Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ярилцлага

Х.АМАРЖАРГАЛ: МОНГОЛЫН УУЛ УУРХАЙД “ЭРЭЛ ХАЙГУУЛЫН ЭРИН ҮЕ”-ИЙГ ЭХЛҮҮЛЭХ ЦАГ БОЛСОН

Канадын Торонто хотод 2024 оны 3-р сарын 3-6-ны өдрүүдэд Олон улсын эрдэс баялгийн хайгуул, олборлолтын “PDAC 2024” чуулга уулзалт болох гэж байна. Уулзалтад Уул уурхай, Хүнд үйлдвэрийн яам, Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциаци хувийн хэвшлийн компаниудын  төлөөллүүдтэй хамтран Монгол Улсаа төлөөлөн оролцоно.
Энэ хүрээнд бид Монголд үйл ажиллагаа явуулж буй хамгийн том хөрөнгө оруулагч компани болох Рио Тинтогийн Монгол дахь үйл ажиллагааг хариуцсан захирал Х.Амаржаргалтай цаг үеийн сэдвээр ярилцлаа.


-Та энэ удаагийн чуулганы онцлогийг хэрхэн харж байна вэ. Мөн ямар хүлээлттэй байна вэ?
-PDAC нь дэлхийн эрдэс баялгийн хайгуулын салбарынхны хамгийн том цугларалт гэдэг утгаараа манай улс шиг уул уурхайн, тэр дундаа энэ салбарт том тоглогч болохоор зорьж буй улсуудын хувьд олон боломж олгодог.

Уул уурхайн салбар нь Монголын эдийн засгийн хөдөлгөгч хүч. Тэгвэл үүний мотор нь геологи хайгуул бөгөөд хайгуулын салбар нь түрүүлж алхах учиртай. Гэтэл одоогоор манай газар нутгийн маш бага хувь нь судлагдсан бөгөөд хайгуулын салбарт хөрөнгө оруулалт татах чадвар сул байна.

Бид өөрсдийгөө асар их баялагтай гэдэг боловч энэ баялгийг бий болгох суурь болсон ашигт малтмалын нөөцийг эрэн хайж, түүнд хөрөнгө оруулалгүйгээр баялгаа ашиглах боломжгүй. Тиймээс геологи хайгуулыг нээлттэй болгож, хөгжүүлснээр гадаадын хөрөнгө оруулалтын урсгалыг татах төдийгүй эдийн засгийн өсөлтийг эрчимжүүлэх боломжийг олгоно гэж хардаг.

Сүүлийн жилүүдэд технологийн өндөр хөгжлийг дагаж бага зардлаар томоохон талбайд эсвэл газрын гүнд хайгуул хийдэг болоод байна. Улс орнууд хайгуулын салбартаа өндөр технологиуд нэвтрүүлснээр томоохон орд газруудыг олох боломжоо өсгөж, дата бааз сууриа нэмэгдүүлснээр хөрөнгө оруулагчдыг амжилттай татаж байна.  

Тиймээс бид үүнээс хоцрохгүйн тулд олон жил хүлээгдсэн ашигт малтмалын эрэл хайгуулын ажлыг түргэвчлэх шаардлагатай. Нэг ёсондоо Монголд “эрэл хайгуулын эрин үе”-ийг эхлүүлэх хэрэгтэй байна. Түүнийгээ PDAC шиг олон улсын төлөөлөл цугласан тавцан дээрээс тодорхой зарлавал хөрөнгө оруулагчдын сонирхлыг эргүүлэн татах эхлэл болно.

-Рио Тинто групп Оюу толгойн бүтээн байгуулалтад 2010 оноос хойш тасралтгүй хөрөнгө оруулсан.  Оюу толгой төслийн дараагийн шатны төлөвлөлт, хөрөнгө оруулалт юу байх вэ?
Оюу толгойг өнөөг хүртэл бүтээн байгуулахад бид нийт 16 тэрбум гаруй ам.долларын хөрөнгө оруулаад буй. Үүний ихэнхийг Оюу толгойн үнэ цэнийн 80 хувь болох гүний уурхайд зарцуулснаар бид бүтээн байгуулалт, үйлдвэрлэлийн төлөвлөгөөгөө хангаж, 2030 оны үед зэсийн салбарт дэлхийд тэргүүлэх тоглогч болох зорилгоо биелүүлэхээр ажиллаж байна.

