Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ мэдээлэл

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр тэгш, хүртээмжтэй эрчим хүчний шилжилтэд жендэрийн тэгш байдлыг хангахын чухлыг онцоллоо

Улаанбаатар хот, 2024 оны 4 сарын 16 – НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр (НҮБХХ) нь Монгол Улсын цэвэр эрчим хүчний шилжилтийн гол оролцогч талуудын дунд “Ногоон, тэгш, хүртээмжтэй эрчим хүчний шилжилтэд жендэрийн тэгш байдлыг хангах нь” сэдэвт олон талт хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Дээд хэмжээний хэлэлцүүлэгт бодлого боловсруулагчид, хөгжлийн түншүүд, иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл оролцож, цэвэр эрчим хүчний салбарт жендэрийн тэгш байдлыг хангахын ач холбогдол, бодлогын хэрэгжилт, уялдаа холбоог хэлэлцсэн юм. 

Тус арга хэмжээнд Эрчим хүчний яамны Стратеги, төлөвлөлтийн хэлтсийн дарга Г. Энхтүвшин, Европын Холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд бөгөөд Төлөөлөгчийн газрын тэргүүн Аксель Никэйз, Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Себастиен Сүрүн, Канад Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Сандра Шуфани нар уригдан оролцож, ногоон эрчим хүчний шилжилтийн хүрээнд хэрэгжиж буй бодлого, стратеги, уур амьсгалын санхүүжилт, ногоон ажлын байран дахь эмэгтэйчүүдийн оролцоо, манлайллын асуудлаар нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлж, харилцан туршлага солилцлоо. 

Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч О.Номинчимэг “Бидний хамтын ажиллагаа Улаанбаатар хотын агаарын бохирдол, эрчим хүчний хүртээмжийн харилцан уялдаатай асуудлуудыг шийдвэрлэхэд чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна. Сэргээгдэх эрчим хүч, жендэрийн эрх тэгш байдлыг нэн тэргүүнд тавьснаар бид Монгол Улсын иргэн бүрд, тэр дундаа гэр хороололд амьдарч буй хүн бүрд хүртээмжтэй, тогтвортой ирээдүйг бий болгох юм” хэмээн цэвэр эрчим хүчний салбарт жендэрийн тэгш байдлыг хангахын ач холбогдлыг онцлон тэмдэглэв. 

Цэвэр эрчим хүчний шилжилт нь улс орны эрүүл мэнд, боловсрол, эдийн засгийн хөгжил цэцэглэлтэд чухал үүрэг гүйцэтгэхийн зэрэгцээ жендэрийн эрх тэгш байдлын хурдасгуур хүч болдог билээ. Хэлэлцүүлгийн үеэр НҮБХХ-ийн Эрчим хүч, жендэрийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Ана Виктория Рохас НҮБХХ нь тогтвортой эрчим хүчний хүртээмжтэй байдлыг нэмэгдүүлэхэд улс орнуудад ямар дэмжлэг үзүүлэн ажиллаж байгаа талаар танилцуулав. НҮБХХ нь жендэрийн хувьд эрх тэгш эрчим хүчний шилжилтийн талаарх олон нийтийн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх, эрчим хүчний хүртээмжтэй холбоотой эмэгтэйчүүдийн цагийн  ядуурлыг бууруулах, тэднийг эдийн засгийн хувьд чадавхжуулан эрчим хүчний салбарт шийдвэр гаргах түвшинд манлайлан оролцуулах чиглэлд анхааран ажиллаж байна.  

Монгол дахь НҮБХХ нь Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газрын санхүүжилтээр Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Байгаль орчин, аялал жуулчлалын яамтай хамтран "Сэргээгдэх эрчим хүчний шилжилтээр гэр хорооллын амьдралын чанарыг сайжруулах нь" төслийг хэрэгжүүлж байна. Тус төсөл нь өрх толгойлсон эмэгтэйчүүдийг дэмжих, Улаанбаатар хотын гэр хороолол дахь айл өрхүүдэд сэргээгдэх эрчим хүчинд түшиглэсэн халаалтын шийдлийг хэрэгжүүлэх, нүүрстөрөгчийн зах зээлийн үндэсний тогтолцоо, зохицуулалтыг боловсруулах замаар байгаль орчинд ээлтэй технологийн шийдлүүдийг нэвтрүүлэхээр зорьж буй.

Монгол дахь НҮБХХ-ийн Суурин төлөөлөгч Матилда Димовска, “НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр нь Монгол Улсын тэгш, хүртээмжтэй эрчим хүчний шилжилтэд эмэгтэйчүүдийн манлайллыг анхаарч, дэмжиж ажиллах болно. Эмэгтэйчүүдийн хэрэгцээ, шаардлагыг эрчим хүчний салбарын бодлогод бүрэн гүйцэд тусгаж, тэднийг тус шилжилтийн манлайлагч болгож чадсан цагт л бид хүн бүрд хүртээмжтэй, тогтвортой ирээдүйг бий болгох юм” гэв. 

Тус арга хэмжээний үеэр НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг, АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн төсөл хэрэгжүүлэгч Абт Глобал, Азийн Сангийн төлөөлөгчид сэргээгдэх эрчим хүчний чиглэлд хэрэгжүүлж буй төслийн хүрээнд жендэрийн тэгш байдлыг хангах үйл ажиллагаагаа танилцуулж, хэрэгжүүлэх явцад тулгарч буй сорилт бэрхшээл төдийгүй тэднийг даван туулах арга зам, хамтын ажиллагааны боломж бололцоог хэлэлцэн судаллаа.