Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Хурал чуулган

Монголын Эдийн Засгийн Чуулган – 2024: Ээлжит сонгуулийн дараа болж буйгаараа онцлог юм

Т.Бямбанаран

Монголын эдийн засгийн чуулган-2024 долдугаар сарын 8-нд эхэллээ. Энэ жил 14 дэх удаагаа зохион байгуулагдаж буй тус чуулган “Go Mongolia” уриан дор хоёр өдөр үргэлжилнэ.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ чуулганыг нээж үг хэлэхдээ, “Монголчууд бид шинэ 30 жилийг эхлүүлэхийн тулд парламентын оролцоо, төлөөллийг жигд хангахад шаардлагатай хувь тэнцүүлсэн холимог тогтолцоонд шилжиж сонгуулиа явуулсан нь алсдаа парламентын засаглалаар бид дэлхийгээс сурах биш Дэлхий Монголоос сурах эхлэл болно гэдэгт итгэж байна. Тиймээс энэ бол маш том хэмжээний шийдэл. Ялангуяа Төв Азийн түвшинд парламентын өөрчлөлт хийгдсэн гэдэгт итгэлтэй байна” хэмээн онцлов.

Тус чуулган УИХ-ын парламентын ээлжит сонгуулийн дараа болж буйгаараа онцлог юм. Энэ өдрийн  “Хөгжлийн бодлого” хэлэлцүүлэгт Монгол ардын нам /МАН/, Ардчилсан нам /АН/, Хөдөлмөрийн үндэсний нам /ХҮН/-ын дарга нар оролцов. Хэлэлцүүлгийн чиглүүлэгчээр CNN агентлагийн олон улсын сурвалжлагч Ричар Кест ажиллалаа.

Нээлтийн нэгдсэн хуралдаан “Бүсчилсэн хөгжил” сэдвээр эхэлж, дараах салбар хуралдаануудаар үргэлжиллээ. Тухайлбал:

Салбар хуралдаан 1 - Бүсчилсэн хөгжлийн бодлого, хөрөнгө оруулалт

Салбар хуралдаан 2 - Тээврийн дэд бүтэц ба нийлүүлэлтийн гинжин хэлхээ

Салбар хуралдаан 3 - Хөдөөгийн хөгжил ба хоршоо, эрчимжсэн мал аж ахуй

Салбар хуралдаан 4 - Хотын хөгжил ба ухаалаг хот

Салбар хуралдаан 5 - Аялал жуулчлалын боломж ба сорилт

Салбар хуралдаан 6 - Уул уурхай болон чухал ашигт малтмал – Өнөөгийн нөхцөл байдал

Монгол Улс дахь НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишра

Ноён Тапан Мишра “Бүсчилсэн хөгжлийн бодлого, хөрөнгө оруулалт” сэдэвт салбар хуралдааны үеэр “Монгол Улсад тулгарч буй нэг том бэрхшээл нь эдийн засгийг төрөлжүүлэх бус, дан ганц уул уурхайн салбар бүрдүүлж буйтай холбоотой. Экспортын голлох бүтээгдэхүүн, эрдэс баялгийг  уул уурхайгаас бүрдүүлж  байгаа үед баялгийн ашиглалтын  асуудал үүсдэг. Эдийн засгийн нөхцөл байдлыг харахад өртгийн сүлжээг нэмэгдүүлэлгүй, олон салбартай байснаар эдийн засаг хөгждөг” хэмээлээ.

Европ, Монголын хамтарсан Худалдаа аж үйлдвэрийн танхимын ГШХО-ын Ажлын хэсгийн дарга Даниел Махони

Ноён Даниел Махони “Хуулийн хэрэгжилт ил тод, тогтвортой биш байна. Уул уурхайн лиценз олгох үйл ажиллагаа явагддаг ч лицензийг хураах зэрэг өөрчлөлтүүд байсаар байна. Мөн татварын орчинд шинэчлэл хийх нь тийм хэцүү гэж бодохгүй байна. Гол бодлого нь тодорхой байж улстөрчид санал нэгдсэнээр татварын эерэг орчин тогтоно” гэлээ.

Өнөөдрийн хуралдаан Чингис хааны музейд Критикал минерал сэдвээр үргэлжилж байна.