А.Халиун
Монгол Улс анх 2007 онд Сэргээгдэх эрчим хүчний тухай хуулиа баталснаар 50 гаруй ААН энэ салбарт хөрөнгө оруулалт хийхээр тусгай зөвшөөрөл авчээ. Гэвч тэднээс одоогоор нарны эрчим хүчний 6, салхины эрчим хүчний 3 станц л үйл ажиллагаа явуулж, төвийн бүсийн эрчим хүчний сүлжээнд нийлүүлж буй аж.
Азийн хөгжлийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Шэннон Коулин, Эрчим хүчний яамны Бодлого төлөвлөлтийн газрын захирал Б.Ерөн-Өлзий, Эрчим хүчний сүлжээнд ашиглах том чадлын хуримтлуурын төслийн инженер Б.Билгүүн нар Азийн хөгжлийн банкны зохион байгуулсан “Эрчим хүчний шилжилт” сэдэвт дугуй ширээний ярилцлагын үеэр мэдээлэл хийсэн юм.
Засгийн газраас сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэл, хэрэглээг нэмэгдүүлэх бодлого барьж буй бөгөөд энэ чиглэлээр олон улсын байгууллагатай хамтарч хэд хэдэн төсөл хэрэгжүүлж эхэлсэн талаар Эрчим хүчний яамны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга Б.Ерэн-Өлзий мэдээлэл өгсөн юм.
Сэргээгдэх эрчим хүчний нэг хүндрэл нь Монгол оронд нар, салхины эрчим хүчний эх үүсвэр тогтвортой биш. Ялангуяа өвлийн цагт өдөр богино тул оройн 17 цаг гээд нар орно.
Гэтэл эрчим хүчний хэрэглээ өвөл хамгийн өндөр. Монголчуудын хэрэглээний ачаалал өглөө ажил албандаа гарахын өмнө болон оройн хоолны цагаар огцом нэмэгддэг бөгөөд энэ оргил ачааллын үед импортын эрчим хүч хэрэглэдэг.
Өөрөөр хэлбэл өнгөрсөн намар хойд хөршөөс эрчим хүч экспортлох боломжгүй боллоо гэж биднийг түргэн авахуулсан мэдэгдэл бол манай өглөө, оройн оргил ачааллыг хангадаг эрчим хүч юм.
Эрчим хүчний энэхүү хамааралтай байдлаа бууруулахын тулд дотоодын эх үүсвэрээ нэмэгдүүлэх, тэр дундаа сэргээгдэх эрчим хүчний потенциалыг ашиглах шийдлийг Монгол Улс сонгож, энэ чиглэлд Эрчим хүчний яам Азийн хөгжлийн банктай хамтран ажиллаж байна.
Сэргээгдэх эрчим хүчний хэлбэлзлийг нөхөхийн тулд тохируулгын станцууд барихгүйгээр нар, салхины эрчим хүч ашиглах боломжгүй гэдгийг бодлого боловсруулагчид хүлээн зөвшөөрчээ.
Сэргээгдэх эрчим хүч гэж юу вэ?
Усны урсгалыг ашиглан генератор эргүүлж цахилгаан үйлдвэрлэж болно. Мөн салхины үлээх түрэлтийг ашиглан салхин сэнс ажиллуулж, цахилгаан үйлдвэрлэж болно. Нарны илчийг цахилгаан гүйлт болгох замаар цахилгаан үйлдвэрлэж болно. Мөн газрын гүний дулааны нөөцийг ашиглах нь сэргээгдэх эрчим хүчний нэг төрөл болж байна. Далайтай улс орнууд түрлэгийн эрчим хүчний эх үүсвэрийг ашиглах зэрэг шийдлээр эрчим хүч гарган авч байна. Эдгээрээс Монголд хөгжих боломжтой нь нар, салхи, усан цахилгаан станц юм.
2007 он буюу хууль батлагдах тухай үед Хөрөнгө оруулагчид Монголд итгэхээс эргэлзэх нь илүү байж. Тиймээс нэлээд өндөр буюу “дэмжих тарифтай” эрчим хүчийг үйлдвэрлэгчээс доллараар худалдаж авна гэж хуульчилжээ.
“Тарифыг төгрөгөөр тооцно гэвэл орж ирэх хөрөнгө оруулагч олдохгүй байсан. Энэ хуулийн хүрээнд хөрөнгө оруулалттай нар, салхины станц баригдаж эхэлсэн. Үүний дараа сэргээгдэх эрчим хүчний төсөл хэрэгжүүлэхийн тулд тоног төхөөрөмжийг импортын болон НӨАТ-аас чөлөөлсөн.