Үүнээс гадна Рио Тинто хагас жил орчмын өмнө Оюу толгойн дараагийн шатны төслийн судалгаа хөгжүүлэлтийн багийг Монгол дахь оффистоо байгуулж, багаа бүрдүүллээ. Энэ баг нь  Оюу толгойг дагасан аж үйлдвэржилтийн суурийг тавих томоохон төслүүдийн судалгааг хийж эхэлсэн. Тухайлбал Монголчуудын олон жил ярьж, байгуулахыг хүсэж буй зэс хайлуулах үйлдвэрийн судалгааны ажлыг эрчимтэй урагшлуулж байгаа. Оюу толгойг дагасан аж үйлдвэржилт нь дахиад уг төсөл шиг хөрөнгө оруулалт татаж, ажлын байрыг бий болгох боломжтой учир бид дараагийн том ажлуудыг эхлүүлнэ гэдэгт итгэж байна.

-Сэргээгдэх эрчим хүч, цахилгаан машины үйлдвэрлэлийн эрин үед дэлхий дахинд зэсийн эрэлт хэрэгцээ улам бүр өсөн нэмэгдэж байна. Энэхүү хэрэгцээг хангахад Рио Тинто групп, тэр дундаа Оюу Толгой ямар хувь нэмэр оруулах төлөвлөлттэй байна вэ?
- Таны дурдсан зэсийн ирээдүй л Рио Тинтог Монголд хөтөлсөн. Дэлхий дахинд ирэх 25 жилд нүүрсхүчлийн хийн ялгарал шингээлтийн харьцааг тэглэж, дэлхийн эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах боломжийг бүрдүүлэхийн тулд 700 гаруй сая тонн зэс шаардлагатай болно.

Оюу толгойн гэрээний хүрээнд өнгөрсөн 15 жил Засгийн газартай амжилттай хамтран ажилласнаар гүний уурхайг эхлүүлээд, ажил төлөвлөгөөний дагуу урагшилж байна. Уурхай маань 2030 оны орчимд бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхлэхэд жилд 6 сая ширхэг цахилгаан автомашин үйлдвэрлэхэд шаардлагатай хэмжээний зэсийг зах зээлд нийлүүлнэ. Энэ нь зөвхөн Рио Тинто төдийгүй Монголчуудын уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх дэлхий нийтийн хөдөлгөөн, ногоон хөгжлийн чиг хандлагад оруулж буй маш том хувь нэмэр юм.

Үүний зэрэгцээ өсөн нэмэгдэж буй зэсийн хэрэгцээг хангаж, цэвэр эрчим хүчийг дэмжих зэрэг нь Рио Тинто группийн стратегийн чухал бүрэлдэхүүн гэдэг утгаараа зэсийн салбарт өндөр технологи хөгжүүлэх судалгаануудыг ч амжилттай явуулж байна.

Монгол Улсын хувьд ч эрчим хүчний шилжилт, хурдацтай явагдаж буй технологийн өөрчлөлтөөс үр шим хүртэх боломж нээлттэй байгаа.

-Оюу Толгойн олборлолт хэзээ оргил үедээ хүрэх вэ. Үүний тулд дахин хэдий хэмжээний хөрөнгө оруулалт шаардагдах бол?
- Гүний уурхайн олборлолтыг 2028-2032 оны орчимд жилд 500 мянган тоннд буюу бүрэн хүчин чадалд нь хүргэхээр ажиллаж байна.

