"Эрдэнэс Монгол" нэгдлийн бүрэлдэхүүн компани болох Багануур ХК-ийн нийт ажилтнуудын хаврын зөвлөгөөнд “Эрдэнэс Монгол” нэгдлийн гүйцэтгэх захирал С.Наранцогт оролцлоо. Тэрбээр “Багануурын уурхай бол төвийн эрчим хүчний нүүрсний 52%-ийг хангадаг стратегийн ач холбогдолтой уурхай. 2023 онд тус компани хуримтлагдсан өр төлбөрөө барагдуулж, биологийн нөхөн сэргээлт хийж ололт амжилтаар дүүрэн ажиллажээ. Хэдийгээр сайн ажиллаж байгаа боловч цаашид зайлшгүй шийдвэрлэх асуудлууд байна. Тус компанийн нүүрсний үнийг улсаас тогтоосон нь жил бүр алдагдал үүсгэх, улмаар хуримтлагдсан өр төлбөрийг нэмэгдүүлэх нөхцөл байдалд хүргэж байна. Тиймээс эрчим хүчний либералчлалын хүрээнд энэ асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй юм. Ядаж л энэ компани үндсэн өртгөө нөхдөг, алдагдалгүй ажилладаг байх ёстой” гэв.
Түүнчлэн “Эрдэнэс Монгол” нэгдэл 2024-2028 оны дунд хугацааны стратеги төлөвлөгөөгөө боловсруулж баталсан. Багануур ХК бол манай стратегийн нөөц баялгийн нэг. Дунд хугацааны стратеги төлөвлөгөөний хүрээнд бид нөөц баялгаа түшиглэн нүүрс-химийн цогцолбор барихаар төлөвлөсөн. Ингэснээр дараа шатны боловсруулалт хийгдэж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх бидний үндсэн зорилго хэрэгжинэ. Өнөөдөр бид ус цахилгаан хангамж, дулааны шугам сүлжээ гээд дэд бүтцийн ажлуудыг нь үзэж судаллаа. Ингээд харахад, бидний төлөвлөсөн ажлууд хурдан хугацаанд хэрэгжих боломжтой юм байна гэсэн дүгнэлтэд хүрлээ гэсэн юм.