2007 оны хууль үүргээ гүйцэтгэсэн гэж үзэж, сэргээгдэх эрчим хүчний дараагийн төслүүдийг дэлхийн жишгийн дагуу уралдаант сонгон шалгаруулалтаар хэрэгжүүлье гэсэн агуулгаар 2019 онд уг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан. Үүнээс гадна уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг Парисын хэлэлцээрийн хүрээнд хүлэмжийн хийн ялгарал багатай ногоон эрчим хүчний салбарыг хөгжүүлэх талаар бодлогын баримт бичгүүдэд туссан. Энэ бодлогын хүрээнд Монголд сэргээгдэх эрчим хүчний хэд хэдэн төсөл хэрэгжиж байна.
Монголд өнөөдөр:
Монгол Улс 2023 онд 10975 сая кВт/цаг эрчим хүч хэрэглэсний 22.3%-ийг ОХУ-аас импортлон авчээ. Дотоодын эрчим хүчний хэрэглээний 7% буюу 772.6 сая кВт/цаг-ийг сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээс, 7755.2 сая кВт/цаг буюу 71%-ийг дулааны цахилгаан станцаас хангаж байна.
Монгол Улс эрчим хүч үйлдвэрлэлийнхээ 78 %-ийг дотоодын эх үүсвэрээс, 22%-ийг хөрш орнуудаас авч байна. Үүний 58%-ийг Оюу Толгой компани БНХАУ-аас, үлдсэн 30 гаруй хувийг ОХУ-аас импортолж буй юм.
Баруун бүсэд Азийн хөгжлийн банк, Дэлхийн банкны нэн хөнгөлөлттэй зээл болон Япон улсын буцалтгүй тусламжийн 50:50%-ийн санхүүжилтээр Монгол Улсын Засгийн газраас сэргээгдэх эрчим хүчний төслүүдийг хэрэгжүүлж байна. Алс баруун хязгаарт хувийн хөрөнгө оруулалтын өртөг өндөр дүнтэй гарсан тул хамтрагч байгууллагуудын зээл, тусламжаар хэрэгжүүлж дуусах шатандаа оржээ.
Төслийн дагуу баруун бүсэд сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэх бодлогын хүрээнд Ховд, Хөвсгөл аймгийн төв, Говь-Алтайн алслагдсан Алтай сум, Завханы Улиастайд төсөл хэрэгжиж байна. Хөвсгөлийн Мөрөнд нарны эрчим хүчний станцын барилга угсралтын ажил дуусах шатандаа ороод байна.
Эдгээр төслүүдийн тулгамдсан асуудал нь дээр өгүүлсэн нар, салхи бол тогтвортой эх үүсвэр биш гэдэг асуудал. Хүйтний эрч чангарахын хэрээр салхины эх үүсвэр мөн саарч, хүндрэлтэй тулгардаг.
20 м/сек-ээс дээш хүчтэй салхилахад салхин цахилгаан станцууд гэмтэл үүсэхээс сэргийлж, үйлдвэрлэлээ зогсоодог. Өвлийн -30-аас дээш хүйтэнд салхин сэнсний далбаа гэмтэх эрсдэлтэй учир үйлдвэрлэлийг бас зогсоох шаардлага үүсдэг байна. Энэ мэтээр хүйтэн орны онцлогоос болж сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлд саад болох хүчин зүйлс цөөнгүй ажээ.
Монголчууд өглөө эрт цайгаа чанах болон оройн хоолны цагаар эрчим хүчний хэрэглээ нэмэгддэг. Шөнө бүх цахилгаан хэрэгслээ унтраагаад унтдаг. Тэгэхээр бидний эрчим хүчний хэрэглээ жигд биш, тэмээний бөх шиг хэлбэлздэг. Тэр оргил ачааллын үед төвийн эрчим хүчний систем ОХУ-аас эрчим хүч импортолж, хэрэглээгээ нөхдөг. Сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэл, хэрэглээг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага эндээс үүсэж буй юм.
Нэг өдрийн сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэж буй мэдээллийг харахад нарны станцууд өвөл 09.00-17.00 цагийн хооронд эрчим хүч үйлдвэрлэдэг ба 12.00-13.00 цагийн үед үйлдвэрлэл хамгийн их нэмэгддэг. Үдээс хойш нар буух үед үйлдвэрлэл багассаар 17.00-18.00 цагийн үед үйлдвэрлэл зогсдог байна.