2022 онд Монгол Улсын Засгийн газартай хэлэлцээрт амжилттай хүрснээр гүний уурхайн огтлох малталтыг хийж, 2023 оны эхний улиралд гүний уурхайн олборлолтоо амжилттай эхлүүлсэн билээ. Оюу толгойн гүний уурхайд блокчлон олборлох технологийг ашигладаг. Блокчлон олборлох технологийн онцлог нь хөрөнгө оруулалтын шатандаа буюу бүтээн байгуулалтын үед зардал өндөр боловч олборлолт эхэлснээр зардал нь бага, бүтээмж өндөр гэдгээрээ эдийн засгийн хувьд чухал ач холбогдолтой арга юм. Гүний уурхайн олборлолт нь тогтмол бүтээн байгуулалт хийхийг шаарддаг тул үүнийг дагаад тухай бүр хөрөнгө оруулалт хийнэ.

-Ямар ч хөрөнгө оруулагч хууль эрх зүйн орчин тодорхой, төрийн бодлого тогтвортой байхыг хүсдэг. Монгол Улсад сүүлийн 10 жилд хамгийн том хөрөнгө оруулалт хийсэн компанийн хувьд хөрөнгө оруулалтын орчинд ямар хүлээлттэй байна вэ?
- Таны хэлсэнтэй санал нэг байна. Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээний хэлэлцээнээс эхлээд сүүлийн 15 жилийн хугацаанд энэ чиглэлээр ажилласан мэргэжилтний хувьд Рио Тинтогийн төдийгүй дэлхийн олон өөр компани, хөрөнгө оруулагчидтай уулзаж ярилцаж ирлээ. Хөрөнгө оруулагчид хоёр зүйлийг л голчлон хүсдэг нь ойлгомжтой байдал болон тогтвортой орчин юм.

Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээний амин сүнс нь дээр дурдсан “тогтвортой байдал”-ыг баталгаажуулж, урт хугацаанд үйл ажиллагаа явуулах суурийг тавьсан.

Оюу толгой нь манай улс чөлөөт эдийн засагтай болсноос хойш орчин үеийн бизнес, эдийн засгийн зарчмаар эхлүүлсэн хамгийн анхны төсөл тул эхэндээ ойлгомжгүй зүйл олон байсан ч өнгөрсөн хугацаанд хоёр тал тодорхой хэмжээнд ойлголцож, олон ахиц дэвшил гарсан. Тухайлбал бид 2022 онд Засгийн газартай хэлэлцээрт хүрч, харилцаагаа шинэ түвшинд гаргасан бөгөөд үүний үр дүнд  гүний уурхайгаа амжилттай ашиглалтад оруулсан. Энэ нь урт хугацаанд Монголд үр өгөөжөө өгөх чухал алхам болсон төдийгүй цаашид ч өгсөөр байна гэдэгт итгэдэг.   

-2023 оны 7-р сард Улаанбаатар хотод болсон эдийн засгийн форумд Рио Тинто групп, Рио тинто Монгол компани гол түншлэгч болж, дэлхийн гол хөрөнгө оруулагчдыг Монголд авчирсан билээ. Энэ үеэр хөрөнгө оруулагчдын хувьд юунд анхаарч байв. Мөн Оюу толгойд зочилсон талаар мэдээлэл өгөөч?
-Дээр дурдсан тогтвортой байдал.
Өнгөрсөн зуны хувьд бид Оюу толгойн бүтээн байгуулалтаа хөрөнгө оруулагчдад үзүүлж, Монголд хөрөнгө оруулж, энэ том төслийг хэрхэн урагшлуулж буйгаа харуулж чадсан. Оюу толгой үнэхээр Монголыг олон улсын хөрөнгө оруулагч, бизнесийнхэнд сурталчлах жишиг болж, эрийн цээнд хүрч чадсаныг тухайн үед харж байлаа. Монголд ирсэн хөрөнгө оруулагчид Оюу толгойг хараад сэтгэл хангалуун байсныг дурдмаар байна. Мөн хамгийн чухал нь Монголд хөрөнгө оруулах итгэл өгсөн. Тиймээс энэ сайн жишиг, итгэл дээр суурилаад дараа дараагийн ажлуудаа эхлүүлэх хэрэгтэй. Би монгол хүний хувьд хэд хэдэн Оюу толгой бий болоосой гэж хүсдэг.

