Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ

Литийн зөвшөөрлийг цуцалсны улмаас Ganfeng компани Мексик улсыг шүүхэд өгчээ

П.Жаргалсүрэн

Хятадын Ganfeng компани болон Мексик дэх түүний хоёр охин компани Сонора мужид лити олборлох төслийн концессийн гэрээг цуцалсантай холбогдуулан тус улсын засгийн газрыг арбитрын шүүхэд өгчээ.

Хятадын литийн томоохон компани болох Ganfeng, мөн Bacanora Lithium болон Sonora Lithium-аас гаргасан хүсэлтийг Баасан гарагт “Хөрөнгө оруулалтын маргааныг зохицуулах олон улсын төв”-д нийтэлсэн байна.

Өнгөрсөн 8 дугаар сард Мексикийн засгийн газраас Ganfeng компанийн концессийг хүчингүй болгох шийдвэр гаргасан. Ерөнхийлөгч асан Андрес Мануэль Лопез Обрадор 2022 онд Мексикийн дөнгөж хөгжиж буй литийн салбарыг улсын мэдэлд шилжүүлсний дараа ийм алхам хийсэн юм.

2021 онд Ganfeng 800 сая долларын хөрөнгө оруулалт бүхий уурхайн бүтээн байгуулалт дээр ажиллаж байсан Bacanora Lithium-ийг худалдаж авсан. Тухайн үед тус компани нь 2023 онд үйлдвэрлэлээ эхлүүлэхийг зорьж байсан. Гэвч Мексикийн хууль тогтоогчид 2022 оны 4 дүгээр сард литийн олборлолтыг улсын мэдэлд шилжүүлэх хуулийн төслийг баталж, үйл ажиллагааг нь зогсоосон.

Засгийн газар концессийн гэрээг хууль ёсоор цуцлах эрхгүй гэж Ganfeng компанийг дэмжиж байгаа салбарынхан хэлж байсан ч Мексикийн Эдийн засгийн яам шийдвэрээ хэвээр нь үлдээжээ.

Sonora төсөл нь литийн ил уурхай, боловсруулах үйлдвэрээс бүрддэг. Уг төсөл цахилгаан автомашины батарейд шаардлагатай литийг жилд 35,000 тонн олборлохоор төлөвлөж байсан.

Эх сурвалж: mining.com