Салхины станцын тухайд ч ялгаагүй. Монголд хоногийн 24 цаг салхилах нь ховор. Заримдаа салхитай, заримдаа тогтуун байна. Нарны станц шиг хоногийн тэр цагт салхин станцын үйлдвэрлэл нэмэгдэнэ, багасна гэж тооцоолох боломжгүй, хэлбэлзэл үүсдэг тухай тайлбарлав. “Салхилсангүй” гээд цахилгаан таслах биш, эрчим хүчний систем эрчим хүчээр тогтвортой хангаж байх ёстой.
Эрчим хүчний оргил ачааллын үеийн доголдлыг нөхөх шийдлүүд нь:
-Том, дунд чадлын усан цахилгаан станц
-Усан цэнэгт буюу ус хуримтлуурын усан цахилгаан станц
-Хийн цахилгаан станц
-Сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж байгаа батарей хуримтлуурын станц манай оронд тохиромжтой аж. Улс орнууд ч ийм шийдлүүдээр хэлбэлздэг эх үүсвэрүүдээ нөхдөг байна.
Дэлхийн зарим улс орнуудад:
-Хятадад нийт цахилгаан үйлдвэрлэх суурилагдсан хүчин чадлын 21%-ийг сэргээгдэх эрчим хүч эзэлж байгаагаас 16% нь усан цахилгаан станц, 5% байгалийн хий,
-Японд нийт эрчим хүч үйлдвэрлэлийн 43%-ийг горим тохируулгын эх үүсвэр эзэлж байгаагаас 39%-ийг хий, 4%-ийг УЦС эзэлж байна.
-Англид эрчим хүчний эх үүсвэрийн 49%-ийг горим тохируулгын станц эзэлж байгаагаас 48% нь байгалийн хий, 1% нь УЦС байна.
-Америкт 38 %-ийг горим тохируулгын станц, 6%-ийг УЦС эзэлж байна гэсэн судалгаа гарчээ.
Хөгжингүй орнууд, манай хөрш орнуудад эрчим хүчний хэлбэлзлийг нөхөх, горим тохируулгын эх үүсвэрийн талаар дээр дурдлаа.
Манай улсын хувьд батарей хуримтлуурын станц үр дүнтэй бөгөөд удахгүй нэг станц ашиглалтад хүлээн авах гэж байна. Одоогийн байдлаар Дөргөн, Тайширын горим тохируулгын хоёр жижиг станц ажиллаж байна. Манай улсын эрчим хүчний суурилагдсан хүчин чадал 1564.4 мВт хүрч байгаа ба энэ хоёр станц нийт 23мВт чадалтай буюу ачааллын 1.5%-ийг хариуцаж байна гэсэн үг. u
Монгол Улс ОХУ-аас 340 мВт хүртэлх хэмжээний эрчим хүч импортлох боломжтой бөгөөд манай дотоодын хэрэглээ жил ирэх тусам нэмэгдсээр байна. Горим тохируулгын станцгүйгээр нар, салхины станцыг хөгжүүлэх боломжгүйн дээр тохируулгын эх үүсвэргүйгээс хүндрэлд орох эрсдэл хаяанд байна.
Монгол цаашид яах вэ?
Томоохон УЦС барих боломжтой голууд бий ч манай орны ихэнх том гол Сэлэнгэ мөрөнд цутгалтай. Сэлэнгэ мөрөн нь Байгаль нуурын хамгийн том цутгал бөгөөд Байгаль нуурын усны 1\2- ийг хангадаг. Байгаль нуур нь дэлхийн хамгийн гүн, цэнгэг уст нуур. Тиймээс Оросын талаас Эг, Орхон голуудад УЦС барих санаачилгад хориг тавьсаар ирсэн. Эгийн голын станцын тухай 10 гаруй жил ярьсан ч шийдэлд хүрээгүй.
Тэгвэл яах вэ? Оросыг хараад суусаар байх уу? Хөрш орноос хамааралгүй дотооддоо урсгалтай голуудад УЦС барих шийдэлд хүрч, Завхан гол, Ховд голуудыг түшиглэн УЦС барихаар төлөвлөжээ.
Эхнийх нь 90мВт-ын хүчин чадал бүхий Эрдэнэбүрэнгийн УЦС-ын зээлийн хэлэлцээр шийдэгдэх шатандаа оржээ. 270 сая ам.долларын төсөвтэй энэ төслийн санхүүжилтийн 95%-ийг БНХАУ-ын Экспорт-Импорт банк /ЭКСИМ/-ны хөнгөлөлттэй зээлээр шийдвэрлэх ба барилга угсралтын ажлыг энэ хавраас эрчимжүүлэхээр төлөвлөжээ.
