Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Сурвалжилга

Д.ХАШБАТ: ТӨВ БОЛОН БАРУУН БҮСЭД ЛИТИЙН ХҮДЭРЖИЛТТЭЙ ЭРДЭСЖСЭН ХЭД ХЭДЭН ЦЭГИЙГ ШИНЭЭР ТОГТООСОН

Монгол Улсын эрдэс баялгийн салбарт нэгэн шинэ бүтээгдэхүүний нэр төрөл нэмэгдэж буй нь дэлхийн зах зээлд эрэлт нь байнга өсөж байгаа лити юм. Зах зээлийн эрэлтийг дагаад дотоодын болон гадаадын хөрөнгө оруулагчид Монголд литийн хайгуулыг сонирхож, судалгааны дүнд шинэ орд илэрч байна. Энэ талаар ШУТИС-ийн Геологи, уул уурхайн сургуулийн багш, "Критикал минералс Монголиа" ХХК-ийн Ахлах зөвлөх Д.Хашбаттай ярилцлаа.

А.Халиун

Лити ямар онцлог, ач холбогдолтой элемент вэ?

Лити нь манай гариг дээр байгаа хамгийн хөнгөн металл. Мөн химийн идэвхжил өндөртэй буюу цэнэгээ амархан алддаг, бас эсрэгээрээ цэнэгээ богино хугацаанд хуримтлуулдаг онцлогтой элемент. Гадаад давхраандаа нэг электронтой, түүнийгээ маш амархан алдаж, бас авдаг энэ шинж чанар нь батарей цэнэглэх, цэнэг хураах цахилгаан химийн шинж чанарт нь тулгуурлан цэнэг хураагуурт ашиглаж байна.

Монгол Улсын эрдэс баялгийн салбарын үндсэн бүтээгдэхүүн болох зэс, нүүрс, төмрийн хүдэр, жонштой харьцуулахад литийн судалгаа харьцангуй бага хийгдсэн. Монгол Улсын хэмжээнд литийн 15-16 илрэл байгаагаас одоогоор 5 ордыг тогтоосон.

Дэлхий дахинд литийн хэрэглээний хандлагад эрс өөрчлөлт гарсан. Литийг өмнө нь нефть боловсруулах, шатах тослох материал боловсруулах, шаазангийн үйлдвэрт голчлон хэрэглэдэг байсан бол сүүлийн 20 жилд дахин цэнэглэдэг батарейн үйлдвэрлэлд ашиглах нь хэдэн 10 дахин буюу тасралтгүй нэмэгдэж байна. Хэрэглээний чиг хандлагад ийнхүү эрс өөрчлөлт гарснаар дэлхийн зах зээлд литийн эрэлт, хэрэгцээ улам нэмэгдэж байна.

Батарей нь хүн төрөлхтний хөгжлийн хэрэглээний нэг салшгүй хэсэг болсон. Хамгийн жижиг цагнаас эхлээд хэдэн ax, гВатт-ын хүчин чадалтай цэнэг нөөцлүүр, цахилгаан авто машин, компьютер, гар утас бүгд батарейгаар ажилладаг болсон. Литийн судалгааны ажлууд дэлхий нийтээр сүүлийн 10 гаруй жилд эрчимжсэн нь үүнтэй холбоотой. 2020 оны үед цахилгаан машины үйлдвэрлэл эрчимжсэнээр литийн эрэлт улам бүр нэмэгдсэн. Монголд 2020 оноос эхлэн Ковидын дараа литийн судалгаа эрс эрчимжиж байна.

Литийн хайгуул, судалгааг хаанахын компаниуд илүү сонирхож байна вэ?

Эрэлт ихтэй, нийлүүлэлт бага байгаа учир зах зээл дээр литийн үнэ өссөн. Зах зээлийн хуулиар үнэ өсөж, эрэлт нэмэгдэж байгаа түүхий эдийг сонирхох нь нэмэгдэж буй хэрэг. Тиймээс 2020 оноос эхлэн литийг сонирхож гадаадын хөрөнгө оруулагчид Монголыг зорьж байна. Одоогоор Канад, Хонконг, АНЭУ-ын хөрөнгө оруулагчид ихэд сонирхож байна.

