Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Энэтхэг улс 7 дугаар сард Монголоос коксжих нүүрс туршилтын журмаар авна

ШИНЭ ДЕЛИ (Ройтерс) - Энэтхэг улс коксжих нүүрсний импортыг төрөлжүүлэх, Австралиас хараат байдлаа бууруулах бодлогын хүрээнд энэ сарын сүүлээс эхлэн Монголоос коксжих нүүрсийг туршилтын журмаар худалдан авна гэж хоёр эх сурвалж мэдэгдэв.

JSW Steel болон Энэтхэгийн төрийн өмчит Steel Authority of India (SAIL) компаниуд олон сарын хэлэлцээний үр дүнд Монголоос коксжих нүүрс авахаар болсон гэж нэрээ нууцлахыг хүссэн эх сурвалжууд мэдэгджээ. JSW Steel компани Монголоос 30,000 орчим тонн коксжих нүүрс, SAIL компани 3,000-5,000 тонн коксжих нүүрс авах төлөвтэй байна.

Энэтхэгийн хамгийн том ган үйлдвэрлэгч JSW Steel 2021 онд Монголоос 8,000 тонн коксжих нүүрс худалдан авч байсан. Нүүрс Хятадын боомтуудаар дамжин Энэтхэгт хүрнэ. Харин Энэтхэгийн эрх баригчид Монголын коксжих нүүрсний тогтвортой нийлүүлэлтийн хувьд Хятадаас бүрэн хараат байж болохгүй гэж үздэг.

Энэтхэгийн гангийн үйлдвэрүүд Монголоос коксжих нүүрсийг тогтмол нийлүүлэх маршрутыг тодорхойлоход засгийн газраас тусламж хүсчээ. Тэд Монголын нүүрс илүү чанартай гэдгийг нэмж хэлэв.

Монгол Улс газрын баялаг ихтэй ч найдвартай замгүйгээс Энэтхэг зэрэг орнуудад түүхий эдээ худалдахад саад бэрхшээлтэй тулгардаг. Мөн Энэтхэгийн зарим компаниуд Монгол дахь нүүрс, зэсийн ордуудыг худалдан авах эсвэл түрээслэх боломжийг судалж байгаа.

Энэтхэгийн гангийн компаниуд жилд 70 сая тонн коксжих нүүрс хэрэглэдэг бөгөөд импорт нь тус улсын нийт хэрэгцээний 85 орчим хувийг бүрдүүлдэг. Энэтхэгийн жилийн импортын талаас илүү хувийг бүрдүүлдэг Австралийн коксжих нүүрсний нийлүүлэлт тогтворгүй байдаг учир Энэтхэгийн гангийн үйлдвэрүүд хүндрэлтэй тулгардаг аж.

Барууны орнуудын хориг арга хэмжээний улмаас үнэ ханш нь буурсан Оросын нүүрсний импортыг Энэтхэг сүүлийн саруудад нэмэгдүүлсэн билээ.

2024 оны эхний хагаст ОХУ 3.3 сая тонн коксжих нүүрс борлуулж, Энэтхэгийн гурав дахь том нийлүүлэгч болсон гэж түүхий эдийн судалгааны BigMint компани мэдээллээ.