Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Бодлого

Аж үйлдвэрийн салбарт мэргэжилтэн бэлтгэх  цогц бодлого үгүйлэгдэж байна

Б.АРИУНАА 

Аж үйлдвэрийн IV хувьсгалын өрнөл  ханган нийлүүлэлт, үйлдвэрлэл, түгээлтийн сүлжээг  үндсээр нь өөрчлөх нь тодорхой боллоо. Дэлхий дахинаа энэ асуудалд онцгойлон анхаарч үйлдвэржилтийг дагасан урт хугацааны  бодлого  шийдвэрүүдэд өөрчлөлт гарч  байна. Нөгөө талаас улс орнууд  IV хувьсгалын эрчимтэй нөлөөнд  эдийн засаг, шинжлэх ухаан, боловсролыг  нийцүүлэн  хөгжүүлснээр  хамгийн бага зардал, хамгийн  өндөр ашиг хүртэх боломжийг нээж, өрсөлдөөн  нэмэгдэж байна. Боловсролын  байгууллагууд дижитал шилжилт, хиймэл оюун ухаанд суурилсан хосолсон мэргэжилтнүүдийг  чадавхжуулах, нарийн мэргэжлийн чадварлаг, мэргэшсэн боловсон хүчнийг бэлтгэх хүний нөөцийн бодлого хэрэгжүүлж байна. 

Монгол Улсын  Засгийн газрын 2023 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 103 дугаар тогтоолоор “Аж үйлдвэржилтийн үндэсний хороо”-г байгуулсан. Үндэсний хорооны гол зорилго аж үйлдвэржилтийн салбарт эхний ээлжинд бодитой хэрэгжихүйц төслийг сонгож, нэмүү өртөг шингэсэн, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг эрчимжүүлэх явдал юм. 

Манай оронд барих нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх  томоохон үйлдвэрүүд мэдээж дижитал технологид суурилсан шинэ үеийнх байж таарна. Ашиглах техник хэрэгсэл дэлхийн түвшингээс тийм ч хол хоцрохгүй  болов уу. Мэдээж дижитал шилжилтийг чухалчилна. Тэгэхээр энд ажиллах, шаардлага хангахуйц хөрвөх чадвартай мэргэжилтэн бэлтгэх цогц бодлого бий юу гэдэг асуулт зүй ёсоор гарч ирнэ. 

ӨӨРЧЛӨЛТ  ба ӨРСӨЛДӨӨН 

Аж үйлдвэрийн хувьсгал гэдэг нь асар том ойлголт биш ажээ. Угтаа бол хөдөлмөрийн багаж хэрэгслийн хөгжлийн үе шатны хувьслыг  ийн нэрлэж буй хэрэг хэмээн судлаачид тайлбарлаж байна. Энэ асуудалд онцгойлон анхаарах өөр нэг үндэслэл бол аливаа тоног төхөөрөмж шинэчлэгдэхэд үйлдвэрийн ашгийн хэмжээ нь 5-6%-иар нэмэгддэг бол  дижитал эдийн засгийн үед 20 хүртэл хувьд хүрч  өсөх төлөв ажиглагдаж байна. 

Иймээс  Засгийн газрын хэрэгжилтэд  уул уурхайн салбарт дижитал технологи ашиглахыг эрэлхийлэх,   эрдэс баялгийн салбарт ажиллах боловсон хүчнийхээ асуудлыг хамтад нь шийдвэрлэх нь зүйн хэрэг. 

Сингапур “Ухаалаг үндэстэн” хөтөлбөр хэрэгжүүллээ. Үүнд оруулсан хөрөнгө оруулалт нь тус улсыг дэлхийн дижитал өөрчлөлтийн жишиг болгов. БНСУ нь 5G технологи, хиймэл оюун ухаан, хагас дамжуулагч үйлдвэрлэл зэрэг салбарын судалгаа, боловсруулалтын чиглэлээр   “Техникийн төв”-ийг хөгжүүлж, хүний нөөц бэлтгэх асуудалдаа   өндөр ач холбогдол өгсөн нь Аж үйлдвэрийн IV  хувьсгалд манлайлалд түүчээллээ. “Хятадад үйлдвэрлэв 2025” санаачилга гаргасан өмнөд хөрш уламжлалт аж үйлдвэрийг дижитал технологид суурилсан эрчим хүчний төв болгон өөрчлөх зорилго тавьж мөн л мэргэжилтнүүдээ цаг алдалгүй хурдтай бэлтгэж чадсанаар өнөөдөр Хятадын мэргэжилтнүүдийн бүтээсэн цахим  инноваци нь  дэлхийн жишиг үзүүлэлтүүдийг тэргүүлж байна. 

АНУ-ын технологийн хөгжил гэрлийн хурдаар өсөж, эрдэс баялгийн салбарт тэр дундаа   уурхайн гүнд жолоочгүй техникийг нэвтрүүлж, хиймэл оюун ухаан бүхий алсын удирдлагатай техникийг Цахиурын хөндийн бүс нутгийн уурхайд ашиглаж эхэллээ. Израилийн “Стартап үндэстэн” хөтөлбөр, Шведийн “Инновацийн төв”, Арабын Нэгдсэн Эмират улсын “Алсын хараа-2021”, Германы “Аж үйлдвэр: 4.0”, Японы “Нийгэм 5.0” зэрэг дэлхийн улс орнууд шилдэг боловсон хүчин бэлтгэх хөтөлбөртөө анхаарлаа хандуулж боловсролын салбарын бодлогын  өрсөлдөөн эхэллээ. 

