Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Уул уурхай

Биржээр арилжаалах зэсийн баяжмалын хэмжээг үе шаттай нэмэгдүүлнэ

The Mongolian Mining Journal /March 2024/

А.Халиун

Монгол Улсын ДНБ-ий 27%, аж үйлдвэрийн салбарын 71%, экспортын орлогын 92 %, гадаадын шууд хөрөнгө оруулалтын 77%, Улсын төсвийн орлогын 32 %-ийг эрдэс баялгийн салбарын үйлдвэрлэл, экспортын орлогоос бүрдүүлж байна. Нэг салбараас хэт их хараат байгаа нь  бахархах үзүүлэлт биш ч гэлээ уул уурхайн салбар одоо болон ирээдүйд эдийн засгийн гол хөдөлгөгч хүч хэвээр байх нь эндээс тодорхой харагдаж буй юм. 

Аялал жуулчлал, газар тариалан, мал аж ахуй зэрэг бусад салбарын хөгжлийг дэмжих замаар эдийн засгийг солонгоруулах чиглэлийн ажлууд эхэлсэн ч эдийн засагт ачаа үүрэх хэмжээнд хүрэхэд ямар хугацаа хэрэгтэйг гаргасан тооцоо судалгаа одоогоор алга байна. 

Засгийн газрын 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн хуралдааны тэмдэглэлд “Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр зэсийн баяжмалыг үе шаттайгаар арилжаалах асуудлыг судалж, туршилтын арилжааг эхлүүлэх”-ийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдад даалгажээ. Энэ дагуу тус яамнаас 2024 оны хоёрдугаар сарын 28-ны өдрийн Засгийн газрын хуралдаанд “Уул уурхайн  бүтээгдэхүүний биржээр арилжих  эрдэс бүтээгдэхүүний нэр төрөл, ангилал”-д зэс, молибдений баяжмал, бүтээгдэхүүнийг нэмэх тухай санал боловсруулан оруулж, хэлэлцүүлэн батлуулсан байна. Уг тогтоолд биржээр арилжсан зэс, молибдений баяжмалд ногдох АМНАТ-ийн борлуулалтын үнэлгээг биржийн арилжааны үнэд үндэслэн тооцохоор тусгасан нь ААН-үүдийн татварын ачааллыг бууруулах давуу талтай хэмээн тайлбарлаж байв. 

Зэсийн баяжмалыг биржээр арилжих бэлтгэл хангах хүрээнд  салбарын үйлдвэрлэгч, мэргэжилтнүүд, гадаадын хамтрагч түншүүдийг оролцуулсан “Зэсийн баяжмалын арилжаа” сэдэвт хэлэлцүүлгийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас 3 дугаар  сарын 18-нд зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт худалдагч, худалдан авагч талуудын төлөөлөл танхимаар болон цахимаар оролцсон бөгөөд БНХАУ, БНСУ, Вьетнам, Сингапур, Хонконг, ОХУ, Швейцарь, АНУ, БНЧУ, Канад, Энэтхэг, Австрали, Англи, Турк улсын болон дотоодын аж ахуй нэгжүүдийн нийт 200 гаруй төлөөлөгч  бүртгүүлжээ.  

Монгол Улс 56.5 сая тонн зэсийн батлагдсан нөөцтэй
 
Монгол Улс 56.5 сая тонн зэсийн батлагдсан нөөцтэй бөгөөд 2023 оны гүйцэтгэлээр 1.5 сая тонн /1.525.0/ зэсийн баяжмал үйлдвэрлэн экспортолсон. Оюу толгой төслийн гүний уурхай бүрэн хүчин чадлаараа ажиллаж, Цагаансуваргын ордыг ашиглах төсөл хэрэгжсэнээр 2025 онд 2 сая орчим тонн зэс үйлдвэрлэх тооцоолол байгааг УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар илтгэлдээ дурдав. 
Дэлхийн зах зээл дээр зэсийн үнэ тонн тутамд 9000 ам.долларт хүрч, сүүлийн 11 сарын дээд түвшинд  очсоныг  олон улсын хэвлэлүүд онцолж байгаа энэ үед Монгол Улс зэсээ биржээр арилжаалах бэлтгэл хангаж буй нь цагаа олсон шийдвэр аж. Эдийн засгийн гол хөдөлгөгч хүч хэмээгч зэсийн үнэ 2024 оны гуравдугаар сарын гурав дахь долоо хоногт тасралтгүй өссөн бөгөөд дэлхийн хэмжээнд үйлдвэрлэл эрчимжсэнээр суурь металлуудын эрэлт нэмэгдэх хүлээлттэй байгаа нь үнийн өсөлтөд голлон нөлөөлжээ.