Энэ утгаараа геологичид ч литийг сонирхон ажиллах болсон. 2016 онд намайг литийн судалгааны ажлаа эхлэх үед лити сонирхож ярьдаг хүн Монголд бараг байгаагүй. Одоо бол лити ярьдаггүй хүн ховор болсон.

Ямар онцлог шинж чанар нь энэ эрдсийн үнэ цэнийг нэмэгдүүлж буй хэрэг вэ?

Дэлхийн дахинаа дахин цэнэглэх батарейн технологи хөгжиж байгаа ч гэсэн литийн батарейг гүйцэх технологи хараахан гараагүй байна. 2019 онд Химийн салбарын Нобелийн шагналыг лити- ионы батарейн механизмыг нээсэн, түүнийг хөгжүүлсэн, хэрэглээнд нэвтрүүлсэн гурван эрдэмтэн John B. Goodenough, M.Stanley Whitting- ham болон Akira Yoshino нар хүртсэн юм. Литийн батарей Нобелийн шагнал авчирна гэдэг бол энэ нь хүн төрөлхтний ахуй амьдралд ямар их хэрэгтэйг харуулж байгаа үзүүлэлт юм.

Нөгөө талаар дэлхий даяар эрчим хүчний шилжилт, ногоон хөгжлийн талаар маш их ярьж, сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэл нэмэгдэж байна. Эрчим хүчний шилжилтэд лити том хувь нэмэр оруулж байна.

Монголд хаана, хаана литийн орд илрээд байна вэ?

Одоогийн байдлаар хайгуулын ажлаа гүйцэтгэж, нөөц тогтоон Эрдэс баялгийн мэргэжлийн хэлэлцүүлж, зөвлөлөөр тайлангаа улсын нөөц баялгийн нэгдсэн санд бүртгүүлсэн литийн 5 орд бий. Сүхбаатар, Дундговь, Төв аймагт тогтоогдоод байна. Хэдийгээр Оюутолгойн хэмжээний том орд биш ч гэлээ Монгол Улс литийн нөөцтэй юм гэдгийг эндээс харж болно.

Дээрх ордуудаас гадна төв болон баруун бүсэд литийн хүдэржилттэй эрдэсжсэн хэд хэдэн цэгийг шинээр тогтоосон. Ирээдүйд энэ төслүүд хөгжиж, хайгуул судалгаа хийхийн хэрээр Монголд литийн нөөц нэмэгдэнэ.

Лити байгальд ямар хэлбэртэй байдаг вэ?

Байгаль дээр литийн 3 төрлийн нэгдлүүд байна. Нэгдүгээрт, силикат хүдэр буюу хатуу чулуу /hard rock/ гэж нэрлэдэг. Литийн ихэнх эрдсүүд силикатын эрдсүүд байдаг. Хоёрдугаарт, литийн давснууд байна. Гуравдугаарт, лити агуулсан шаварнууд байна. Өөрөөр хэлбэл лити агуулсан эрдсүүд давс, чулуу, шавар хэлбэрээр байдаг гэсэн үг.

Монголд аль төрлийн лити нь түгээмэл байна вэ?

Би hardrock буюу пегматиттай холбоотой литийн хүдэржилтийн чиглэлээр судалгаа хийдэг. Монголд силикатын төрлийн лити хүдэржилтийн хувьд хэтийн төлөв өндөр гэж үздэг. Давсны буюу brine хувьд халуун, хуурай ууршилт ихтэй бүс нутгуудад түгээмэл байдаг. Литийн нөөц хамгийн ихтэй Өмнөд Америкийн Аргентин, Чили, Боливи улсыг литийн "алтан гурвалжин" гэж нэрлэдэг. Тэнд дэлхийн ихэнх литийг давснаас олборлож байна. Атакама гэж асар том цөлд байдаг нуурууд литигээр баялаг, тэндээс нь литиг ууршуулж авдаг.

Монголд литийн давс тодорхой хэмжээгээр байгаа. Канадын хөрөнгө оруулалттай компани литийн давсны чиглэлээр судалгаа хийж байна. Лити агуулсан шаврын орд одоогоор илрээгүй, Монголд байх боломжтой гэж үздэг.

