Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Филиппиний эрчим хүчний үйлдвэрлэлд нүүрсний эзлэх хувь өслөө

СИНГАПУР, 7-р сарын 1 (Ройтерс) - Ember судалгааны төвийн мэдээлснээр Филиппин улс нь нүүрсээр ажилладаг цахилгаан станцуудаас хамгийн их хамааралтай эдийн засагтай эхний арван улсын тоонд багтжээ. Энэ нь тус улс ногоон эрчим хүчний зорилтод хүрэхэд ямар саад бэрхшээлтэй тулгарч буйг харуулж байна.

Тус улсын эрчим хүчний үйлдвэрлэлд нүүрсний эзлэх хувь сүүлийн 15 жил дараалан өсөж, 2023 онд дээд цэгтээ хүрлээ.

Ember-ийн гаргасан мэдээллээр 2023 онд Косово нүүрснээс хамгийн их хамааралтай байсан бөгөөд эрчим хүчнийхээ 88.21%-ийг нүүрснээс авч байсан. Монгол, Өмнөд Африк, Энэтхэг, Казахстан улсууд удаалсан бол Филиппин жагсаалтын 7 дугаарт бичигджээ.

2022 онд Филиппиний нийт цахилгаан эрчим хүчний 59.07%-ийг нүүрсний станцууд үйлдвэрлэж байсан бол 2023 онд энэ үзүүлэлт өсөж 61.92% хүрсэн нь 2016 оноос хойших хамгийн өндөр өсөлт боллоо.

Филиппин улс 2030 он гэхэд нарны хүчин чадлаа хоёр дахин, салхины хүчин чадлаа гурав дахин нэмэгдүүлж, далайд суурилсан салхин станцуудаа хурдацтай хөгжүүлэхэд анхаарч байна. Филиппин нь эрчим хүчний үйлдвэрлэлд нүүрсний эзлэх хувь хэмжээгээр 8-р байранд орсон Индонезийг гүйцэж түрүүлсэн ч нүүрс Индонезийн гол түлш хэвээр байна.

Хятад улс 2023 онд нүүрснээс хараат эхний 10 улсын жагсаалтаас гарсан. Үүний гол шалтгаан нь Хятадад сэргээгдэх эрчим хүч эрчимтэй өсөж, эрчим хүчний үйлдвэрлэлд эзлэх нүүрсний хувийг бууруулсан байна. Гэсэн хэдий ч Хятад улс нүүрсний эрчим хүчээр дэлхийд тэргүүлэх байр эзэлдэг хэвээр байгаа бол Энэтхэг хоёрдугаар байранд явж байгаа.

Индонез улс нүүрсээр цахилгаан эрчим хүч үйлдвэрлэдэг дэлхийн тав дахь том улс болсон аж. Тус улсын үйлдвэрлэл нь 8 жилийн хугацаанд дунджаар жилд 7.1%-иар өсөж, Өмнөд Солонгосыг анх удаа гүйцэж түрүүллээ.

"Индонези 2018 онд Австрали, 2019 онд Герман, 2020 онд Орос, 2022 онд Өмнөд Африкийг тус тус гүйцэж түрүүлсэн" гэж Ember судалгааны төв мэдэгдлээ.

Эх сурвалж: www.reuters.com