Вүүд Маккензи /Wood Mackenzie/ компанийн судалгаагаар 2026 оноос зэсийн эрэлт нийлүүлэлтээс давах төлөвтэй байгаа бөгөөд 2031 он гэхэд эрэлт, нийлүүлэлтийн зөрүү 7 сая орчим  тоннд хүрч болзошгүй гэсэн дүгнэлт гарсныг зэсийн эрэлтийг дагаж үнэ нэмэгдэж буй дэлхийн зах зээлийн өнөөгийн байдлаас ч харж болох аж.  

Засгийн газраас эхний ээлжинд Монголд үйлдвэрлэн экспортолж буй зэсийн баяжмалын 10%-ийг биржээр арилжих бодлого баримталж байна. Манай улсын зэсийн хамгийн том үйлдвэрлэгч нь “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Оюу толгой” компани. “Эрдэнэт үйлдвэр” жилд дунджаар 620 мянган тонн зэс үйлдвэрлэж байгаа бөгөөд үйлдвэрийн бизнес төлөвлөгөөтэй уялдуулан  эхний ээлжинд бүтээгдэхүүний 5-10%-ийг биржээр арилжаалахаар болжээ. Харин Оюу толгой компанийн хувьд 2024 оны бизнес төлөвлөгөөгөө хэдийнэ гаргаж, олон улсын түншүүдтэйгээ гэрээ байгуулсныг хүндэтгэн үзэх ёстой.  Харин 2025 онд гүний уурхайн олборлолт нэмэгдэхийн хэрээр зэсийн тодорхой хувийг биржээр арилжаалах боломж бүрдэх аж. Энэ сарын эхээр  Канад улсын Торонто хотод болсон PDAC олон улсын уул уурхайн салбарын чуулга уулзалтын үеэр Оюу толгойн хөрөнгө оруулагчидтай  уулзахдаа биржийн арилжааны талаар нэлээд ярилцаж, ойлголцолд хүрсэн гэж сайд Ж.Ганбаатар тодотгосон   юм. Цаашид биржээр арилжаалах зэсийн баяжмалын хэмжээг үе шаттайгаар нэмэгдүүлэх ба 2025 онд 30, 2026 онд 40%-ийг биржийн арилжаанд оруулахаар төлөвлөжээ. 

Уул уурхайн бүтээгдэхүүнийг биржээр арилжаалснаар гадаад валютын нөөц, байгалийн баялгаас хүртэх өгөөжийг нэмэгдүүлэх, худалдагч болон худалдан авагч талуудыг авлига ашиг сонирхлын зөрчлөөс ангид байлгах, ил тод орчин бүрдүүлэх зорилгоор Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийг баталсан нь үр дүнгээ өгч буйг мөн үеэр онцолж байв. 

Зэсийн зах зээл 

АНУ-ын Геологийн албаны 2024 оны статистикаар дэлхийн хэмжээнд нийт нэг тэрбум тонн зэсийн нөөц бүртгэгдээд байгаагаас 22 сая тонныг жилд олборлож байна. Зэсийн нөөцөөр: 

Чили-190 сая
Перу- 120 сая 
Австрали- 100 сая
Конго- 80 сая  
ОХУ-80 сая
Монгол 56.5 сая 
Мексик- 53 сая
АНУ-50 сая 
БНХАУ- 41 сая тоннын батлагдсан нөөцтэйгээр дэлхийд тэргүүлж байгааг АНУ-ын Геологийн албаны 2024 оны мэдээллээс харж болно. 