Манай улсад литийн олборлолт явуулах боломж бий юу?

Монголын хувьд литийн олборлолт, боловсруулалт хийх талаар ярихад одоогоор эртдэхгүй, бас оройтохгүй. Тодорхой хэмжээгээр бэлтгэлтэй байх хэрэгтэй. Яагаад гэвэл литийн батарей үйлдвэрлэх технологи шинэчлэгдэх хараахан болоогүй. Лабораторийн судалгааны түвшинд төрөл бүрийн цэнэг хураагууруудыг гарган авч байна. Гэвч цаг, гар утас, зөөврийн компьютерийн батарей болж, хэрэглээнд нэвтрэх хүртэл 20-30 жилийн хугацаа байна гэж хардаг.

Манайд литийн төслүүд хайгуулын түвшинд явж байна. Томоохон хэмжээний орд олдвол түүнийг түшиглэж, эсвэл ойролцоо байгаа хэд хэдэн ордын дунд кластер байдлаар баяжуулах, боловсруулах үйлдвэр байгуулж ажиллах нь дамжиггүй. Гадаад зах зээлд эрэлт байна. Тэгэхээр үүний тулд одооноос алсын хараатай ажиллах ёстой юм.

Литиг эдийн засгийн эргэлтэд оруулах чиглэлээр Засгийн газраас бодлогын ямар шийдвэр гарч байна вэ? Эсвэл салбарын яам болон мэргэжлийн холбоодын хүрээнд ажиллаж байна уу?

Эрдэс түүхий эдийн олдоц, нийлүү- лэлтээс хамаарч критикал минерал гэдэг ойлголт 2010 оноос эхлэн яригдаж эхэлсэн. Өндөр технологид хэрэглэдэг Ихэнх түүхий эдийн нийлүүлэгч нь Хятад, худалдан авагч нь барууны технологи өндөр хөгжсөн орнууд. Технологи хөгжих тусам эрэлт ихсэж, нийлүүлэлт нь эрсдэлд орж байна. Тиймээс үйлдвэрлэгч улс орнууд эдийн засгийн эрэлт өндөр хэр нь нийлүүлэлтийн эрсдэлд орж байгаа ашигт малтмалаа критикал минерал буюу чухал ашигт малтмал гэж нэрлэж, улс орнууд чухал ашигт малтмалын жагсаалт гаргаж, маш их ач холбогдол өгч байна.

Монгол Улс чухал ашигт малтмалын жагсаалтаа баталгаажуулсан уу. Жагсаалт гаргахын ач холбогдол нь юу вэ?

Манай улсын хувьд жишээ нь ШУТИС-д энэ чиглэлээр судалгааны төслүүд хэрэгжиж байна. Чухал ашигт малтмалын жагсаалт гаргах нь зүйтэй юм. Энэ чиглэлээр Монголын чухал ашигт малтмалын ассоциаци идэвхтэй ажиллаж байна. Үүнд зөвхөн эрдэс баялгийн салбар биш маш олон салбарыг хамруулж авч үздэг.

Нийгэм, эдийн засаг, гадаад харилцаа, геополитик, тэр дундаа Монгол шиг хоёр их гүрний дунд оршдог, хоёр хөрштэйгээ олон тулгуурт гадаад бодлого, мөн гуравдагч хөршийн бодлого хэрэгжүүлдэг орны хувьд критикал минералын чиглэлээр барьж байгаа бодлогоо тодорхой болгох нь зөв юм.

Энэ чиглэлээр барууны орнуудын сонирхлыг татаж чадвал зөвхөн эрдэс баялгийн салбар биш, гадаад харилцааны бусад чиглэлд ч илүү давуу тал болох байх. Юуны өмнө ямар минералыг критикал минералын жагсаалтад оруулахаа бид тогтох ёстой.

Сүүлийн жилүүдэд геологи, уул уурхайн чиглэлээр болж байгаа чуулган бүхэн дээр критикал минералын асуудлаар салбар хэлэлцүүлэг өрнөх болсон. Мөн критикал минералын асуудлаар бие даасан том хэмжээний хурлууд зохион байгуулагдаж байгааг бид анхаарахгүй өнгөрч болохгүй.

