ БУЙ ХЭРЭГЦЭЭГ СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧНИЙ ЭХ ҮҮСВЭРЭЭР ХАНГАХ БОЛОМЖТОЙ

2023 онд эрчим хүчний салбар хамгийн их ашигтай ажилласан. Араас нь мэдээллийн технологи, банк, санхүүгийн салбар орж байна. Гэтэл Монголд эсрэгээрээ эрчим хүчний салбар хамгийн их алдагдалтай.

Монгол Улсын эрчим хүчний салбарт шинэчлэл хийж чадахгүй 30 жил боллоо. Гэтэл дэлхий нийтээр эрчим хүчний шилжилт рүү орж байна. Дубайд болсон COP-28 уур амьсгалын асуудлаарх НҮБ[1]ын бага хурал, Давосын дэлхийн эдийн засгийн чуулганаар хөндсөн гол асуудал нь сэргээгдэх эрчим хүч. Эдгээр чуулгануудад манай улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нар оролцож, ногоон эрчим хүчний хэрэглээг дэмжих талаар төрийн бодлого, байр сууриа илэрхийлж байна. Төрөөс сэргээгдэх эрчим хүчийг дэмжих бодлогоо тодорхойлсон. Одоо хэрхэн ажиллах стратеги төлөвлөгөөгөө боловсруулж шуурхай ажиллахгүй бол цонх үе удахгүй хаагдана.

Хятад улс сэргээгдэх эрчим хүчний том эх үүсвэрүүдээ Өвөр Монгол талдаа барьж байна. Өвөр Монгол 2023 онд 300 тэрбум кВт/цаг эрчим хүч нийлүүлсэн. “Өвөр Монгол Хятадын ногоон эдийн засгийн төв, гадаад хөрш улстай холбох гүүр болно” гэж БНХАУ[1]ын дарга Ши Жиньпин Өвөр Монголд ажиллах үедээ хэлсэн. Хөрш улс гэхээр Монголыг хэлж байгаа болов уу. Монгол Улс сэргээгдэх эрчим хүч экспортлох бүрэн боломжтой, бид энэ боломжоо цаг алдахгүй ашиглах хэрэгтэй байна хэмээн “Ньюком групп”-ийн Дэд бүтцийн асуудал эрхэлсэн захирал Д.Ганхуяг саналаа хэлэв.

Эрчим хүчний өсөн нэмэгдэж буй хэрэгцээг сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээр хангах боломжтойг төрөөс нэг шийдэл хэмээн харж байна. Говийн бүс нутаг жилдээ 260 гаруй өдөр цэлмэг, байнгын нартай, мөн хүчтэй салхины урсгал ихтэй байдаг нь дэлхийд нар, салхинаас эрчим хүч гаргаж авах хамгийн боломжит газруудын нэг гэдгийг олон улсын байгууллагууд ч судлаад тогтоожээ.

Нар, салхины эрчим хүчний үйлдвэрлэл нь хямд зардалтайн дээр дотоод нөөц баялагт тулгуурладаг тул Монгол Улсын эрчим хүчний аюулгүй байдал, хараат бус байдлыг хангахад үнэтэй хувь нэмэр оруулна хэмээн Европын Холбооны Төлөөлөгчийн Газрын хэвлэл цахим хуудсанд дурджээ.

Манай улс эрчим хүчний хэрэглээнийхээ 10%-ийг сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээс авч байна. Цаашид энэ хэмжээг нэмэгдүүлэх шаардлага бий.

Нар, салхины нөлөөллөөс хамаарч үйлдвэрлэх эрчим хүчний хэмжээ тогтворгүй, хувьсаж байдаг тул үүнийг тохируулах станцууд барих шаардлага үүсдэг нь гол бэрхшээл болдог. Тиймээс манай улсын дулааны эрчим хүчний гол эх үүсвэр нь нэг хэсэгтээ нүүрс хэвээр байна хэмээн тодотгов.

Говийн бүс сэргээгдэх эрчим хүчний потенциалтай учир цаашид сэргээгдэх эрчим хүчний гол эх үүсвэр болох байх. Гэхдээ хувьсах эх үүсвэр биш дунд нь давтамжийг тохируулж байдаг тогтвортой эрчим хүчний эх үүсвэр заавал байх шаардлагатай. Тэр нь Тавантолгойн цахилгаан станц болно гэсэн бодлого гаргаад, энэ төслийг хэрэгжүүлэхээр үе үеийн Засгийн газар ажиллаж байна. Энэ станц нь өмнөд бүсийн уул уурхайн баяжуулах үйлдвэрүүдийн эрчим хүчний үндсэн хэрэглээний нэг эх үүсвэр болно. Цаг хугацааны хувьд энэ станц уул уурхайн төслүүдийнхээ дараа ашиглалтад орохоор байна. Тэр хүртэл төвийн бүсээс өмнөд бүсийн хэрэглээгээ хангана гэсэн үг. Тухайлбал, Бөөрөлжүүтийн цахилгаан станцын эхний блок ирэх аравдугаар сард ашиглалтад орно. Дараагийн блок 2025 онд орно. Үүнтэй зэрэгцэн Багануурын цахилгаан станцын барилга угсралтын ажил энэ онд үргэлжилнэ. Төвийн бүсэд шинээр сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүдийг бий болгоно гэж Б.Ерөн-Өлзий дарга товч танилцуулав.

Түүнээс “Эрчим хүчний үнэ тарифыг нэмэх бодит шаардлага үүссэнийг салбарынхан хүлээн зөвшөөрч, олон улсын байгууллагууд ч зөвлөж байна. Эрчим хүчний яаманд энэ чиглэлээр ямар арга хэмжээ авч байна вэ?” гэсэн асуулт тавихад,

-Бодит байдлыг харахад дулааны эрчим хүчний үнэ тарифыг 80%, цахилгааны үнэ тарифыг 40% өсгөх бодит хэрэгцээ шаардлага байна. Улирал тутам зах зээлийн үзүүлэлтүүдтэй уялдуулан индексжүүлэн нэмээд явах ёстой байсан. Гэхдээ өнөөгийн эдийн засгийн хүндрэлтэй нөхцөлд цаг үеэ олсон шийдэл мөн үү гэвэл эргэлзээтэй. Зах зээлийн өртөг зардлаа тооцож, алдагдлыг бууруулах чиглэлээр алхам хийх шаардлага гарч байна гэв.

 

Сэтгэгдэл (1)

  • БОЛД (66.181.188.200)
    ПОСЛАТЬ ФАКИНГ РУССКИХ НА ХУЙ
    2024 оны 03 сарын 07 | Хариулах