Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ярилцлага

Н.АЛГАА: БАЙГУУЛЛАГЫН ДОТООД АРДЧИЛЛЫГ БИЙ БОЛГОХОД ГОЛЛОН АНХААРСАН


Монголын уул уурхайн үндэсний ассоциацийн Ерөнхийлөгч, Гүйцэтгэх захирлаар 18 жил ажиллаж, Монголын эрдэс баялгийн салбарын түүхэн хөгжилд өөрийн амьдралын бүтэн аравныг зориулсан Намгарын Алгаатай ассоциацийн 30 жилийн ойн хүрээнд ярилцлаа

.

Монголын уул уурхайн үндэсний ассоциацийн 30 жилийн ой тохиож байна. Та энэ байгууллагын түүхийн багагүй хугацаанд ажиллажээ. Энэ хугацаанд хийсэн онцлох өөрчлөлт юу байв?
Би ассоциацийн Гүйцэтгэх захирлаар 14 жил ажиллахдаа үе үеийн 5 Ерөнхийлөгчтэй хамтарч ажиллаж, харин 4 жилд нь ерөнхийлөгчийн алба хашсан. Ассоциацийг байгууллагын хувьд дотоод ардчилалтай, удирдах болон хяналтын эрх мэдлийн зөв зохистой хуваарилалттай, цомхон, чадварлаг бүтэцтэй байгууллага болгон бэхжүүлэхэд анхаарч ажилласан. 2010 онд дүрмэндээ өөрчлөлт оруулан Хяналтын зөвлөлийг 3 жилд нэг удаа, 5 гишүүнтэй сонгодог болж, харин Ерөнхийлөгчийг Ассоциацийн зөвлөлийн бүрэлдэхүүнээс гаргасан. Энэ нь хараат бус ажиллах нөхцөлийг бүрдүүлсэн юм.  Түүнчлэн ассоциацийн Гүйцэтгэх захирал жил бүр хийсэн ажил, санхүүгийн орлого, зарлагаа нийт гишүүдэд тайлагнах, жилийн төсөв, төлөвлөгөөг Ассоциацийн зөвлөлөөр батлуулах, ерөнхийлөгчийг 4 жилд нэг удаа, Ассоциацийн зөвлөлийг 2 жилд нэг удаа сонгох өөрчлөлтүүд хийсэн.

Хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх, иргэд олон нийтийн ойлголтын зөрүүг арилгах талаар сүүлийн жилүүдэд нэлээд ажил хийж байна. 2006 онд гаргаж байсан хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх шийдвэр, одоогийн хэрэгжиж байгаа кодексийн талаар Та юу хэлэх вэ?

2006 оны 8 дугаар сард МУУҮА- ийн зөвлөлийн хурлаар Монгол Улсын хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх санаачилга гарган, хэрэгжүүлэх шийдвэр гаргаж, Азийн сангийн дэмжлэгтэйгээр төр, төрийн бус, хувийн болон бизнесийн байгууллагууд, судлаачид бүхий оролцогч талуудын уулзалтыг зохион байгуулж байлаа.

Энэ уулзалтын дараа хариуцлагатай уул уурхайн үзэл санаа, эрхэм зорилго, тодорхойлолт ба үйл ажиллагааны зарчим боловсруулах Ажлын хэсэг байгуулсан. Тухайн оны 12 дугаар сард хуралдсан бүх гишүүдийн хурлаар "МУУҮА-ийн эрхэм зорилго нь Монгол Улсын эрдэс баялгийн салбарт хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх үйл хэрэгт идэвхтэй оролцож..." гэж дүрэмдээ өөрчлөлт оруулсан юм. Энэ нь нэлээд том бодлогын шийдвэр байлаа. Ингэснээр уул уурхайн компаниуд ч тэр, иргэд ч хариуцлагатай уул уурхайн талаарх ойлголт эрс өөрчлөгдөж эхэлсэн.

