Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Сурвалжилга

Эвслийн Засгийн газар  уул уурхайн салбартаа  ямар бодлого баримтлах вэ?

Б.Ариунаа

2024 оны парламентын ээлжит сонгуулийн дараахан УИХ-ын шинэ даргыг томилох, шинэ Засгийн газар эмхлэн байгуулагдахтай зэрэгцэн зохион байгуулагдаж буй тус чуулган Монгол төрийн залгамж чанарыг чухалчлан  үзэж, урт хугацаанд хэрэгжүүлэх, стратегийн ач холбогдол бүхий томоохон төслүүд болон ирэх 4 жилийн хугацаанд хэрэгжиж эхлэх Бүсчилсэн хөгжлийн бодлого, нүүрсний дараа эдийн засагт голлон нөлөө үзүүлэх эрдэс баялгийн бүтээгдэхүүн чухал ашигт малтмал  зэрэг шинэ сэдвүүдийг хэлэлцүүлэгт багтаасан нь  онцлог байлаа.    

2000 гаруй гадаад, дотоодын зочид, төлөөлөгчид хүрэлцэн ирж, төр, хувийн хэвшлийн төлөөллүүд оролцсон энэ удаагийн Эдийн засгийн чуулган 3 байршлын 6 танхимд хоёр өдрийн турш чуулж, нийгэм, эдийн засаг, хөрөнгө оруулалтын сэдвээр  хэлэлцүүлэг өрнөсөн  юм.

Монголын эдийн засгийн форум-2024 чуулганыг Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нээж хэлсэн үгэндээ, Монгол Улс парламентын оролцоо, төлөөллийг жигд хангах хувь тэнцүүлсэн холимог тогтолцоонд шилжин бүх нийтийн сонгуулийг явуулж, анх удаа 5 намаас бүрдсэн парламент байгууллаа. Монголчууд бид шинэ 30 жилийг эхлүүлэхийн тулд өмнөх тогтолцоогоо ийнхүү  эрс өөрчилсөн нь алсдаа парламентын засаглалаар бид дэлхийгээс сурах биш дэлхий Монголоос сурах эхлэл болно гэдэгт итгэлтэй байна. Энэ бол маш том  шийдэл. Ялангуяа Төв Азийн түвшинд анх удаа парламентын өөрчлөлт хийгдэж байна.  Үр дүнд нь нийгмийн салбар бүрийн төлөөлөл хууль тогтоох дээд байгууллагад орж, нийт гишүүдийн 25%-ийг эмэгтэй гишүүд бүрдүүлэн Ази тивийн дундаж үзүүлэлтүүдээс давсныг онцоллоо.

Өнгөрсөн нэг жилийн хугацаанд  Монгол Улсын эдийн засаг дунджаар 6-7%-иар өсөж, дотоодын нийт бүтээгдэхүүн 2022 онд 53.8 их наяд байсан бол 2023 онд 68.9 их наяд төгрөг болж, нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн 5,875 ам.долларт хүрчээ. Гадаад валютын нөөц 5.0 тэрбум ам.доллар даван Монгол Улсын Засгийн газар гадаад бондуудын өрийг хугацаанд нь бүрэн төлж дуусгасныг чуулганы үеэр мөн дурдав.

“Хөгжлийн бодлого” сэдвийн дор форумын эхний хэлэлцүүлэг Төрийн ордны Их танхимд  эхэлсэн юм. Эхний хэлэлцүүлэгт Монгол ардын нам /МАН/, Ардчилсан нам /АН/, Хөдөлмөрийн үндэсний нам /ХҮН/-ын дарга нар оролцов. 

МАН-ын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ:

Монгол Улс парламентын ардчилсан тогтолцоотой болсноос хойш 30 гаруй жил өнгөрч байна. Өнгөрсөн 30 жилийн алдаа оноог засахын тулд шинэ 30 жилийг эхлүүлж байна. Парламент ард түмний төлөөлөл байх ёстой. Энэ агуулгаар парламентад суудалтай улс төрийн намууд хамтарч эрх зүйн шинэчлэлийг хийсэн. Үндсэн хуулиар хувь тэнцүүлсэн тогтоолцоог бий болгосон нь иргэдийн санал гээгдэхгүй байх, нийгэмд илүү оролцоотой болж байгаа юм. Сонгогчдын санал гээгдэхгүй байх ардчиллын суурь зарчимд үндэслэж, Мөрийн хөтөлбөрт тусгасан заалтуудыг нэгтгэн Засгийн газрын ирэх 4 жилийн эдийн засгийн төлөвлөгөөг хэрэгжүүлэхээр парламентад хамгийн өндөр суудал авсан МАН, АН, ХҮН намууд нэгдэж байна.

