П.Жаргалсүрэн, Т.Бямбанаран
Хятадын засгийн газар энэ долоо хоногт уламжлалт болон уламжлалт бус газрын тос, байгалийн хийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх чухал алхам хийлээ. Төрийн өмчит томоохон компаниудыг нэгтгэсэн шинэ толгой компани байгуулагдаж, газрын тос, байгалийн хий, занарын хайгуул хийнэ.
Хятад нь салхи, нарны эрчим хүчний салбарт тэргүүлэгч үйлдвэрлэгч, хөрөнгө оруулагч гэдгээрээ алдартай тул энэ шийдвэр нь зарим мэргэжилтнүүдийг гайхшруулж магадгүй юм.
Шинээр байгуулагдсан компаний бүрэлдэхүүнд газрын тосны аварга CNPC болон Sinopec компаниуд төдийгүй Хятадын Аэрос сансарын шинжлэх ухаан, аж үйлдвэрийн корпораци, ган үйлдвэрлэгч Baowu, тоног төхөөрөмж үйлдвэрлэгч Sinomach, цахилгаан үүсгүүр үйлдвэрлэгч Dongfang Electric Group зэрэг бусад салбарын компани багтсан тухай Ройтерс агентлаг мэдээллээ.
Энэхүү шинэ компанийн зорилго нь газрын тосны салбарын орон нутаг дахь ханган нийлүүлэлтийн сүлжээний үйл ажиллагааг сайжруулахад оршиж байгаа юм. Ингэснээр хайгуул, олборлолт хийхэд дөхөм болох аж.
Өнгөрсөн жил Хятад улс газрын тос, байгалийн хийн олборлолтоор дээд амжилт тогтоосон бөгөөд уг компани байгуулагджээ. Тус улс өдөрт 4.2 сая баррель түүхий газрын тос буюу нийт 208 сая тонныг олборлосон нь өмнөх оныхоос гурван сая тонноор илүү байсан. Өнгөрсөн онд байгалийн хийн нийт олборлолтын хэмжээ 230 тэрбум шоо метр болсны 96 тэрбум шоо метр нь занар, нүүрсний давхаргын метан, байгалийн хийн гидрат зэрэг уламжлалт бус нөөцөөс бүрджээ.
Хятадын газрын тос, байгалийн хийн аварга компаниуд олон жил уламжлалт бус эх үүсвэрээс газрын тос олборлох сонирхолтой байсан ч энэ нь амар ажил байсангүй. Жишээлбэл, Сычуань муж дахь Петрочайна компани занарын хайгуулын ажлаа 2009 онд эхэлсэн ч олборлолтоо эхлүүлэх гэж бараг 15 жил зарцуулжээ. Харин АНУ-ын хувьд занар олборлож эхлэхэд хэдхэн сар зарцуулдаг ажээ.
Эх сурвалж: oilprice.com