Удаах нь 30 мВт-ын хүчин чадалтай Байдрагийн УЦС. Энэ төслийн ТЭЗҮ батлагдсан бөгөөд санхүүжилтийг шийдвэрлэх талаар Унгарын талд санал тавьжээ.
Хэдийгээр цаг их алдсан ч дотооддоо урсгалтай голуудыг түшиглэн станц барих төслүүдийг шуурхай эхлүүлэхээр ажилдаа оржээ.
Гэвч 11 жил яригдсан Эгийн голыг түшиглэн 450 мВт-ын хүчин чадалтай УЦС барих төслийн холбогдох судалгааны ажлыг хийж, ОХУ-тай харилцан ойлголцолд хүрэх ажлыг 2024 онд хийхээр төлөвлөсөн байна.
Өнгөрсөн хугацаанд Азийн хөгжлийн банк /АХБ/ болон улсын төсвийн санхүүжилтээр 60 байршилд судалгаа хийж, үүнээс шигшсээр хамгийн оновчтой байршлуудыг сонгожээ. Эцсийн байдлаар ТЭЗҮ хийсэн байршил нь Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын нутаг дахь Ерөө голын дэргэд 100 мВт чадалтай ус хуримтлуурын станц барихаар болсон байна. Энэ төслийг 2025 оноос АХБ-ны 150 сая ам.долларын зээлийн эх үүсвэрээр хэрэгжүүлэхээр болжээ.
Мөн Дэлхийн банк, АХБ-тай хамтарч батарей хуримтлуурын тохируулгын станц барина.
2023 оны 12 дугаар сард эрчим хүчний сүлжээнд нийлүүлэх 80 мВт-ын батарей хуримтлуурын станцыг ашиглалтад оруулж, туршилтын хугацаанд ажиллаж байгааг ирэх 5, 6 дугаар сард Улсын комисс хүлээн авах аж.
Улаанбаатар хотоос 50 мВт-ын чадалтай 2, 20 мВт-ын чадал бүхий батарей хуримтлуурын станцыг өөрийн санхүүжилтээр барих төсөл хэрэгжүүлж эхэлснийг ЭХЯ-наас дэмжиж буй аж.
Мөн Говьсүмбэр, Дундговь аймгийн төвд 200мВт цагийн багтаамжтай батарей хуримтлуурыг өрсөлдөөний зарчмаар, хувийн хөрөнгө оруулалтаар бариулахаар төлөвлөжээ. Цаашид энэ салбарт хөрөнгө оруулагчдыг хамгийн бага тарифаар өрсөлдүүлэн шалгаруулахаар хамтран ажилладаг санхүүгийн байгууллагууддаа санал тавьсан талаар ЭХЯ-ны газрын дарга Б.Ерэн-Өлзий мэдээлэлдээ дурдав.
Монгол оронд жилийн 270-300 өдөр нь цэлмэг, нартай байдаг
Монгол орны хувьд жилийн 270-300 өдөр цэлмэг байх ба нарны цацраг дунджаар 2250-3300 цаг байдаг гэсэн судалгаа бий. Говийн аймгуудад нарны идэвхжил хамгийн өндөр.
Салхины эрчим хүчний нөөц сайтай газартаа нэг км2 талбайгаас багадааа 7 мВт эрчим хүч үйлдвэрлэх боломжтой. Салхин цахилгаан станцуудын суурилагдсан хүчин чадлын хувьд жилд 2.5 тэрбум кВт/цаг эрчим хүч үйлдвэрлэх боломжтой. Нар, салхины хосолсон эрчим хүчний эх үүсвэрийг говийн бүсэд байгуулах нь хамгийн тохиромжтой.
Манай улсын хувьд сэргээгдэх эрчим хүчний нөөц ихтэй ч эдийн засгийн боломж хязгаарлагдмал. Тиймээс сэргээгдэх эрчим хүчний салбарт харилцан ашигтай хамтран ажиллах саналыг өмнөд хөршид тавиад буй аж. Хятадаас ямар нэг хариу өгөөгүй бөгөөд “судалъя” гэжээ.
Монгол Улс 2040 оноос нүүрсний станцуудаа хааж, зөрүүлээд батарей, усан цэнэгт станц зэрэг тохируулгын станцуудыг ашиглалтад оруулан дотоодын хэрэглээг хангах эх үүсвэрийн төлөвлөлт гаргасан байна. Манай улсын эрчим хүчний суурилагдсан хүчин чадал 1564.4 мВт байгаа бол 2040 он хүртэл эрчим хүчний суурилагдсан хүчин чадлыг 5500 мВт хүргэхийг зорьж байна.