АН-ын дарга Л.Гантөмөр:

Манай нам Монгол Улсад тулгамдаад байгаа асуудлыг шийдвэрлэхийн төлөө МАН, ХҮН намтай хамтарч ажиллах Санамж бичигт гарын үсэг зурлаа. Ардчилсан нам бүх шатны байгууллагаараа, ирэх 4 жилд хэрэгжүүлж ажиллах тодорхой хөтөлбөрийг хамтарсан Засгийн газрын хүрээнд ажил хэрэг болгох зорилтуудыг дэмжиж шийдвэр гаргасан. Татварын дарамтыг бууруулахын тулд  бид хамтарч ажиллах ёстой гэж үзэж байна. Бизнесийн орчныг эрүүл болгох, хувийн хэвшлийн аж ахуйн нэгж,  компаниудыг  бизнес эрхлэхэд улс төрийн намаар ялгаварлан гадуурхдаг үзэгдлийг таслан зогсоох шаардлагатай хэмээн үзэж хамтарсан Засгийн газарт ажиллана.

ХҮН намын дарга Д.Доржханд:

Цоо шинэ хандлага, цоо шинэ боломж бий болж байна.  Өмнө бид бие биеийнхээ хийсэн зүйлийг үгүйсгэж ирлээ. ХҮН намын хувьд Монгол Улсын эрх ашиг нэгдүгээрт байх ёстой юм байна гэж үзээд хамтарсан Засгийн газарт орох шийдвэр гаргасан. Юуны түрүүнд эрчим хүчний реформ хийх хэрэгтэй.  

Эрчим хүчний нийлүүлэлт байхгүй бол ямар ч том бүтээн байгуулалт хийх боломжгүй. Өнгөрсөн хугацаанд эрчим хүчний реформыг МАН, АН  хийж чадаагүй. Тэгвэл  хамтарснаар улс орны хөгжлийг тодорхойлсон олон ажлуудыг хамтдаа хийх боломжтой болж байна.

Монголын Эдийн засгийн форумын  Нэгдсэн   хуралдаан  болон салбар хуралдаануудад нийгэм, эдийн засгийн бодлого тодорхойлогч төр, засгийн төлөөлөл, эдийн засгийн шинжээч, судлаач зэрэг олон талын төлөөлөл оролцон  тулгамдаж буй асуудлаарх сэдэв тус бүрээр хэлэлцүүлэг өрнүүлж, байр сууриа илэрхийлсэн юм. 

Энэ удаа Чингис хаан  музейн  танхимд  чуулсан   “Уул уурхай ба чухал ашигт малтмал-Өнөөгийн нөхцөл байдал” салбар хуралдааныг онцлон  хүргэж байна.

Монгол Улсын  газрын ховор элементийн   сэдэвчилсэн судалгааг маш сайн хийсэн

Монголын уул уурхайн салбарын хөгжлийг дараагийн шатанд гаргах, дэлхийн улс орнуудын дунд  өрсөлдөх чадвар, чиг хандлага болж буй   чухал ашигт малтмалын бодлого, стратегийг боловсруулах хэрэгцээ  шаардлага зүй ёсоор тавигдаж байна. Монгол Улсын Засгийн газраас уул уурхайн гаралтай түүхий эд, эрдэс баялгийн бүтээгдэхүүний боловсруулалтын түвшинг ахиулах, нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх зорилт тавин ажиллаж байна. Энэ ч утгаараа өмнөх Засгийн газрын үед уул уурхайн салбарын хууль, эрх зүйн орчныг сайжруулах, боловсронгуй болгох тал дээр нэлээд  ажлууд  хийгдсэн.  Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хууль болон Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг  баталж, Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг   боловсрууллаа. Ингэснээр төр, хувийн хэвшлийн түншлэлийн зарчмаар харилцан ашигтай  ажиллах, урт хугацааны төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэх эрх зүйн үндэс бүрдэж буй юм.

Эдийн засгийн форумын онцлох салбар хуралдааны нэг нь  “Монголын уул уурхай ба чухал ашигт малтмал” хэлэлцүүлэг байлаа. 

Хэлэлцүүлгийн гол зорилго нь чухал ашигт малтмалын бодлого, стратегийг боловсруулахад  төр, хувийн хэвшил, гадаад дотоодын хөрөнгө оруулагчид, эрдэмтэн судлаачдын санал, шүүмжийг тусгах,   чухал ашигт малтмалын хайгуул судалгаа, олборлолт, боловсруулалтын чиглэлээр хамтран ажиллах сонирхолтой хөрөнгө оруулагчдад мэдээлэл хүргэх, энэ талаарх олон улсын туршлагыг судлах, цаашид тэдгээрийг үйл ажиллагаандаа нэвтрүүлэх зэрэг асуудлаар хэлэлцүүлэг өрнөсөн юм.