-УИХ-ын 103-р тогтоолыг хэрэгжүүлэхтэй холбоотой яриа хэлэлцээ ямар шатандаа явна вэ. Хувьцаа эзэмшигч талууд хэзээнээс ногдол ашиг хүртэж эхлэх тооцоолол байна вэ?
- Нэгдүгээрт, Засгийн газартай амжилттай хамтран ажилласнаар УИХ-ын 103 дугаар тогтоолын 6 заалтын 5 нь хэрэгжсэн. Энэ тогтоолын хүрээнд өнгөрсөн хугацаанд Оюу толгойд “Эрдэнэ Оюу Толгой”-н эзэмшлийн 34 хувьд ногдох 2.3 тэрбум ам.долларын өрийг тэглэсэн, эрчим хүчээ дотоодоос худалдан авах асуудлыг шийдсэн зэрэг маш олон ажлуудыг богино хугацаанд хийгээд байна. Уг тогтоолоос татвартай холбоотой асуудлууд шийдэгдэх хүлээлттэй байна.

Хоёрдугаарт, Оюу толгой төслийн ногдол ашиг бол үр өгөөжийн зөвхөн нэг хэсэг нь юм. Энгийнээр тайлбарлавал бид мөсөн уулын ил харагдаж байгаа хэсэгт ач холбогдол өгч, олон жил мэтгэлцсээр ирлээ. Уг нь Монголд өгөх үр өгөөж нь 60-аас дээш хувьтай байх тооцоолол бий. Үүнд төсөвт төлж буй татвар, ажлын байр, үндэсний компаниудаас авч буй бараа, үйлчилгээ гээд маш олон зүйл хамаарна.

Оюу толгой нь өнгөрсөн хугацаанд Монголын эдийн засгийн тулгуур хүч нь байж ирсэн бөгөөд татварын орлогын 10 орчим хувийг дангаараа бүрдүүлж, үндэсний 700 гаруй компаниас бараа, үйлчилгээ худалдан авч, 21 мянган ажилтан тэдний гэр бүл, ханган нийлүүлэгч компаниудын эдийн засгийн баталгаа болж ирсэн гэдгийг бахархалтайгаар хэлмээр байна. Ногдол ашгийн тухайд Оюу толгой компани хөрөнгө оруулалтаа нөхөж, ашигт ажиллагаандаа шилжихээр бусад компаниудын адил ногдол ашгаа зэрэг хуваарилж эхлэх байх.

-Рио Тинто группийн ТУЗ-ийн дарга, ноён Доминик Бартон “Уул уурхайн салбарт технологийн дэвшил чухал үүрэгтэй ч суурь нь хүний нөөц. Монгол мэргэжилтнүүдийн ур чадвар өндөр түвшинд хүрсэн” тухай онцлон тэмдэглэсэн. Манай мэргэжилтнүүд Рио Тинто группийн хэмжээнд хэрхэн тархаж, ямар түвшинд ажиллаж байна вэ?
- Монгол залуусын ур чадвар, эрдэм мэдлэг олон улсын түвшинд хүрсэн гэдгийг Оюу толгой төсөл харуулдаг. Төсөлд ажиллаж буй 21 мянган ажилтны 98% нь Монголчууд. Энэ хүмүүс өнгөрсөн арван жилийн хугацаанд Рио Тинтогийн өндөр бүтээмжтэй, аюулгүй ажиллагаагаар тэргүүлэх уурхайн нэгийг ажиллуулж байна. Мөн түүнчлэн Монгол дахь салбарт 200 гаруй залуус дэлхийн 35 оронд 17 төрлийн бизнесийн үйлчилгээ үзүүлдэг. Бас Австрали, Англи, АНУ зэрэг оронд Рио Тинтогийн өөр олон уурхай, салбаруудад ажиллаж буй 100 гаруй Монголчууд бий.

Монгол дахь хүний нөөц бол Рио Тинточуудын хувьд хамгийн их бахархдаг бөгөөд манай улсын ирээдүйд итгэлтэй байдаг нэг хүчин зүйл гэдэг яах аргагүй үнэн.   

-Ярилцсанд баярлалаа.
-Баярлалаа.