Энэ чиглэлийн экспортын төслүүдийг АХБ-тай хамтарч тусад нь төлөвлөж байна. АХБ-тай хамтарч Зүүн хойд Азийн эрчим хүчний хамтын ажиллагаа сэдвийн хүрээнд суурь судалгааны төслүүд хэрэгжүүлсэн ба одоо дараагийн шатны судалгааг хийж байна. Жишээлбэл, Монгол орны говийн бүсэд 5-10 мянган мВт-ын нар, салхины станцууд байгуулах, үүнийг хааш нь дамжуулж болох, эдийн засгийн үр ашиг нь ямар байх гэх мэтээр харьцуулсан судалгаа хийсэн.
Зүүн хойд Азид нь дэлхийн эдийн засаг, аж үйлдвэрийн гол тоглогчид оршдог. Дэлхийн ДНБ-ий 27 %, хүн амын 20% нь оршин суудаг. БНХАУ нь нүүрсний хэрэглээгээр 1, хийн хэрэглээгээр 3 дугаарт, Япон улс нүүрсний хэрэглээгээр 6, хийн хэрэглээгээр 5 дугаарт, БНСУ нүүрсний хэрэглээгээр 8, хийн хэрэглээгээр 19 дүгээрт тус тус ордог, хүлэмжийн хийн ялгаруулалт өндөртэй бүс нутаг гэж үздэг. Энэ төслийг хэрэгжүүлбэл Монгол Улсад эдийн засгийн үр ашигтайн дээр бүс нутагт хүлэмжийн хийг бууруулахад чухал ач холбогдолтой юм.
Нөгөө талаар манайх шиг хэмжээний нар, салхины нөөц Өвөрмонголд байна. Өвөрмонгол нь Хятадын нар, салхины эрчим хүчний хөгжүүлэлтээр манлайлж байгаа ба 5000 км цахилгаан шугам татаж, үйлдвэрлэсэн эрчим хүчээ өргөн уудам газар нутгийнхаа өмнөд бүсэд хүргэж чадаж байна.
АХБ: Нүүрсний уурхай болон шинээр байгуулах нүүрсний станцуудад хөрөнгө оруулалт хийхгүй
“Парисын хэлэлцээрт тусгасан хүлэмжийн хийн ялгаруулалтыг бууруулахад Монгол, Филиппин зэрэг буурай хөгжилтэй орнуудад хүндрэл учирч мэдэхээр байна. Нүүрсний уурхай, станцуудыг хааснаар олон мянган ажлын байр хумигдана. Тиймээс уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх чиглэлд хэрэгжүүлж буй арга хэмжээнд зарцуулагдах хөрөнгө мөнгийг өндөр хөгжилтэй орнуудаас ядуу, буурай орнуудад чиглүүлэх, хөгжиж буй орнуудад зориулсан шинэ хэлэлцээр дээр ажиллах шаардлага үүсэж буй талаар Азийн хөгжлийн банкны Монгол Улс дахь Суурин төлөөлөгч, хатагтай Шэннон Коулин дугуй ширээний ярилцлагын үеэр онцолсон юм.
АХБ-наас 2021 онд баталсан эрчим хүчний бодлогодоо нүүрсний уурхай болон шинээр байгуулах нүүрсний станцуудад хөрөнгө оруулалт хийхгүй гэж тусгасан. Сэргээгдэх эрчим хүчний станц нь нүүрсний станцаас хямд, өрсөлдөхүйц учир нүүрсний станцыг дэмжихгүй байх боломжтой гэж үзсэн аж.
АХБ-наас Монголд хэрэгжүүлэх бодлого нь:
-Нар салхины станцыг дэмжих
-Дамжуулах сүлжээг өргөтгөх, бэхжүүлэх
-Батарей хуримтлуурыг дэмжих
-Усан цэнэгт станцыг дэмжихээ илэрхийлээд, томоохон төслүүд дээр хамтын ажиллагаа эхлүүлээд байна.
Монгол Улсын хувьд дулааны асуудал хамгийн чухал. Тиймээс газрын гүний дулааны станцыг зарим цэцэрлэг, өрх, дүүргийн эмнэлэгт нэвтрүүлэхээр ажиллаж байна.
Дунд гүний газрын дулааны станцыг Монголд байгуулах нь агаарын бохирдол, хүлэмжийн хийн ялгаруулалтыг бууруулахад ач холбогдолтой талаар хатагтай Шэннон Коулин дурдаж байв.