Өөрөөр хэлбэл, уурхайд биеийн хүчний хөдөлмөр эрхлэх мэргэжилтнүүдээс гадна оюуны хөдөлмөр эрхлэх инженерүүдийн эрэлт нэмэгдэх төлөв бий болов. Энэхүү эрэлт хэрэгцээ Монгол Улсад ч  нэмэгдэв. Монгол Улсын   нийт суралцаж буй оюутнуудын 30 орчим хувь нь IT-д суурилсан мэргэжлээр суралцаж байна гэсэн судалгаа бий. Өнөөдөр манай улсын эдийн засаг бүхэлдээ эрдэс баялгийн салбараас шууд хамааралтай. Цаашдаа ч энэ байдал үргэлжлэх төлөвтэй нь нэгэнт тодорхой болсон. Гэтэл Монгол Улсад аж үйлдвэржилтийн хүрээнд  мэргэжилтэн бэлтгэх цогц бодлого хараахан алга. Уламжлалт сургалтын хэлбэртээ тулгуурласан, боловсролын нэгдсэн бодлогогүй явж байна. 

Дижитал технологид тулгуурлан алсын зайнаас хайгуул судалгаа хийж, уул уурхайг удирдан улмаар бүрэн шийдэх хэмжээнд очсон энэ цаг үед хуучин арга барилаар мэргэжилтэн бэлтгэж буй нь хүний нөөцийн бодлого хоцрогдсоныг  тодорхой харуулж  байна. 

БОЛОВСРОЛ ба ХОЦРОГДОЛ 

Монгол Улсад 30,000 инженер хэрэгтэй гэсэн тооцоолол бий. Үүний зөвхөн 20 хүрэхгүй хувийг их, дээд сургуулиудад бэлтгэж байна. Ганцхан жишээ дурдахад, боловсруулах үйлдвэрүүд байгуулах, түүхий эдээ боловсруулж эцсийн бүтээгдэхүүн гаргахад  юуны түрүүнд  химийн технологч хэрэгтэй. Гэтэл сургуулиа төгсч буй хүүхдүүдэд химичээр сурах, хими технологийн мэргэжил эзэмших нөхцөл бололцоо тун хомс. Мэргэжил сонгох элсэлтийн тоог нэг аймагт хоёр гуравхан байхаар хязгаарлаж байгаа нь чамлалттай. Дээр нь мэргэжил сонголтод нөлөөлөх, чиглүүлэх сургалт бараг хийгддэггүйтэй адил. Орон нутагт ч тэр, нийслэл хотод ч тэр. Гэтэл хиймэл оюун ухаан, их тоон өгөгдөл, робот, автоматжуулалт зэрэг дэвшилтэт технологиуд хөдөлмөрийн зах зээлд эрс нэмэгдэж, бидний мэдэх олон мэргэжил, ажлын байр   үгүй болж, төсөөлж ч амжаагүй байгаа цоо шинэ үүрэг чиглэлийн мэргэжлүүд    бий болж   байна.  

Түүхий эдийн экспорт давамгайлсан манай улсын хувьд экспортын үндсэн эрдэс бүтээгдэхүүн нүүрс, газрын тос, зэс, төмрийн хүдэрт тулгуурлан  боловсруулах үйлдвэр байгуулах нь  дэвшилтэт технологи, инновацад суурилсан нэмүү өртөг шингэсэн, бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх Монгол Улсын Засгийн газраас зарласан Аж үйлдвэржилтийн IV хувьсгалын хүрээнд хийж буй нэн тэргүүний зорилт  болж байна.

“Алсын хараа-2050” урт хугацааны  төрийн бодлогын баримт бичигт тусгасан Шинэ сэргэлтийн бодлогод “Аж үйлдвэржилтийн сэргэлт”-ийг тодорхой дурдсан. 

Аж үйлдвэрийн IV хувьсгалтай зэрэгцүүлэн боловсролын байгууллагаас  мэргэжилтэн бэлтгэх олон төрлийн арга хэмжээ  авч хэрэгжүүлэх ёстой. 

Дэлхийн чиг хандлага буюу  “Аж үйлдвэрийн IV   хувьсгал”-ын өрнөлтэй боловсролын тогтолцоог хэрхэн уялдуулан хөгжүүлэх,  зах зээлд эрэлт хэрэгцээтэй, ирээдүй хойч үедээ зөв дадал, чадвар мэдлэг суулгах   асуудал манай их, дээд сургуулиудын өмнө зайлшгүй чухлаар тавигдана. Монгол Улсын хувьд  “Аж үйлдвэржилтийн бодлого”-той дүйцэхүйц боловсролын үндэсний   цогц бодлого боловсруулах эрин үе нэгэнт иржээ.