Дэлхийн улс орнуудад ямар элементүүдийг критикал минералын жагсаалтад оруулж байна вэ?

Улс орон бүхэн ялгаатай ч ерөнхий нийтлэг нэг хандлага бий. 2023 онд европын холбоо, Америк, Канад, Япон, австрали улсуудын гаргасан критикал минералын жагсаалтыг харьцуулж дундын буюу глобаль критикал минерал нь юу байна гэсэн жижиг судалгаа хийсэн. Энэ судалгаанаас харахад өндөр технологид хэрэглэдэг эрдэс түүхий эдүүд, газрын ховор элементүүд нь уг жагсаалтад багтсан байна.

Хоёрдугаарт, батарейн түүхий эд болох лити, никель, кобальт, графит орж байна. Үүнээс гадна жишээлбэл, 2022 оны Европын холбооны критикал минералын жагсаалтад нүүрс орж ирсэн. Яагаад гэвэл, Орос Украины дайнаас хойш эдийн засгийн удаа дараагийн хоригт орсны улмаас Европт байгалийн хий нийлүүлэх боломжгүй болсон. Мен Украинаас нийлүүлдэг нүүрс эрсдэлд орж эхэлсэн. Тиймээс Европт эрэлт үүсэж, эрэлтээ нөхөхийн тулд критикал минералын жагсаалтдаа нүүрсийг оруулах болсон.

Европын холбоо анх 2010 онд критикал минералын жагсаалтаа гаргаснаас хойш одоо 6 дахь удаагаа шинэчлэн зарлаж байна. Канад улс гэхэд 2022 онд баталсан критикал минералын жагсаалтаа 2024 онд шинэчилж байх жишээтэй.

Манай улс энэ чиглэлээр ажиллах эхлэлээ тавиад байна. Жишээ нь, БНСУ-тай газрын ховор элементийн чиглэлээр судалгааны төв байгуулах гэрээ байгуулсан. Францтай ураны олборлолт болон критикал минералын салбарт хамтран ажиллахаар ярилцаж байна. Япон, Канад улстай мөн хамтарч ажиллаж байна. Литийн тухай ярихаар яах аргагүй критикал минералын сэдэв рүү орчихдог. Лити нь критикал минерал дотроо глобаль шинжтэй критикал минерал болдог.

Та яагаад литиг судлах болсон бэ?

Би геологич мэргэжилтэй. Мэргэж- лээрээ хайгуулын компанид ажиллаж байгаад 2015 онд ШУТИС-ийн багш болсон. Бээжингийн их сургуулийн Химийн салбарын профессор Чулуу гэж өвөрмонгол багштай танилцах завшаан надад тохиосон юм.

Чулуу багш Япон улсад докторын зэрэг хамгаалсан, Японы NEC корпорацид ажиллаж байсан тэргүүлэх эрдэмтэн бөгөөд батарей хийх маш олон патент эзэмшдэг хүн л дээ. 2008 оны Бээжингийн олимпын хотхонд анх удаа цахилгаан автобус үйлчилсэн. Тэр цахилгаан автобусны батарейг Чулуу багшийн патентаар хийсэн.

Багшийг Японд ажиллаж байхад нь Бээжингийн их сургуулиас урьж, бүх таатай нөхцөл бололцоог нь бүрдүүлээд ажиллуулсан. Бээжингийн их сургуульд анх удаа их сургуулийн багш хүн компанитай байж болно гэж журамдаа өөрчлөлт оруулснаар Чулуу багш Хятад улсад анхны стартап компанитай их сургуулийн профессор болсон гэдэг.

Хятадын топ эрдэмтний шагнал хүртсэн Чулуу багштайгаа танилцсанаар би литийн батарейн талаар нэлээн гүн гүнзгий мэдээлэл авсан гэх үү дээ. Тэр үеэс энэ чиглэлээр ажиллаж эхэлсэн. Тухайн үед Монголд литийн чиглэлээр социализмын үед хийсэн ганц нэг судалгаанаас өөр үзэх харах зүйл үндсэндээ байгаагүй л дээ. Ингээд энэ шинэ салбарыг сонирхож, ажиллах болсон.

