Ч.Сансар
Грозный, ОХУ (Ройтерс) - Дотоодод шатахууны хомсдол үүсвэл Орос улс 8 дугаар сараас бензиний экспортод дахин хориг тавих шийдвэр гаргаж магадгүй гэж Шадар сайд Александр Новак даваа гарагт сэтгүүлчдэд мэдэгдлээ. Тэрээр хэлэхдээ, “Дотоодын шатахууны зах зээл одоогоор тогтвортой байгаа, гэхдээ Аи-95 маркийн бензиний нийлүүлэлтэд хүндрэл гарсан. Хэрэв нөхцөл байдал хурцадвал бид шатахуун экспортлох зөвшөөрлөө сунгахгүй" гэжээ.
Ургац хураалтын үеэр шатахууны нийлүүлэлт болон үнийг тогтвортой байлгах үүднээс 8 дугаар сарын 1-нээс бензин экспортлох хоригийг сэргээх хүсэлтэй байгаагаа Баасан гарагт ОХУ-ын Монополын эсрэг агентлаг мэдэгдэв.
ОХУ 3 дугаар сарын 1-нээс эхлэн зургаан сарын хугацаанд шатахуун экспортлохыг хэсэгчлэн хориглосон боловч Москва тэргүүтэй эдийн засгийн холбооны гишүүд болон Монгол улс зэрэг шатахуун нийлүүлэх шууд гэрээтэй зарим улс энэ хоригт хамрагдаагүй юм.
Украины байлдааны дронууд Оросын нефть боловсруулах үйлдвэрүүд рүү довтолсны дараа шатахууны хомсдол болон үнийн өсөлтөөс урьдчилан сэргийлэх зорилгоор анх энэхүү хоригийг нэвтрүүлсэн юм.
Эх сурвалж: www.reuters.com