Монгол Улсад анх удаа бүрэн автомат ажиллагаатай инженерийн байгууламж бүхий Тавантолгойн нүүрс ачих логистикийн төвийг байгууллаа. Уг төв нь жилд 20 сая/тонн түүхий нүүрсийг дамжуулан ачих хүчин чадалтай юм. “Эрдэнэс Тавантолгой” ХК Засгийн газрын тогтоол шийдвэрийн дагуу Нүүрс ачих логистикийн төвийн төслийг 2021 онд эхлүүлж, 2024 оны II улиралд багтаан ашиглалтад орууллаа.
Төслийн нийт хөрөнгө оруулалт 313.192 тэрбум төгрөг бөгөөд 1 тонн нүүрс ачих өөрийн өртөг 2353.9 төгрөг, борлуулалтын орлого 3.9 их наяд төгрөгт хүрэх боломж нээгдэнэ. Тус төв нь Тавантолгойн ордын Баруун, Зүүн Цанхын уурхайгаас олборлосон түүхий нүүрсийг хүлээн авч, бутлан тээвэрлэж, ангилан хольж “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн “Нүүрс баяжуулах” үйлдвэрийг түүхий нүүрсээр хангахаас гадна төмөр замын тээвэрт бэлтгэн вагонд ачих технологийн 7 дамжлага бүхий цогц бүтээн байгуулалт юм.
Инженерийн цогц шийдэл бүхий бүрэн автомат системтэй Тавантолгойн нүүрс ачих логистикийн төв ашиглалтад орсноор чанарын шаардлагад нийцсэн нүүрсийг дундажлах боломж бүрдэх бөгөөд Тавантолгойн орд, уурхайн насжилтыг уртасгах, бага чанартай нүүрсийг эдийн засгийн эргэлтэд оруулах ач холбогдолтой юм. Түүнчлэн Тавантолгойн бүлэг ордоос олборлосон нүүрсийг Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замаар тээвэрлэн олон улсад борлуулах боломж нээгдэнэ. Тус төв нь Вагонд ачигч, Бутлуур, Туузан дамжуурга, дагалдах тоног төхөөрөмж, Овоологч, Тэжээгч, барилга байгууламж, зам талбай, эрчим хүч, автоматжуулалт зэрэг 6 багц ажлаас бүрдэж буй юм.