Т.Бямбанаран
Шинээр нийтлэгдсэн байгаль орчны судалгаанаас үзэхэд 2022 онд болсон томоохон эсэргүүцлийн жагсаалын дараа хаагдсан Сербийн литийн төсөл байгаль орчинд аюулгүй болохыг Англи-Австралийн уурхайн компани Рио Тинто 6 дугаар сарын 13-нд мэдэгдлээ.
Баруун Сербид оршдог 2.4 тэрбум ам.долларын өртөгтэй Jadar төсөл хэрэгжвэл Европын өнөөгийн литийн хэрэгцээний 90%-ийг хангаж, Рио Тинто компани литийн тэргүүлэх үйлдвэрлэгч болох боломжтой юм байна.
Цахилгаан тээврийн хэрэгсэл болон электрон төхөөрөмжид ихэвчлэн ашиглагддаг лити нь томоохон орнуудын эдийн засагт чухал үүрэг гүйцэтгэдэг.
Пүрэв гарагт Рио Тинтогийн Сербийн салбар сүүлийн 6.5 жилийн хугацаанд байгаль орчны чиглэлээр хийсэн хэд хэдэн судалгааг олон нийтэд зарлав.
"Энэхүү судалгаанаас харвал Jadar төсөл нь дотоод, гадаадын байгаль орчны стандартыг дээд зэргээр хангаж, аюулгүй хэрэгжих боломжтой” гэж Рио Тинто компани мэдэгдлээ.
Сербийн Ерөнхийлөгч Александр Вучич Рио Тинто компанитай уг төслийн талаар яриа хэлэлцээ хийж, цаашид хэрэгжүүлэх эсэх талаар олон нийтээр хэлэлцүүлэх хүсэлтэй байгаагаа 1 дүгээр сард илэрхийлэв.
Тус улсын 2022 оны бүх нийтийн сонгуулийн өмнөхөн Сербийн удирдагчид байгаль орчныг хамгаалах бүлгүүд болон нутгийн иргэдээс 30,000 хүний гарын үсэгтэй өргөдлийг хүлээн авч, Риогийн төслийн лицензийг цуцалжээ.
Байгаль орчны идэвхтнүүд хэлэхдээ тус уурхай усны эх үүсвэрийг бохирдуулж, Европын хамгийн их бохирдолтой орнуудын нэг болсон Сербийн байгаль орчинд илүү хохирол учруулна гэжээ.
Рио Тинто компанийн Серби дэх төлөөлөгч Марижанти Бабич Пүрэв гаригт хийсэн мэдэгдэлдээ тус компани төслийн талаарх "олон нийтийн дунд яриа хэлэлцээрийг дахин эхлүүлэх" зорилгоор судалгаануудаа нийтэлсэн тухайгаа хэллээ.
Сербийн Ерөнхий сайд Милош Вучевич уг төслийг сэргээх талаар ярилцахад бэлэн байгаагаа төрийн RTS телевизэд мэдэгджээ.
Мөн тэрээр мэдэгдэлдээ "Байгалийн баялгийг ашиглахын сацуу байгаль орчин, хүн амыг хамгаалах боломжтой гэдэгт би итгэдэг. Энэхүү литийн төсөл бол түүхэн боломж” хэмээжээ.
Эх сурвалж: mining.com