Ч.Сансар
Рио Тинто компани Мягмар гарагт төмрийн хүдрийн Simandou ордын бүтээн байгуулалтын ажлыг үргэлжлүүлэхэд шаардлагатай бүх зөвшөөрлийг авсан гэдгээ мэдэгдлээ. Рио Тинто Хятадын консорциумтай (WCS) хамтран Гвинейд оршдог дэлхийн хамгийн том уул уурхайн Simandou төслийг хэрэгжүүлж байгаа.
Simandou нь ашиглалтад орсноор дэлхийн хамгийн том, хамгийн сайн чанарын төмрийн хүдрийн уурхай болох бөгөөд далайгаар тээвэрлэж буй нийт төмрийн хүдрийг 5 орчим хувиар нэмэгдүүлэх төлөвтэй байгаа аж. Рио Тинто нь Хятадын Chalco Iron Ore Holdings (CIOH) болон Гвинейн засгийн газартай хамтран Simandou ордын дөрвөн уурхайгаас хоёрыг эзэмшдэг.
Хоёр дахь уурхай болох WCS төслийг дэлхийн хамгийн том ган үйлдвэрлэгч Baowu групп Сингапурт төвтэй Winning International Group тэргүүтэй консорциумтай хамтран барина.
Рио Тинто анх 1997 онд Simandou ордын хайгуулын лиценз авсан. Түүнээс хойш Гвинейд хоёр удаа төрийн эргэлт болж, дөрвөн төрийн тэргүүн солигдож, гурван удаа Ерөнхийлөгчийн сонгууль явагдсан.
Уг төслийн хүрээнд Simandou нуруунд оршдог хоёр шинэ уурхайгаас Гвиней улсын Атлантын далайн эрэг дэх шинэ боомт хүртэл төмрийн хүдрийг тээвэрлэх 552 км урт төмөр зам барих юм.
Рио Тинтогийн тооцоолсноор уг бүтээн байгуулалтад 11.6 тэрбум ам.долларын санхүүжилт шаардлагатай. Тус компанийн 2024-2026 оны жилийн хөрөнгө оруулалтын хэмжээ 10 тэрбум доллар байх бөгөөд дийлэнх нь Simandou төсөлд зарцуулагдана. Харин Монгол дахь Оюутолгой төслийн хөрөнгө оруулалт ирэх жилээс багасаж эхлэх юм байна.
Simandou төслийн бүтээн байгуулалт сүүлийн 27 жил хойшлогдсон.
Simandou төсөл 2025 оны эцэс гэхэд олборлолтоо эхлүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд бүрэн хүчин чадлаараа ажилласны дараа жилд 120 сая тонн өндөр чанартай төмрийн хүдэр нийлүүлнэ.
Хууль эрх зүйн асуудлууд, улс төрийн байдал, 600 км төмөр зам, далайн боомтын дэд бүтэц барихад тулгарсан бэрхшээл, зардлын улмаас Simandou төслийн барилгын ажил ийнхүү удааширсан аж.
эх сурвалж: mining.com