Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Байгаль орчин

Хариуцлагагүй уул уурхайгаас болж сүйдсэн 187 га газарт нөхөн сэргээлт хийж эхэллээ

Б.АРИУН

Дархан-Уул аймгийн Шарын голд байрлах Хургадын ам, Хар ямаатын хэсэгт техникийн нөхөн сэргээлт хийж байна. Уул уурхайн улмаас олон жил орхигдсон 180 орчим га талбай олон жилийн турш ашиглалтаас гарч, хүн мал байтугай ан амьтан ч явахын эцэсгүй нүд халтирам дүр зурагтай он оныг үджээ. Шарын голын хөндийн үзэсгэлэнт байгалийг сүйтгэж, хуш, хус бүхий ойн санд тулган ухаж сэндийчсэн энэ газрыг Оюу толгой компанийн тусламжтай  ийнхүү эргэн ашиглахаар болж байна. 

Дархан-Уул аймаг, Шарын гол, Хонгор сумын нутагт байрлах 82,2 га талбайд техникийн нөхөн сэргээлт хийхээр Оюу толгой компани нээлттэй тендер зарлаж “Бугант Нандин” компани шалгаран ажилдаа оржээ.  Энэ талаар сурвалжлахаар манай багийнхан Шарын гол суманд очлоо. 

Техникийн нөхөн сэргээлтийн ажлын явц, орхигдсон талбай хэрхэн өөрчлөгдсөн болохыг нүдээр харж, танилцахаар Байгаль орчин аялал жуулчлалын сайд Г.Бат-Эрдэнэ, Сангийн сайд Б.Жавхлан, Дархан-Уул аймгийн Засаг дарга Б.Азжаргал, Оюу толгой компанийн Байгаль орчны хэлтсийн мэргэжилтнүүд, “Бугант Нандин” ХХК-ийнхан, нутгийн иргэд оршин суугчид, малчид ирсэн байлаа. 

Анх социализмын үед улсын компани Оросын техник ашиглан олборлолт явуулж байсан энэ талбай уулын бэлээсээ голын бэлчир хүртэл бүрэн ашиглалтаас гарч, гүнзгий гуу жалга, огцом эрэг хавцал бүхий улаанаараа эргэсэн газар болсон байв. Голын голдирол эвдэгдэж, ус тасалдан, хаа хамаагүй урсан, энэ голоос ундалж, гол даган амьдардаг шарынголчуудын аргыг барсан газар болон хувирчээ. 

Харин техникийн нөхөн сэргээлт хийж эхэлснээр орхигдсон талбай уулын бэлээс бэлчир хүртлээ тэгш налуу гадарга    болон хувирч, хүн мал аюулгүй зорчих, аажимдаа байгалийнхаа жамаар өвс, ургамал урган нөхөн сэргээгдэх боломжтой болох аж. 

“Анх 2020 оны 8 дугаар сарын сүүлчээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний  хөдөлгөөний хүрээнд БОАЖ-ын сайд ирж энэ газрыг ямархуу дүр зурагтай болсныг харсан. Бид тухайн үед Шарын гол, Хонгор сумын нутагт байрлах эвдэрч орхигдсон энэ газрыг нөхөн сэргээх талаар санал тавихад Г.Бат-Эрдэнэ сайд “Тэгье л дээ. Нөхөн сэргээе” гэж хэлсэн юм. Яг үнэндээ дотроо “Юу л бол доо” гэж бодож байснаа нуугаад яахав. Гэтэл өнөөдөр ажил хэрэг болж Монголын хамгийн том уул уурхайн компани Оюу толгой энэ ажилд туслалцаа үзүүлэн нээлттэй тендер зарлаж нөхөн сэргээлтийн туршлагатай “Бугант Нандин” компанийнхан техникийн нөхөн сэргээлтийн ажлыг гүйцэтгэж байгаад үнэхээр баяртай байна. Газрын хэвлийг “оёх” ажилд Оюу толгой компани оролцож байгаад талархлаа” хэмээн Дархан-Уул аймгийн Засаг дарга Б.Азжаргал энэ үеэр хэллээ. 

Сангийн сайд Б.Жавхлан: Оюу толгой компанийн хөрөнгө оруулалтаар гүйцэтгэж буй энэ ажил 5 сая мод суулгахтай дүйцэхүйц хэмжээний томоохон ажил. Оюу толгой” компани өнгөрсөн жил улсын төсөвт 1 их наяд төгрөгийн татвар төлж, дотоодын худалдан авалтад 280 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийлээ. Оюу толгой компанийг дагаж ханган нийлүүлэгчдийн хувьд маш олон стандарт Монгол Улсад нэвтэрч байна. Өнгөрсөн жил Оюу толгой компанид очиход тэнд ажиллаж байгаа залуучууд ямар их урам зоригтой   байсан бэ. Үндэсний мэргэжилтнүүд бий болж байна. 