Дэлхийн банкнаас 2023 онд зэсийн зах зээлийн үнийн таамгийг 2032 онд 8250 ам.долларт хүрнэ гэсэн тооцоолсон бол “S&P Global” байгууллага 2027 онд зэсийн үнэ 9500 ам.долларт хүрнэ гэж тооцоолжээ. Тэгэхээр зэсийн ирээдүй өөдрөг байна. 

Манай улсын хувьд 2023 онд Эрдэнэт үйлдвэр 630 мянга, Оюу толгой компани 858 мянган тонн зэс экспортолсон бол 2025 онд энэ үзүүлэлт 2 сая тоннд хүрэх тооцоо байна. Бүтээгдэхүүнээ  БНХАУ-тай хиллэдэг Булган, Бургастай, Шивээхүрэн, Цагаандэл уул, Гашуунсухайт, Ханги, Замын- Үүд бичигт, Баянхошуу, Хавирга боомтуудаар урд хөршид экспортлох дэд бүтцийг Засгийн газар дотоод нөөц бололцооныхоо хүрээнд бүрдүүлж байна. Боомтуудыг хөгжүүлэх ажил   эрчимтэй өрнөж  байна хэмээн УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар танилцуулсан юм. 

Я.Пүрвээ: Эхний ээлжинд “Эрдэнэт үйлдвэр”-ийн зэсийн 5-10%-ийг биржээр арилжаална

2024 оны 4 дүгээр сард  зэсийн биржийн арилжааг эхлэхээр төлөвлөсөн ба биржийн арилжаа эхлэх товыг арилжаа эхлэхээс 14 хоногийн өмнө зарлана гэсэн мэдээллийг оролцогч талуудад өгөв. 
Зэсийн баяжмалын үйлдвэрлэл, бүтээгдэхүүн нийлүүлэх нөхцөл болон биржийн арилжааны бэлтгэл ажлын талаар “Эрдэнэт үйлдвэр”-ийн Гадаад харилцаа, экспортын хэлтсийн дарга Я.Пүрвээ мэдээлэл хийсэн юм. 

Тэрбээр,  “Эрдэнэт үйлдвэр” жилд 38 сая тонн хүдэр боловсруулж, нойтон жингээр 628 мянган тонн зэсийн баяжмал үйлдвэрлэн экспортолж байна. Зэсийн баяжмалын агуулга, чанар хувирамтгай биш, тогтмол стандартаа барьдаг нь хамтрагч хайлуулах үйлдвэрүүдэд давуу тал болдог.  

Манай зэсийн баяжмал дахь зэсийн агуулга 22-22.5,  төмөр 25-30, мөнгөний агууламж 65-85, чийгшил дунджаар 9%, хүнцэл зэрэг химийн хорт элемент маш бага буюу 0.3%-иас бага байдаг.
Хятадын Засгийн газраас химийн хортой фтор, хар тугалга, кадми, хүнцэл зэрэг  5 элементэд хязгаар тавьсан. Тэдгээрийн нэг хүнцлийн агууламж 0.5-аас бага байх стандарт шаардлага тавьдаг бөгөөд бид уг шаардлагыг бүрэн хангаж ажилладаг. 

Худалдан авагч компаниудтайгаа ихэвчлэн 3 жилийн хугацаатай олон  улсын жишиг нөхцөлийн дагуу борлуулалтын гэрээ байгуулан ажилладаг.  Метал, мөнгөний үнийг Лондонгийн металийн биржийн сарын үнийн дунджаар тооцож, бүтээгдэхүүний үнийг харилцагч бүх компанитай нэгдсэн нэг үнээр тогтдог. 

Бид зэсийн баяжмалаа 100% Хятадын зах зээлд нийлүүлдэг бөгөөд ачилт хийхээс 5  хоногийн өмнө үнийн дүнгийн 95%-ийг “Эрдэнэт үйлдвэр”-ийн дансанд байршуулж, эцсийн төлбөрийг хүлээлгэн өгснөөс хойш ажлын 5 хоногийн дотор авдаг зохицуулалттай. 

