“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ Баяжуулах үйлдвэрийн хаягдал хураах шинэ сантай болно. Баяжуулах үйлдвэрийн Хаягдал хураах шинэ санг Булган аймгийн Орхон сум, Орхон аймгийн Жаргалант сумын нийт 7048,39 га талбайд суурьшлын бүсээс 20 гаруй км-ийн зайд барихаар төлөвлөжээ.
Шинэ санд хаягдал өтгөрүүлэх шинэ технологиор хаягдлаа хураах бөгөөд үр дүнд нь цагаан тоосны дэгдэлтийг 80-90 хүртэл хувиар бууруулах тооцоо гарчээ. Хаягдлын шинэ сан барих ТЭЗҮ, зураг төсөл боловсруулах ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах олон улсын тендерт Австрали улсын АТС Williams компани шалгарч, 2023 оны 10-р сарын 24-ний өдөр гэрээ байгуулан ажиллаж байна. Шинэ хаягдлын сангийн бүтээн байгуулалтын ажил 2028 онд дуусч, ашиглалтад орох юм.
Шав тавих ёслолд Улсын их хурлын гишүүн Д.Батлут, Байгаль орчин аялал, жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ, Орхон аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Д.Мөнхбат, Засаг дарга М.Түмэнжаргал, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Г.Ёндон, Ерөнхий инженер Т.Батмөнх болон газар, хэлтсийн дарга нар, баяжуулагчдын төлөөлөл оролцлоо.
Ерөнхий захирал Г.Ёндон: “Эрдэнэтийн уурхайчид бид эрдэс баялгийн нөөцөө олборлох, боловсруулах хүчин чадлаа нэмэгдүүлэх, техник, технологийн томоохон шинэчлэл болон иж бүрэн дэд бүтэцтэй, үйлдвэрлэл технологийн парк, зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэр барьж байгуулах зэрэг Эрдэнэт үйлдвэрийг урт хугацаанд өндөр үр ашигтай ажиллуулах, улс орон нутгийн хөгжил дэвшилд бодитой хувь нэмэр оруулах томоохон бүтээн байгуулалтын төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэн ажиллаж байна. Эдгээр ажлын дотор Баяжуулах үйлдвэрийн хаягдал хураах санг шинээр байгуулах ажил онцгой байр суурийг эзэлнэ. Учир нь Баяжуулах процесс явагдахад зайлшгүй үүсэх хаягдлыг хүрээлэн буй орчин, хүн зон, араатан амьтны амьдрах нөхцөл, суурьшлын бүс, байгаль орчинд хор хохирол, сөрөг нөлөөгүй хадгалах, хураах байршил талбай олдохгүй бол уурхай, уулын үйлдвэр, Баяжуулах үйлдвэр маань оршин тогтнох боломжгүй юм. Цаашид 60-70 жилийн хугацаанд ашиглах хаягдал хураах шинэ сангийн асуудлаа шийднэ гэдэг нь мөн төдий хугацаанд ашиглах нөөц баялаг нээж илрүүлсэнтэй дүйцэхүйц хэмжээний ач холбогдолтой ажил болж байна” хэмээн онцлов.
“Эрдэнэт үйлдвэр” тасралтгүй үйл ажиллагаагаа хангахын тулд сүүлийн таван жилийн хугацаанд хэд хэдэн газарт хүдэргүйжүүлэлтийн, археологи болон палентологийн, газрын ан цав, гүний усны нарийвчилсан судалгаа, шинжилгээ, тооцоолол хийсний үндсэн дээр уг газрыг сонгожээ.