Т.Бямбанаран
ОХУ-ын далайн нефтийн экспортын дөрвөн долоо хоногийн дундаж хэмжээ 7 дугаар сарын 14-ний байдлаар өдөрт 3.11 сая баррель болж, өнгөрсөн 4 дүгээр сард дээд цэгтээ хүрсэн үеэс бараг 600,000 баррелиар буурчээ. Тус улсын далайн түүхий нефтийн тээвэрлэлт 1 дүгээр сараас хойш хамгийн доод түвшиндээ хүрсэн бөгөөд 8 дугаар сарын эцэс хүртэл ийм хэвээр байх магадлалтай ажээ.
Хятад, Энэтхэг улсууд Оросын түүхий нефтийн далайн экспортын 80 гаруй хувийг худалдан авдаг тул экспортын хэмжээ буурахад эдгээр хоёр улс хамгийн их өртөх магадлал өндөр байгаа. Энэхүү бууралт Хятад, Энэтхэгийн худалдан авч буй түүхий нефтийн хэмжээтэй харьцуулахад харьцангуй бага хувийг эзэлж байгаа. Тиймээс энэхүү дутагдсан нефтийг нөхөх эх үүсвэр олох боломж их байгаа.
Rystad Energy A/S зөвлөх компанийн нефтийн зах зээлийн ахлах шинжээч Виктор Курилов “Экспорт ийнхүү огцом унасан нь нэг удаагийн үйл явдал биш" гэж Bloomberg агентлагт ярьжээ.
Rystad Energy компанийн таамаглаж байгаагаар ОХУ-ын далайн түүхий нефтийн экспорт 7, 8 дугаар сард өдөрт 2.7 сая баррель, 9 дүгээр сард 2.9 сая орчим баррельд хүрнэ гэжээ. Энэ нь 4, 5 дугаар сард өдөрт 3.6 сая баррель нефть экспортолж байснаас огцом буурсныг харуулж байна.
Үүний зэрэгцээ Украин улс Оросын “Лукойл” компаниас Словак, Унгар улсууд руу газрын тос нийлүүлэхийг зогсоожээ. "Лукойл" нь Зөвлөлтийн үед барьсан “Дружба” хоолойгоор дамжуулан Европ руу нефть нийлүүлдэг компани аж. Гэсэн хэдий ч Европын орнууд Оросын бусад компаниудаас газрын тос авсаар хэвээр л байна.
Эх сурвалж: Oilprice.com