Японы судлаачид Номхон далайгаас батарейн металлаар баялаг 200 сая тонн манганы царцдас илрүүлжээ.
Токиогийн их сургууль болон Nippon сангийн мэргэжилтнүүдийн баг Японы алслагдсан арал Минамиторишимагийн ойролцоох далайн ёроолд царцдас байна гэж мэдэгдэв.
Металлаар баялаг эдгээр чулуулаг нь ойролцоогоор 5500 метрийн гүнд оршдог. Үүнд манганаас гадна кобальт, никель, зэс агуулагддаг тул Номхон далайн Clarion-Clipperton бүсээс олдсон полиметалл царцдастай тун төстэй гэж үздэг.
Тус багийн тооцоолсноор энэхүү орд 610 мянган тонн кобальт (Японы 75 жилийн хэрэглээтэй тэнцэхүйц), 740 мянган тонн никель (11 жил) агуулж байна хэмээн Japan Times сонинд бичжээ.
2026 оноос эхлэн Nippon сан Японы олон компанитай хамтран үйлдвэр байгуулж, ашигт малтмал олборлохоор төлөвлөж байна.
2016 онд Токиогийн их сургууль болон бусад байгууллагууд анх судалгаа хийж тухайн газарт манган байгааг илрүүлсэн аж. Токиогийн их сургууль цаашид далайн ёроолоос гаргаж авсан манганд нарийвчилсан дүн шинжилгээ хийх юм байна.
Никель, кобальтын эрэлт ойрын хэдэн арван жилд өсөх төлөвтэй байгаа. Батарейгаар ажилладаг технологи нь газрын тос, хийн түлшийг эрчимтэй орлож буй энэ үед эдгээр металлын эрэлт 400-600%-иар өснө гэж АНУ-ын Цагаан ордны баримт бичигт дурджээ.
Гэтэл Credit Suisse, Lloyds, NatWest, Standard Chartered, Голландын ABN Amro банк, Испанийн Banco Bilbao Vizcaya Argentaria групп зэрэг дэлхийн томоохон банкууд далайн гүн дэх хайгуул, олборлолтыг санхүүжүүлэхгүй байх бодлого нэтвтрүүлсэн байна.
Далайн ёроолоос царцдас олборлодог тэргүүн компани the Metals Company 6 дугаар сарын эхээр далайн ёроолын полиметаллын царцдасаар дэлхийд анх удаа кобальт сульфатыг амжилттай үйлдвэрлэснээ зарлав.
Олон улсын далайн ёроолын газар одоогоор далайн гүний уурхайн журам боловсруулж байгаа бөгөөд 2025 он гэхэд журмыг эцэслэн батлахаар төлөвлөж байна. Албан ёсны дүрэм журам байхгүй ч далайн гүний олборлолтыг 7 дугаар сараас эхлүүлэх боломжтой ажээ.
Эх сурвалж: mining.com