Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Бодлого

Сонгууль ба Парламент дахь  шинэ дуу хоолой

Mongolian Mining Journal /June 2024/

И.Отгонжаргал

УИХ-ын 2024 оны ээлжит сонгууль болохтой холбоотой “нэр дэвшигчдийн зүгээс манай салбарын талаар попорсон, зориуд буруу ташаа мэдээлэл гаргах вий дээ” хэмээн хамгийн их санаа зовниж, болгоомжилж байсан хүмүүс бол Монголын уул уурхайн салбарынхан гэж хэлж болно. Мэргэжлийн хүмүүсийн хувьд тийн болгоомжлохоос ч аргагүй. Учир нь, уул уурхайн салбар Монгол Улсын ДНБ-ий 25%, экспортын орлогын 90%, төсвийн орлогын 30%-ийг бүрдүүлдэг эдийн засгийн гол салбар учраас улс төрийн болон нийгмийн эрсдэл өндөртэй байдаг. Ялангуяа сонгуулийн санал авах гэсэн улстөрчдийн хувьд юу гэж ч мушгин гуйвуулж, өөрт ашигтайгаар эргүүлэн ярьж болох  асуудалтай том салбар. 

Тиймээс Монголын уул уурхайн үндэсний ассоциаци (МУУҮА)-ийн зүгээс энэ оны хоёрдугаар сарын 22-нд Бүх гишүүдийн ээлжит чуулганаа хийх үеэрээ улс төрийн нам, хүчнүүдэд хандан Уриалга гаргасан нь ихэд оножээ гэж бодогдов.Тус Уриалгад дараах хоёр зүйлийг онцгойлон анхааруулсан юм. 

Нэг. Сонгуулийн Мөрийн хөтөлбөртөө эрдэс баялгийн салбарын хөрөнгө оруулалт, хууль эрх зүйн орчны тогтвортой байдалд сөргөөр нөлөөлөхүйц аливаа төсөл арга хэмжээ, хөтөлбөр тусгахгүй байх. 

Хоёр. Сонгуулийн сурталчилгааны явцад судалгаа, тоон мэдээлэлд суурилаагүй бодит бус аливаа мэдээллийг ашиглан уул уурхайн салбарын хөрөнгө оруулалт, хууль эрх зүйн тогтвортой байдлыг алдагдуулахуйц сөрөг үйл ажиллагаа явуулахгүй байх хэмээн  Уриалгад дурдсан. 

УИХ-д нэр дэвшсэн 19 нам, 2 эвсэл, 40 гаруй бие даан нэр дэвшигчдийн Мөрийн хөтөлбөр болон аман ярианд  уул уурхайн асуудлаар илт сөрөг мэдээлэл төдийлэн гарсангүй.  

Энэ удаагийн парламентын сонгууль томсгосон тойргоор холимог тогтолцоогоор зохион байгуулагдаж, сурталчилгааны өдрүүд богино байсан нь улс төрийн нам, нэр дэвшигчдэд сонгогч бүрт хүрэх, өөрсдийнхөө бодлого шийдвэрийг тодорхой хэмжээнд танилцуулах боломж хомс байв.

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн санал авах ажиллагаа 6 дугаар сарын 28-нд өндөрлөж, СЕХ-ноос албан ёсоор сонгуулийн дүнг танилцууллаа.

Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтөөр энэ удаагийн сонгуульд  нийт  1341 нэр дэвшигч  өрсөлдсөнөөс  УИХ-д анх удаа 126 гишүүн сонгогдож байгаагийн 48 нь жагсаалтаар, 78 нь тойргоос сонгогдож байна.  
 Тэгвэл энэ удаагийн сонгуульд улс төрийн эрх мэдлийн суудал авсан 4 нам, 1 эвслийн Мөрийн хөтөлбөрт уул уурхайн хөгжлийг хэрхэн авч үзсэн талаарх гол агуулгыг товчлон сонирхуулъя. 

МАН-ын Мөрийн хөтөлбөрт: 

l Байгаль орчинд ээлтэй дэвшилтэт уул уурхайн шилжилт хийнэ хэмээн томьёолж,  өндөр технологийн уул уурхай болон стратегийн ач холбогдолтой төслүүдийн хөрөнгө оруулалт, экспортын орлогыг 50%-иар нэмэгдүүлнэ. 
l Өндөр технологийн үндсэн түүхий эд болох лити, цахиур болон газрын ховор элементийн орд газруудын төслийг эрчимжүүлэн гадаадын хөрөнгө оруулалт, экспортын орлогыг нэмэгдүүлнэ. 
l Эрдэс түүхий эдийн бүтээгдэхүүнийг анхан шатнаас нь эхлэн гүн боловсруулах хүнд үйлдвэрүүдийг ашиглалтад оруулж, нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ. 
l Тавантолгойн ордыг түшиглэсэн кокс химийн үйлдвэр, хүрэн нүүрс боловсруулах нүүрс-химийн аж үйлдвэрийн парк, зэс боловсруулах аж үйлдвэрийн парк, газрын тос боловсруулах, ган бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн, жонш боловсруулах цогцолборыг тус тус байгуулна. 
l Стратегийн ач холбогдолтой төслүүдэд Үндэсний баялгийн сангаас хөрөнгө оруулалт хийж, үндэсний томоохон компаниудтай хамтран хэрэгжүүлнэ. 


