Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Эдийн засаг

Бодлогын хүү, геополитикийн эрсдэлийн улмаас  алтны үнэ 2450 ам.долларт хүрлээ

Даваа гарагт алтны үнэ нэг унци нь 2450 ам.долларт хүрч шинэ дээд амжилт тогтоолоо. АНУ-ын Холбооны нөөцийн сангийн мөнгөний бодлого зөөлөрч, геополитикийн байдал улам хурцадна гэсэн хүлээлт алтны ханшийг дахин өсгөв. Арилжааны явцад алтны үнэ 1.4%-иар өсч 2450.07 ам.долларт хүрч өнгөрсөн 4 дүгээр сард тогтоосон дээд амжилтыг ийнхүү давлаа. АНУ-ын алтны фьючерс мөн адил 0.5%-иар өсч, нэг унц нь 2429.60 ам.долларт хүрэв. Алтны үнийн таамаглал эерэг хэвээр байгаа бөгөөд "шинэ амжилт тогтоож гарч магадгүй" гэж City Index-ийн зах зээлийн шинжээч Фавад Разакзада тайлбарлав.

Доллар суларсан нь алтны ханшид дэмжлэг үзүүлжээ. Сүүлийн үеийн эдийн засгийн мэдээллээр АНУ-ын эдийн засгийн сэргэлт удааширч байгаагийн улмаас инфляци багасаж, урт хугацаанд мөнгөний хатуу бодлогын хэрэгцээ буурах магадлалтай гэж Разакзада хэлэв. Макро эдийн засгийн бусад хүчин зүйлүүд мөн алт, зэс зэрэг бусад түүхий эдийн үнийг өсгөж байна.

"Хятадын олон төрлийн урамшуулал нь эрдэс баялгийн эрэлтийг нэмэгдүүлж байна" гэж Разакзада хэлэв. Ням гарагт Ираны ерөнхийлөгч Эбрахим Раиси нисдэг тэрэгний ослоор амь үрэгдсэн тухай мэдээлэл гарсны дараа алтны статус олны анхаарлын төвд оржээ. Түүний үхэл нь Газын дайны улмаас Ойрхи Дорнодод үймээн самуун дэгдэж байх үед тохиолдсон юм.

Өнгөрсөн бямба гаригт Улаан тэнгист Хятад руу газрын тос тээвэрлэж явсан хөлөг онгоц Хути зэвсэгт бүлэглэлийн пуужинд оногдсоны дараа бүс нутагт геополитикийн эрсдэл нэмэгдлээ.  5 дугаар сарын 14-өөр дуусгавар болсон долоо хоногт Comex фьючерсыг арилжаалдаг Хедж сангууд алтны талаарх өөдрөг байр сууриа нэмж үнэ ханшийг нь сүүлийн гурван долоо хоногийн дээд түвшинд хүргэсэн тухай Түүхий эдийн фьючерс арилжааны комисс мэдээлж байна.

Энэ жил алтны үнэ 17 орчим хувиар өссөн.


Алтны ханш нэмэгдэж байгаа нь төв банкны худалдан авалт, Азийн, тэр дундаа Хятадын эрэлт хэрэгцээ, Украин болон Ойрхи Дорнод дахь геополитикийн байдал зэрэгтэй холбоотой. Сүүлийн үеийн алтны үнийн өсөлт бусад металлуудад ч нөлөөлсөн байна. Тухайлбал, 2012 оны 12 дугаар сараас хойш хамгийн өндөр түвшинд хүрсэн мөнгийг бид дурдаж болно.