Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Никелийн үнэ өнгөрсөн оныхоос 27%-иар буурчээ


 

Ч.Сансар

Дэлхийн зах зээл дээр никелийн үнэ ханш  тогтворгүй байна.  Никелийн нийлүүлэлт ихэсч, цахилгаан автомашины эрэлт багасан зах зээлийн эрэлт нийлүүлэлтийн тэнцвэр алдагдсаны улмаас хоёр жил дараалан ханш буурч, компаниудын ашиг орлогод сөргөөр нөлөөлөх болжээ.

Anglo American компанийн  орлогын тайланд дурдсанаар никелийн орлого 2023 онд 23% орчим буурсан аж. Харин Vale компанийн никелийн татварын өмнөх ашиг нь дээрх хугацаанд 1,924 сая фунтээс 668 сая фунт стерлинг хүртэл 56%-иар буурчээ.
Никелийн үнэ өнгөрсөн жилийнхээс 27%-иар буурсан   байна. Үнэ яагаад ийнхүү хурдацтай, огцом унах болов?

Индонезийн нийлүүлэлт ихэссэн

Никелийн үнэ унасан гол шалтгаан нь нийлүүлэлт нэмэгдсэн явдал байв. Судалгааны CRU байгууллагын никелийн шинжээч Никил Шах, Индонези бол "сүүлийн хэдэн жил нийлүүлэлтийн өсөлтийн гол [эх үүсвэр] байсан" гэжээ.

Никелийн энэхүү хэт их нийлүүлэлт нь үнэ буурахад нөлөөлсөн бөгөөд "Энэ нь 2024 онд никелийн үнэ ханшид  сөргөөр нөлөөлөх төлөвтэй" гэж Шах нэмж хэллээ.

Индонез нь  дэлхийн никелийн талаас илүү хувийг нийлүүлдэг бөгөөд энэ жил зах зээлийн хувь хэмжээгээ нэмэгдүүлэхээр төлөвлөж байна.

Хятадын хөрөнгө оруулалтын үр дүнд 2030 он гэхэд батарейн үйлдвэрлэлд нийлүүлдэг Индонезийн никель 600 гаруй хувиар өснө гэж Benchmark судалгааны компани таамаглаж байна.

Цахилгаан автомашины худалдан авалт унаж байна

Нөгөө талаас, цахилгаан автомашины эрэлт унаж, никелийн үнэ улам доошилж байна. Никель бол цахилгаан машины батарейны гол бүрэлдэхүүн хэсэг юм.

Сүүлийн хэдэн жилийн хугацаанд   борлуулалт нь эрс нэмэгдэж, шуугиан дэгдээж байсан цахилгаан автомашины эрэлт 2023 онд удааширч, цаашид ч үргэлжлэх төлөвтэй байна.

2024 онд Хятад улс дэлхийн цахилгаан автомашины борлуулалтын дийлэнх хувийг эзэлнэ гэж таамаглаж байсан. Гэвч 2024 онд Хятадын борлуулалт муудсан нь нийлүүлэлтийн сүлжээ болон "хөрөнгө оруулагчдын цахилгаан автомашин сонирхох хандлагад нөлөөлсөн" гэж  Global X ETFs мэдээлжээ.

АНУ-д цахилгаан автомашин худалдан авахаар төлөвлөж буй хэрэглэгчдийн тоо сүүлийн нэг жилд тавны нэгээр буурсан гэж аудит, консалтингийн Deloitte компани дэлхийн автомашины хэрэглэгчийн 2024 оны судалгаанд бичжээ.

Цахилгаан автомашины зах зээлийн 19.1%-ийг эзэлдэг Теслагийн зах зээлийн үнэлгээ өнөөдрийн байдлаар 27.3%-иар буурчээ.
"Олон улс орнууд татаасаа багасгаж байгаа нь цахилгаан автомашины борлуулалт удаашрахад нөлөөлсөн" гэж Шах хэлэв.
Харин никельд тулгарч буй асуудлууд богино хугацааных гэж хэлж болно.

Дараагийн үеийн технологи гарч ирснээр цахилгаан машиныг цэнэглэх хугацаа багасч, аюулгүй байдал сайжирч, үнэ нь буурна. “Бидний бодлоор цахилгаан автомашины салбар хөгжихөд багагүй хугацаа шаардлагатай” гэж Global X мэдэгджээ.

Эх сурвалж: oilprice.com