АН-ын Мөрийн хөтөлбөрт: 

l Эрдэс баялгийн салбарт ашигт малтмалын хайгуулын үйл ажиллагааг эрчимжүүлэн, дэлхийн эдийн засгийн ногоон шилжилттэй уялдуулсан мега төслүүдийг хэрэгжүүлэх замаар эдийн засгийн эрчимтэй өсөлтийг бий болгоно. 
l Бичил уурхайн эрх зүйн орчныг боловсронгуй болгож, шаардлага хангасан зарим нөхөрлөл, хоршоог уул уурхайн олборлолтын аж ахуйн нэгж хэлбэрээр албажуулан хууль бус олборлогчдод тавих төрийн хяналтын тогтолцоог  сайжруулна. 
l Геологи, геохими, геофизикийн бүх төрлийн судалгааны ажлыг иж бүрнээр гүйцэтгэх чадавхийг бэхжүүлж, судалгааны арга аргачлал, зааврыг олон улсын хэмжээнд  хүлээн зөвшөөрөгдсөн заавар, аргачлалтай уялдуулан шинэчлэн боловсруулна.
l Баялгийн хуваарилалтыг тэгш, хүртээмжтэй олгох шийдвэрт иргэдийн оролцоог хангана. Хөдөлмөр, нийгмийн зөвшилцлийн гэрээ, хэлэлцээрийг төрийн бүх шатанд байгуулж, үр дүнг тооцно.

ХҮН намын Мөрийн хөтөлбөрт:   

l Уул уурхайн орлогоос бүрдэх хөрөнгө оруулалтын сангаар дамжуулан мега төслүүд хэрэгжих боломжийг бүрдүүлнэ. 
l Уул уурхайн салбарын хөрөнгө оруулалтын орчны тогтвортой байдлыг хангана.
l Уул уурхайн төрийн өмчит томоохон компаниудыг улс төр ба намын нөлөөллөөс ангижруулснаар иргэдийн хяналттай, нээлттэй хувьцаат компани болгож, Монгол Улсын иргэд, төр, бусад хувьцаа эзэмшигчдийн тэнцвэрт харилцааг бүрдүүлнэ. 
l Уул уурхайн эрдэс баялгийн хайгуулын ажил нь уул уурхайн эдийн засгийн үе шат болон үнийн савлагаанаас ихээхэн хамааралтай байдаг тул тогтворжуулах бодлого баримтлан ажиллана. 
l Стратегийн ач холбогдол бүхий ордыг уул уурхайн салбарын дэлхийн чиг хандлагад нийцүүлэн стратегийн ач холбогдол бүхий чухал ашигт малтмалд хамааруулах байдлаар эрх зүйн зохицуулалт хийнэ.
l Улс орны дэд бүтцийн бүтээн байгуулалтад шаардлагатай гол орц бүтээгдэхүүн  болох ган, цемент, шилний үйлдвэрт тэргүүлэх ач холбогдол өгч хөгжүүлнэ. Уул уурхай, барилга, дэд бүтцийн байгууламжийн үндсэн нэр төрлийн төмөр, ган, цемент, шилэн хийцийн хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнээр хангах бодлого хэрэгжүүлнэ.

Үндэсний эвсэл-ийн Мөрийн хөтөлбөрт: 

l Аж үйлдвэр хөгжүүлэхдээ ISO, EN зэрэг олон улсын стандартад тэнцсэн төслийг дэмжинэ. Хөрөнгө оруулалтын илүү таатай эрх зүйн орчныг бүрдүүлнэ. Гаалийн татвар төлөх хугацаа, хэмжээ, зураг төсөл, ТЭЗҮ-д ногдох НӨАТ, Монгол Улсын мэргэжлийн байгууллагад хүлээн зөвшөөрөгдөх шинэчлэл хийнэ. Импортыг орлох чиглэл барьж, төслүүдийг урт, дунд ба богино хугацаагаар эрэмбэлнэ.
l Аж үйлдвэрийн салбарын өрсөлдөх чадвар, тогтвортой байдлыг нэмэгдүүлэх, инновацийг дэмжих, орчин үеийн дэвшилтэт технологи нэвтрүүлэх зорилгоор импортын тоног төхөөрөмж техникийн НӨАТ, гаалийн татварын таатай эрх зүйн орчныг үе шаттай  бүрдүүлнэ. 
l Аж үйлдвэрийн өсөлтийг экологийн тогтвортой байдал, нөөцийн хариуцлагатай менежменттэй уялдуулан салбарын дэд бүтэц, аж үйлдвэрийн паркуудын хэрэгцээг хангахуйц усан хангамжийн системийг хөгжүүлнэ. 