“Эрдэнэт үйлдвэр” дэргэдээ итгэмжлэгдсэн чанарын лабораторитой ч Лондонгийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй, хөндлөнгийн олон улсын 3 компанитай гэрээтэй ажиллаж, энэ компаниуд ачилт бүрээр жингийн болон металын агуулгыг тодорхойлон баталгаа гаргадаг.  
Мөн худалдан авагч компани ачилт бүрд бүтээгдэхүүнээс дээж авч, дээжээ өөрийн лабораторид шинжлүүлж вагон хил дээр очихоос өмнө дээр дурдсан хортой 5 элементийг тодорхойлоод, хилийн хязгаар тавихгүй гэсэн баталгаа  гаргаж өгдөг гэж танилцуулав.  


“Эрдэнэт үйлдвэр”-ийн Ерөнхий захирал Г.Ёндон, 
-Бид худалдан авагч талтай гэрээ байгуулснаас хойш 25 хүртэлх хоногийн дотор бүтээгдэхүүнээ ачих боломжтой. 
Үүний тулд тухайн сард ачих баяжмалын хэмжээнд үндэслэн Улаанбаатар төмөр замд вагоны захиалга өгч төлөвлөлтөд оруулах, Хятадын төмөр замтай харилцан тохиролцсоны дагуу тушаал гарснаар ачилт баталгаажна. 

Зэсийн баяжмалыг экспортлохын тулд ойролцоогоор 15 хоногийн өмнө дээж өгч, гаалийн дүгнэлт гаргуулна. Энэ бүх процедурыг давах, гаалийн бүрдүүлэлт хийхэд 20-25 хоногийн хугацаа зарцуулдаг. Харин Эрдэнэтээс ачигдсан зэсийн баяжмал Эрээн өртөөнд хүрэх хугацаа нь 4-7 хоног. Худалдан авагч тал хэдэн вагон хүлээн авсанаа манай талд мэдэгдсэнээр бидний хүлээх үүрэг хариуцлага дуусгавар болдог гэлээ. u

Ж.Цогтбаяр: Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжааг нэмэгдүүлэх чиглэлээр ажиллаж байна

“Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Гүйцэтгэх захирал Ж.Цогтбаяр зэсийн биржийн арилжааг эхлүүлэхтэй холбоотой мэдээлэл өгсөн юм. 

Ж.Цогтбаяр,
-Монголын хөрөнгийн бирж 2022 онд  хувьцаат компани болж, нийт хувьцааныхаа 34%-ийг иргэдэд худалдсан. Хөрөнгөд суурилсан анхны арилжааг 2021 оноос хийж эхэлсэн. 
2022, 2023 онд системийн нөлөө бүхий ХААН, Голомт, Төрийн банк, ХХБ-ны хувьчлалыг амжилттай хийгээд байна. Хөрөнгийн биржийн үнэт цаас болон түүхий эдийн арилжаатай холбоотой өдрийн дундаж эргэлт 13 сая долларт хүрсэн. 
Хөрөнгийн зах зээл сүүлийн 3  жилд маш эрчимтэй буюу 2020 онтой харьцуулахад 3 дахин өсөж, хөрөнгийн зах зээлийн нийт үнэлгээ өнөөдрийн байдлаар 1.2 тэрбум ам.долларт хүрээд байна. 

Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн  тухай хууль батлагдсанаар 2023 оны 1 дүгээр сараас нүүрсний туршилтын арилжааг эхлүүлж,  2  дугаар сарын 9-нөөс нүүрсний арилжааг тасралтгүй амжилттай хэрэгжүүлж байна. 2023 оны 9 дүгээр сараас биржээр төмрийн хүдэр арилжаалсан бол  одоо зэсийн баяжмал биржээр арилжаалах бэлтгэл хангаж буй юм.  

