Т.Бямбанаран
Рио Тинто зэсийн томоохон үйлдвэрийг ашигтай гэж үзвэл худалдан авах талаар судална гэж Лхагва гарагт мэдэгдлээ. Гэхдээ одоогоор зах зээл идэвхжиж байгаа тул сайн чанартай хөрөнгө худалдаж авна гэвэл маш их үнэтэй болно гэж анхаарууллаа.
Зэсийн эрэлт цаашдаа өсөх төлөвтэй байгаа тул дэлхийн хоёр дахь том уул уурхайн компани болох Рио Тинто зэсийн бизнесээ өргөжүүлэхэд анхаарал хандуулж байна.
Рио Тинто уурхай худалдаж авахын оронд шинээр уурхай барих нь илүү ашигтай гэж хэлж байсан ажээ. Харин гол өрсөлдөгч болох BHP компаниас үүдэн Рио байр сууриа өөрчилж эхэлсэн бололтой.
Гүйцэтгэх захирал Якоб Стаусхолм хэлэхдээ "Рио шилжилтийн үедээ ирсэн тул зэсийн салбарт томоохон худалдан авалт хийхийг үгүйсгэхгүй" гэж мэдэгдэв.
"Бид одоогийн уул уурхайн төслүүдээ ашиглан 2024-2028 оны хооронд зэсийн үйлдвэрлэлийг жилд 3 орчим хувиар нэмэгдүүлэхийг зорьж байна" гэж эхний хагас жилийн үр дүнгийн танилцуулгын үеэр хэллээ.
Энэ онд тус компанийн зэсийн үйлдвэрлэл 2 орчим хувиар өсөх төлөвтэй байгаа аж. Мөн цаашдын өсөлтөд нөлөөлөх хэд хэдэн томоохон төслийг хэрэгжүүлнэ хэмээн Стаусхолм хэлжээ.
Рио Оюутолгойг дэлхийн дөрөв дэх том зэсийн уурхай болгохыг зорьж байгаа.
“Оюутолгойн конвейерийн гүйцэтгэл 97%-тай байгаа бөгөөд ирэх 9 дүгээр сард ашиглалтад оруулахаар төлөвлөж байна. Туузан дамжуулагч нь үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхэд гол үүрэг гүйцэтгэх тул манай зэсийн үйлдвэрлэл эрс сайжирна" гэж Стаусхолм хэлэв.
Оюутолгой компани 2011 онд ил уурхайгаар зэс олборлож эхэлсэн. 2023 онд гүний уурхайгаа барьж дуусгасан бөгөөд 2028 оноос 2036 он хүртэл жил бүр хагас сая тонн зэс олборлох төлөвтэй байна.
Рио Тинто, BHP компани хамтран Аризона мужид Resolution зэсийн уурхай барьж байгаа бөгөөд уугуул иргэд болон байгаль хамгаалагч бүлгүүдийн эсэргүүцлийг үл харгалзан бүтээн байгуулалтаа үргэлжлүүлнэ гэжээ.
Эх сурвалж: mining.com