ИЗНН-ын Мөрийн хөтөлбөрт: 

l Уул уурхайн орлогыг хавтгайруулан олгодог үр ашиггүй байдлыг зогсоож, боловсруулах болон бусад үйлдвэрлэлийг хөгжүүлэх, нийгмийн суурь үйлчилгээг чанаржуулах бодлого баримтална. 
l Зэс, нүүрс, хар төмөрлөг зэрэг ашигт малтмалын  боловсруулах үйлдвэрүү­дийг борлуулалтын орлогоор байгуулна. Стратегийн оруудыг ашиглахдаа тодорхой хугацааны дотор боловсруулах үйлдвэр байгуулан, хагас болон бүрэн боловсруулсан, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүнийг экспортод гаргадаг байх зарчим руу шилжинэ.  Боловсруулаагүй бүтээгдэхүүнийг экспортод гаргахыг татвар болон бусад бодлогоор хязгаарлана гэж тус тус тусгажээ.


Гэхдээ энд дээрх  намуудын Мөрийн хөтөлбөрт уул уурхайн салбарын талаар авч хэрэгжүүлэхээр тусгасан бүх заалтыг нэгбүрчлэн аваагүй, тоймлон хүргэж байгаа гэдгийг дахин тэмдэглэх нь илүүдэхгүй байх. 

Ихэнх улс төрийн намуудын Мөрийн хөтөлбөрт уул уурхайн эцсийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлж, экспортыг өсгөж, олон улсын зах зээлийг тэлнэ. Оюутолгойн цахилгаан эрчим хүчийг дотоодоосоо хангана, нефть, химийн үйлдвэр байгуулна гэсэн нийтлэг асуудлууд ч туссан байв. Дээрх Мөрийн хөтөлбөрийн тухайд хэрхэн хэрэгжих нь ирэх өдрүүдээс эхлээд 4 жилийн хугацаанд бид харах боломжтой. Гэхдээ улсын эдийн засгийг нуруундаа үүрч яваа тэргүүлэх тулгуур салбарын бодлогыг сонгуулийн 4 жилийн хугацаагаар харж хэмжиж ажиллана гэдэг бол өрөөсгөл  болохыг  мэргэжлийн хүмүүс ч тэр, эрдэмтэн судлаач, бизнесийнхэн ч хэлдэг. 

Ялангуяа өнгөрсөн жилүүдэд Л.Оюун-Эрдэнийн тэргүүлсэн Засгийн газрын хийж хэрэгжүүлж эхэлсэн стратегийн ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулах,  Аж үйлдвэрийн парк байгуулах томоохон төсөл хөтөлбөрүүдийг үргэлж­лүүлэх,  Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Франц улсад хийсэн албан ёсны айлчлалын үеэр  чухалчлан авч үзсэн “Орано майнинг”  компанитай байгуулсан уран олборлох Хөрөнгө оруулалтын  гэрээг маш оновчтой  байгуулах гээд өмнөх төрийн залгамж халааг ирэх 4 жилд үргэлжлүүлэхэд  анхаарах учиртай.

Шинэ парламентад  уул уурхайн салбарын талаар зөв ойлголттой, хүчтэй дуу хоолой болох мэргэжлийн ганц хоёр гишүүн орж ирж байгааг тэмдэглэхгүй өнгөрч болохгүй. 

Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд “Монгол нүүрс ассоциац”-ийн Гүйцэтгэх захирал, химийн инженер  Ж.Золжаргал УИХ-ын сонгуульд нийслэлийн Баянгол дүүрэг буюу 9 дүгээр тойрогт ХҮН намаас нэр дэвшин сонгогдсон. Тэрбээр ашигт малтмалын салбарын хууль эрх зүйн орчинг сайжруулах, дэд бүтцийн бүтээн байгуулалтын төслүүд  дээр инженерийн ухаан зарж ажиллах биз ээ. Дээр нь нэмээд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Захиргаа, удирдлага, санхүүгийн газрын дарга, эдийн засагч Д.Үүрийнтуяа мөн гишүүн болсон тул уул уурхайн салбарын асуудалд эдийн засгийн үндэслэлтэй, мэргэжлийн түвшинд шийдвэр гаргана гэж найдаж байна.  Түүнчлэн Үндэсний эвслийн дарга Н.Номтойбаяр хүнд  аж үйлдвэрлэлийг хөгжүүлэх тал дээр шинэ санаа дэвшүүлж, хийж хэрэгжүүлэх ажил ихтэй байх нь дамжиггүй. Түүний намын Мөрийн хөтөлбөрт энэ асуудлыг нэлээд гүн гүнзгий суулгаж өгсөн байна лээ.  

Мөн түүнчлэн өмнөх сонгуулиар Өмнөговь аймгийн Засаг дарга асан Н.Наранбаатар УИХ-д орж ирсэн бол энэ сонгуулиар мөн уул уурхай эрчимтэй хөгжиж буй, экспортын гол гарц  Өмнөговь аймгийн Засаг даргаар ажиллаж байсан Р.Сэддорж гишүүн болж буй. Ингээд бодохоор Төрийн ордонд уул уурхайг улстөржүүлэхгүйгээр авч явах, хүчтэй дуу хоолой болох баг бий болсон гэсэн үг.