Кодексийн хувьд 2020 онд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн "Хариуцлагатай уул уурхайн жишиг шаардлага ба үнэлгээний аргачлал"- ыг ассоциацийн гишүүн байгууллагуудад нэвтрүүлж туршихаар тохиролцож санхүүгийн дэмжлэг үзүүлсэн. Ингээд "Хариуцлагатай уул уурхайн сайн дурын кодекст" нэгдсэн гишүүн компаниудад уг кодексийг хэрэгжүүлэх, түүнийгээ үнэлэх сургалт явуулж, үнэлгээний тайлан туршилтаар гаргаж эхэлсэн. Зүгээр туршаад орхих биш үр дүнг оролцогчдын дунд хэлэлцүүлж, гарсан саналыг Ассоциацийн зөвлөл ба Чуулганаар хэлэлцэн, дэмжвэл ассоциацийн гишүүн байгууллага бүр Хариуцлагатай уул уурхайн хөтөлбөр болгон хэрэгжүүлэх байлаа.

Одоо хариуцлагатай уул уурхайн кодекст сайн дураараа нэгдэх компаниудын тоо өсч, Хариуцлагатай уул уурхайн кодекс жинхэнэ утгаараа хэрэгжиж байна. Дараагийн шатны TSM гээд Канадын уул уурхайн томоохон стандартыг нэвтрүүлэхээр болж байгаа нь сайшаалтай.

Үүнээс гадна МУУҮА-д 2007-2008 онд хэрэгжсэн "Чадавхийг бэхжүүлэх хөтөлбөр"- ийг нэрлэх ёстой. 2006 онд Канадын хөрөнгө оруулалттай уул уурхайн компаниуд Ашигт малтмал, уул уурхайн хөгжлийн сан /АМУУХС/-г үүсгэн байгуулсан билээ. 2007 оны 6 дугаар сараас тус сангийн дэмжлэг туслалцаатайгаар "МУУҮА-ийн чадавхийг бэхжүүлэх хөтөлбөр" хэрэгжиж эхэлсэн юм. Энэ хөтөлбөр нь МУУҮА-ийн гишүүддээ үзүүлэх үйлчилгээний чанар, хүртээмж, хэлбэр, төрлийг баяжуулан, байгууллагын институци чадавхийг бэхжүүлж улмаар орчин үеийн дүр төрх бүхий удирдлагын арга барил, бүтэцтэй, нийгэмд нөлөө бүхий төрийн бус байгууллага болох зорилготой байлаа.

Энэ зорилгыг биелүүлэхэд ассоциацийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Д.Энхболдын санаачилгыг дурдах ёстой. Стратегийн (урт хугацаанд тогтвортой ажиллах томоохон уул уурхайн компаниуд) гишүүдийн оролцоог идэвхжүүлэх, үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх талаарх өөрчлөлтийг дүрэмдээ нэмж, 2022 онд батлуулсан нь өнөөдөр ассоциаци санхүүжилтээ тодорхой хэмжээнд шийдэж, шинэ нөхцөл байдалд шинэ бодлого, стратегиар идэвхтэй ажиллахад түлхэц болсон. Энэ ажлыг Удирдах зөвлөлийн шинэ дарга Д.Батцэнгэл, шинэ Гүйцэтгэх захирал Г.Эрдэнэтуяа нар хүчтэй манлайлал үзүүлэн ажиллаж байгаа нь бахархууштай.

"Дисковер Монголиа" чуулга уулзалтыг The Mongolian Mining Journal сэтгүүл, МУУҮА хамтран зохион байгуулж байсан түүх бий. Энэ үйл ажиллагаа одоогийн Mining week, Minepro арга хэмжээний эхлэл байв уу?

2003 оноос "Дисковер Монголиа" чуулга уулзалт, 2008 оноос "Mine Tech" үзэсгэлэнг зохион байгуулах болсноор МУУҮА-ийн санхүүжилтийн 50-иас багагүй хувийг бүрдүүлэх боломжийг бий болгож байв.