Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Бодлого

М.Дагва: Монгол Улсын чухал ашигт малтмалын жагсаалтыг гаргахаар ажиллаж байна

“Чухал ашигт малтмал: Монголын болон глобаль чиг хандлага, бодлого, практик” сэдэвт эрдэс баялгийн семинар өнгөрсөн мягмар гарагт /2024.05.22/ боллоо. МУИС-ийн Хууль зүйн сургууль, Эдийн засаг, бизнесийн эрхзүйн судалгааны төв, Монголын чухал ашигт малтмалын ассоциацаас зохион байгуулсан семинарын үеэр чухал ашигт малтмалын өнөөгийн нөхцөл, чиг хандлагын талаар хууль эрх зүй, геологи, уул уурхай, байгаль орчин, эдийн засгийн үр өгөөжийн талаар хэлэлцэж, чухал ашигт малтмалын талаар төрийн бодлого боловсруулахад шаардлагатай мэдээлэл, судалгааг хийх, Монгол Улсын чухал ашигт малтмалын жагсаалтыг гаргах, суурь дата судалгааг хийх цаг болсон талаар салбарынхан хөндөн ярилцав.
Олон талын оролцоотой, олон салбарын эрх ашгийг харсан критикал минерал эдийн засаг, геополитик, байгаль орчны асуудлыг хөндсөн бодлого боловсруулахыг зорьж буй талаараа  чухал ашигт малтмалын ассоциацын тэргүүн М.Дагва илтгэлдээ дурьдав.


Тиймээс тус ассоциаци Стратеги судалгааны хүрээлэнтэй хамтын ажиллагааг эхлүүлсэн бөгөөд хамтарсан судалгааны ажил хийхээр төлөвлөжээ.
Дэлхийн улс орнууд чухал ашигт малтмалын жагсаалтаа зарлаж эхэлсэн байна. Тухайлбал, Африкийн Замби, Конго хөрш зэргэлдээ хоёр улс цахилгаан машины батерей үйлдвэрлэл, цэвэр эрчим хүчний чиглэлээр 2022 оны дөрөвдүгээр сард гэрээ байгуулжээ. Гэрээний нэг тал болох Конго улс цахилгаан машины үйлдвэрлэлд шаардлагатай гол гурван түүхий эдийн нэг кобальт үйлдвэрлэж буй бөгөөд 2022 онд 130 мянган тонн кобальт буюу дэлхийн нийт үйлдвэрлэлийн 68 хувийг хангажээ. Энэ энэ дэлхийн эрчим хүчний шилжилттэй холбоотой стратегийн давуу талыг олгож байна. Тиймээс Конго улс олон улсын зах зээлд эрэлт өндөртэй кобальт, германи, колтан хэмээх гурван эрдсийг улсынхаа “стратегийн минерал” хэмээн зарлажээ. Харин хөрш Замби улсын Засгийн газар 2023 онд зэс, кобальт, лити, цагаан тугалга, графит, колтан, манган, газрын ховор элемент, алт, сугилит, эмералд, алмазыг стратегийн минерал гэж зарласныг энэ үеэр жишээ болгон ярив.
2023 оны долоодугаар сард Энэтхэг улс чухал ашигт малтмалын жагсаалтаа зарласан Монгол Улсын хувьд энэ чиглэлээр стратегийн түнш улсуудтайгаа хэрхэн харилцах, критикал минералд түшиглэн эдийн засгаа хэрхэн солонгоруулах вэ гэдэг асуудал нээлттэй байна. Тиймээс бид 2024 онд чухал ашигт малтмалын жагсаалтаа зарлаж яагаад болохгүй гэж гэсэн агуулгаар ажиллаж байна.
Манай ассоциациас Монгол Улс эхний ээлжинд 11 ашигт малтмалыг критикал минерал гэж зарлая гэсэн санал гаргасан. Үүнд зэс, жонш, газрын ховор элемент, лити, кобальт, цагаан алтны төрлийн металиуд багтах ба дэлхийн аль ч улс эдгээрийг жагсаалтдаа оруулдаг. АНУ чухал ач холбогдолтой минералын жагсаалтаа шинэчлэхдээ зэсийг оруулсан гэж ассоциацын тэргүүн М.Дагва ярилаа.  

Улс орнууд чухал ач холбогдолтой ашигт малтмалын стратегиа зарлаж, энэ салбарт ойрын үед ямар хөрөнгө зарцуулах, ямар хамтын ажиллагаа өрнүүлэх, ямар үйлдвэрлэл хөгжүүлэх бодлогоо тодорхойлж байна. Манай улсын хувьд “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн хөтөлбөртэй уялдуулж, чухал ач холбогдолтой ашигт малтмалын бодлогоо тодотгол болгон оруулах боломж бий гэж харж байгаагаа тэрбээр илтгэлдээ онцолсон юм.

Бодлогын баримт бичиг гаргах бэлтгэл ажлын хүрээнд чухал ач холбогдолтой ашигт малтмалын нөөцөө тодорхойлох, 2024 онд улсын хэмжээний дата бэлтгэхээр төлөвлөжээ. УУХҮЯ-наас тендер зарлаад энэ жил 30 тэрбум төгрөгийн санхүүжилтийг шийдэж, физикийн  судалгааг нь эхлүүлжээ. Улмаар геологи, химийн судалгааг эхлүүлэх талаар ярьж эхэлсэн байна.
ШУТИС-ийн Геологи, уул уурхайн сургуулийн ахлах багш Д.Хашбат “Монгол орны литийн потенциал” сэдэвт илтгэл тавьсан бөгөөд тэрбээр Монгол лититэй юу? гэсэн асуултад хариулт олсон байна.
Тэрбээр, Монгол орны литийн потенциал тогтоох судалгааг 2016 оноос хойш хийж байна.
2024 оны хавар дахин нэг ордын хайгуул хийж, зөвшөөрөл авснаар литийн дөрвөн ордтой болж байна. Нөөцийн хувьд  2024 онд 24 мянга орчим тонн нэмэгдэж, одоогоор манай улс литийн 683.6 мянган тонн литийн нөөцтэй гэсэн тооцоо гараад байна. Одоо дахин хоёр орд судлагдаж байна гэв.

Лити нь манай улсын хувьд чухал ашигт малтмалын эхний дөрөвт орж байгаа ч бусад ашигт малтмалын төрөлтэй харьцуулахад лити бараг судлагдаагүйтэй адил аж. Гэвч литийн хайгуул хийх сонирхол нэмэгдэж байгааг тэрбээр онцлон дурдсан юм.