Дэлхийд эхний 5-т орох зэсийн уурхайд  ажиллаж байгаа монгол залуучууд дэлхийд үнэлэгдэх мэргэжилтнүүд болж байгаа нь бахархмаар байсан” хэмээн хэллээ. 

Оюу толгой компанийн Эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа, байгаль орчин, аюулгүй байдал (ЭМААБОАБ) хариуцсан Ерөнхий менежер Филип Абрахам: Өнөөдрийн үйл ажиллагаа хамтын ажиллагааны үр дүн гэж үзэж байна. Манай компанийн хувьд томоохон нөхөн сэргээлтийн 2 дахь ажил боллоо. Оюу толгой компани хашаанаасаа гарч Монголын өнцөг булан бүрт хүрч ажиллаж байгаагийн тод жишээ. Оюу толгой хамтын ажиллагаа, түншлэлийг үргэлж тэргүүнд тавьдаг. Удахгүй ямар үр дүн гарсныг харах болно” гэлээ. 

Уг орхигдсон талбайн хэмжээ 187 га газар байгаа бөгөөд яг энэ нөхөн сэргээлт хийж буй талбайн хэмжээ 82,2 га. Техникийн нөхөн сэргээлтээр гуу жалга, эрэг хавцлыг түрж тэгшлэн, голын голдирлыг хэвийн болгож, тухайн нутагт байрлах хэд хэдэн жижиг цөөрөм, нуурыг холбон загас үржүүлэхээр төлөвлөжээ. Голын урсац нэмэгдэж голдирлоороо урсаж эхлэх нь нутгийн иргэдийн хувьд онцгой явдал болох юм байна. 

“Бугант Нандин” компанийн ерөнхий захирал С.Батсүх:  82,2 га газарт техникийн нөхөн сэргээлт хийхээр ирсэн байна. Нөхөн сэргээлт 80 орчим хувьтай байгаа бөгөөд 5 дугаар сарын 10-даар хүлээлгэн өгөх төлөвлөгөөтэй. Анх  ирэхэд социализмын үед 1070 гээд том экскаватораар ухсан  нүх ихтэй,   20-30 метр өндөр босоо ам бүхий газар байлаа. Нэлээн техникийн хүч шаардсан ажил хийж байна. Нэгэнт оногдсон энэ талбайдаа нөхөн сэргээлт хийнэ, 80 орчим хувьтай байна гэдэг бол сайн үзүүлэлт. 

Оюу толгой компани Монгол Улсад маш том хөрөнгө оруулалт хийж байна. Энэ нутаг малын бэлчээр муутай, дээр нь орхигдсон талбай ихтэй болохоор малчдад мал маллан амьдрахад хүндээр тусч байсан. Нөхөн сэргээлт хийснээр ирээдүйд энэ хавиар нутаглах боломж бүрдлээ. Ерөөсөө малчдын биднээс хүсч байгаа зүйл бол мал бэлчих боломжтой болгож өгөх. 

Өнгөрсөн жил бид Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг Ялбагийн хөндийд техникийн нөхөн сэргээлт хийх  Оюу толгой компанийн нээлттэй тендерт шалгарч, ажлаа 100 хувийн гүйцэтгэлтэй хүлээлгэж өгсөн. Олон малтай айл амьдардаг, тэнд мал байтугай бидний кемп харагддаггүй байлаа. Нөхөн сэргээлт хийснээр энэ байдал үгүй болж сэтгэл дүүрэн хүлээн авсан. Үүнтэй адилаар  Шарын голд амьдарч байгаа малчид ч газар нутгийг сэргээж, маш сайн тэгшилж өгөхийг хүсч байна. Бид хийнэ” гэлээ. 

Харин Байгаль орчин аялал жуулчлалын сайд Г.Бат-Эрдэнээс энэ талаар тодруулахад, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Шарын голд эвдэрсэн 80 грауй га газар байгаа түүнийг нөхөн сэргээх талаар нутгийн удирдлагууд хүссэн. Газрын хэвлийг “оёх” үйлстэй сайхан ажилд Оюу толгой компанид хүсэлтээ илэрхийлсэн. 2023 онд Ялбагийн гол, 2024 онд Шарын голыг урсгаж чадлаа.  Монгол Улсын Засгийн газраас 8 мянган га талбайд нөхөн сэргээлт хийх зорилт тавьсан ч өнөөдрийн байдлаар 12 мянган га талбай болсон байна. Хүн төрөлхтөн эх дэлхийдээ оршин тогтнохын тулд байгалиа хамгаалах, нөхөн сэргээх ёстой” гэлээ.  

Багахан хэмжээний толгодоос өндөр ч 20-30 метр бүхий босоо ам ихтэй, хагарч гэмтсэн энэ талбай техникийн нөхөн сэргээлтийн дараа тэгширч, аюулгүй, хүн мал амьдрах таатай нутаг болон үлдэх нь.