2023 оны 1 дүгээр сарын 12-ноос хойш 2 дугаар сарын 29-ний байдлаар нийт 18 сая тонн  нүүрс биржээр арилжааллаа. Цаашид нүүрс, төмрийн хүдэр, дээр нь зэсийн биржийн арилжааг нэмэгдүүлэх чиглэлээр холбогдох яамдтай хамтран ажиллаж байна.
Зэсийн баяжмалын арилжааг эхлүүлэхийн өмнө худалдан авагч тал Хөрөнгийн биржид бүртгүүлснээр арилжаанд оролцох эрх үүснэ. Эрх нь нээгдсэнээр тодорхой квотыг худалдан авагчид өгөх бөгөөд худалдан авагч тал арилжаа явагдахаас 30 минутын өмнө Хөрөнгийн биржийн арилжааны дансанд арилжааны 5%-тай тэнцэх хэмжээний мөнгийг байршуулна. 

Тухайн арилжаагаар худалдахаар тохирсон бүтээгдэхүүн худалдан авагч талд 100%  нийлүүлэгдэж, үүнийг хоёр тал баталгаажуулах хүсэлт ирүүлсний дараа дэнчинг худалдан авагч тал руу шилжүүлнэ. Гэрээ амжилтгүй болбол дэнчинг худалдагч тал руу шилжүүлнэ. Дэнчин байршуулж байгаагийн шалтгаан нь арилжаа амжилттай болох ёстой” гэв.   

Зэсийн баяжмалыг биржээр худалдахтай холбоотой журмын төсөлд зэсийн чанар, стандартыг тусгах бөгөөд нэг багцын хэмжээ 1000-2000 тонн байх ба доллар, юань болон бусад валютаар худалдан авч болох тухай заажээ. Нүүрсийг анх биржээр арилжихдаа богино хугацаагаар буюу 30 өдрийн хугацаатай спот гэрээгээр арилжаалж эхэлсэн бол зэсийг эхний ээлжинд мөн адил спот гэрээгээр арилжиж, Хятадын Эрээн боомтод хүргэхээр төлөвлөжээ. 

Спот гэрээний нөхцөлөөр эхний зураан сард туршилтын арилжаа хийж, байнгын  харилцагчтай болж бизнесийн итгэлцэл үүсээд ирвэл нэг жилийн хугацаатай форвард гэрээний нөхцөл рүү шилжиж болохоор тооцжээ. Нүүрс, төмрийн арилжааг мөн ийм зарчмаар эхлүүлсэн юм. 

“Эрдэнэт үйлдвэр”-ийн зэсийн 5-10%-ийг биржээр арилжаалахад үйлдвэрийн санхүүгийн байдал, орлогод ямар нэг эрсдэл гарах уу?” гэсэн асуултад “Эрдэнэт үйлдвэр”-ийн Гадаад харилцаа, экспортын хэлтсийн дарга Я.Пүрвээ “Бид борлуулалтын үнийн дүнгийн 95%-ийг урьдчилж үйлдвэрийн дансанд шилжүүлсэний дараа ачилт хийдэг байсан бол биржээр арилжаалахад төлбөрөө 100%  авсаны дараа ачилт хийх учир төлбөртэй холбоотой ямар ч  эрсдэл гарахгүй. 

“Эрдэнэт үйлдвэр” олон улсын стандарт хангасан лабораторитой, гэвч үүнийг гадны байгууллагууд хүлээн зөвшөөрдөггүй учир хөндлөнгийн байгууллагуудаар анализ дүгнэлтээ хийлгэдэг. Одоо үнэлгээ, хөндлөнгийн үнэлгээ хийлгэдэг олон улсын итгэмжлэгдсэн гурван  компаниа журмын дагуу Хөрөнгийн биржид бүртгүүлснээр арилжаанд оролцох боломж бүрдэнэ”  гэсэн юм. 
Монгол Улс нүүрс, төмрийн хүдэр, жонш, зэс гэсэн уул уурхайн бүтээгдэхүүнийг биржээр арилжаалах шинэ алхам ийн амжилттай тавигдсан ч биржээр зарахад  хялбар байгаагүй. Худалдан авагч болон дотоодын зохицуулалттай холбоотой олон бэрхшээл тулгарч буйг холбогдох яам, Ажлын хэсэг  үе шаттай  шийдвэрлэж  байна.