Манай хоёр хөрш литийн хэдий хэмжээний нөөцтэй вэ?

ОХУ-д литийн агуу том ордууд бий. Зарим орд нь Монголтой хил залгаа, зарим нь хилээс зургаахан км-ийн зайтай байна. Хойд хөршид энэ чиглэлийн судалгаа маш сайн хийгдсэн. 1908 оны Богд хаант Монгол Улсын одоогийн Завхан, Хөвсгөлийн зааг хэсгийн газрын зургаас харвал хонхойж орсон тэр хэсэгт Тастыг гэж литийн бүлэг орд бий. Зүүн хойшоо Байгаль нуурын урдуур Монголыг тойрон бүсэлсэн литийн ордууд байна.

Хятад улсын хувьд геологийн судалгаа өндөр түвшинд хүрсэн. Сүүлийн үед эрчимтэй хөгжиж байна. Хятадын Шинжаан Уйгурын өөртөө засах орны Алтайн автономит хязгаар нь Монголын Ховд, Баян-Өлгийн баруун талаар хиллэдэг. Алтайн хязгаарын Алтай хотод монголоор Хөхтогоо гэх литийн бүлэг орд бий. Энэ бүс Хятадын литийн №1 нөөцтэй бүс гэж үздэг.

Алтайн хязгаар нь Богд хаант Монгол Улсын үед Монголын газар нутаг байсан. Тэгэхээр 100 жилийн өмнө Монгол Улс литийн агуу том ордуудтай байжээ. Геологийн хайгуул судалгааг эрчимжүүлбэл литийн томоохон ордуудыг Монголдоо олж нээх боломжтой гэж хардаг.

Манай улсын хувьд дэлхийн эрдсийн зах зээл дээр литийн салбарт ямар түвшний оролцогч байх боломжтой вэ?

Критикал минерал тэр дотроо лити бол жишээ нь дэлхийн алт, зэс, гангийн салбартай харьцуулахад жижиг бөгөөд хөгжиж буй зах зээл. Тэгэхээр бид энэ зах зээлд ямар оролцогч байх B3 гэдгээ тодорхойлох эгзэгтэй цаг үед байна. Хэрэв зөв бодлого хэрэгжүүлбэл бид хожих боломжтой.

Литиг олборлож, баяжмалаар нь гаргах уу, боловсруулалт хийж нэмүү өртөг шингээх үү эсвэл хэрэглэхүйц батарей үйлдвэрлэх үү гэдгээс шалтгаалан эдийн засагт үлдэх үр ашиг нь ялгаатай. Батарей үйлдвэрлэвэл эдийн засгийн үр ашиг нь мэдээж өндөр байж таарна.

Миний бодлоор батарейн түүхий эдийг баяжмалаар нь гаргахаас илүү Монголдоо батарейн жижиг үйлдвэр байгуулах боломжтой гэж хардаг. Гар утас, ухаалаг төхөөрөмж зэрэг хэт өндөр технологийн биш, жирийн малчин айлуудын ашигладаг хар тугалганы акумляторыг литийн батарейгаар сольчихвол цэнэг сайн хураана, цэнэгээ бага алдана. Хар тугалганы задрал хүний эрүүл мэндэд маш хортой. Тиймээс акумляторыг нь орлох цэнэг хураагуурыг Монголдоо үйлдвэрлэдэг болбол ирээдүйтэй гэж боддог юм. Манай улсын хувьд энэ салбар эхлэлийн шатандаа явж байна. Одоогийн байдлаар мэргэжилтэн ч цөөхөн байна.

Сэтгэгдэл (1)

  • Зочин гэх дүү дээ (127.0.0.1)
    Их сонирхолтой, сайхан ярилцлага байна. Судалгааны ажил чухал болохыг энэ ярилцлага харуулж байна. Шинжлэх ухаанаа зөв жолоодож судалгаа, шинжилгээний үр дүнг нэмэгдүүлэх юм сайн.
    2024 оны 07 сарын 26 | Хариулах