Тус хэлэлцүүлгийн чиглүүлэгчээр  “Эрдэнэ  Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирал А.Билгүүн ажилласан бол   УИХ-ын гишүүн Б.Уянга, УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяа, “Греран” группийн Дэд ерөнхийлөгч Александр Сингх Гревал,  “Орано Майнинг” ХХК-ийн Дэд тэргүүн Оливье Түмир,  Үндэсний Геологийн албаны дарга Б.Мөнхтөр,  “Гео-Инфо” ХХК-ийн зөвлөх геологич,  доктор С.Оюунбат нар  оролцож санал бодлоо илэрхийллээ.

Модератор А.Билгүүн хэлэлцүүлгийн эхэнд “Монгол Улсын нийт   хөрөнгө оруулалтын 70 % нь дан ганц уул уурхайн салбарт чиглэж  байна. Уул уурхайн салбар Монгол Улсын экспортын бүтээгдэхүүний 90%, ДНБ-ий 25-28 %-ийг эзэлдэг. Тус салбар  дотоодын бусад салбаруудын хамгийн том хэрэглэгч болсон. Монголын Уул уурхайн үндэсний ассоциацийн хийсэн судалгаагаар уул уурхайн салбар нь барилгын салбарын 39%, тээвэр, логистикийн 35%, зочид буудал, нийтийн хоолны үйлчилгээний 46%, урлаг соёлын 20%-ийн хэрэглээг хангадаг гэсэн байна. Ингэхээр уул уурхайн салбар өргөн утгаараа эдийн засгийн тулгуур салбар гэдэг нь харагдаж байна” гэдгийг онцолж эхний асуултаа УИХ-ын гишүүн Б.Уянгад хандан тавилаа. 

А.Билгүүн:

Шинээр байгуулагдаж байгаа эвслийн Засгийн газрын уул уурхайн салбарт баримталж буй бодлого,  ирэх 4 жилийн хугацаанд  хэрэгжүүлэх Мөрийн хөтөлбөрт тусгагдсан  гол ажлуудын талаар тодруулна уу?

Б.Уянга:

2024 оны УИХ-ын сонгуульд олонх болсон МАН-ын Мөрийн хөтөлбөр Засгийн газрын хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө болж батлагддаг.

-Эрдэс баялгийн салбарт хариуцлагын механизмыг сайжруулна.

-Мөрийн хөтөлбөрийн 2 дугаар бүлэгт бүхэлдээ хариуцлагатай уул уурхайг эрчимжүүлж, богино хугацаанд хэрхэн нутагшуулах,   хэрэгжүүлэх талаар томоохон зохицуулалтууд Үндэсний баялгийн сантай уялдаж тусгагдсан.

-Хариуцлагатай аж ахуйн нэгжүүдийг дэмжинэ

-Хөрөнгө оруулалт шаардлагатай салбаруудад хөрөнгө оруулалт татаж, тогтвортой байдлыг хангана.

-Өндөр технологийн түүхий эд болох газрын ховор элемент, ховор металлуудыг орд болгон ашиглахад  олон жилийн хайгуулын үйл ажиллагаа явагдаж хугацаа их ордог.  Энэ мэт суурь мэдээллийг танилцуулан бүх түвшинд нь зөв ойлголт өгөх тал дээр ажиллана. Эдгээр нь МАН-ын Мөрийн хөтөлбөрийн үндсэн агуулга болж байна.

Үндэсний баялгийн сангаар дамжуулан айл өрх бүр   уул уурхайн салбарын үр өгөөжийг хүртдэг  болно гэсэн үндсэн  концепци дээр манай салбар хариуцлагатай ажиллах юм.

А.Билгүүн:

Монгол Улс сүүлийн жилүүдэд уул уурхайн салбар, ялангуяа хайгуулын салбарын суурь судалгааны ажлууддаа нэлээд анхаарч ирлээ. Монгол Улсын Засгийн газраас геологи хайгуулын чиглэлээр өндөр технологийн түүхий эд болон ашигт малтмалын салбарт чиглэсэн ямар төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байна вэ?

Б.Мөнхтөр:

Геологи, хайгуулын суурь судалгаа тийм ч өндөр түвшинд хүрч чадаагүй байна. Газар нутгийн 48 орчим хувьд судалгаа  хийсэн.  Үлдсэн 52 %-д хайгуулын ажлыг хийхийн тулд  хугацаа шаардлагатай. Юуны түрүүнд хөрөнгө оруулалт чухал. Критикал болон бусад стратегийн голлох ашигт малтмалын нөөцийг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага бий. u

Мөн суурь судалгааны түвшинг ахиулах ёстой. Үүнтэй уялдан томоохон судалгааны ажлуудыг хэрэгжүүлж байна. Геофизикийн ажлын чанарыг дээшлүүлэх, тоон мэдээлэлтэй болох асуудлуудыг сүүлийн  2-3 жилд хэрэгжүүлж байна.

1:50 000 масштабтай геологийн зураглал, ерөнхий ажлын төслүүдээ эрчимтэй явуулна. Үүний дараа сэдэвчилсэн ажлууд буюу чухал ашигт малтмалын чиглэлийн ажлуудыг хийнэ. Ингэж ажлуудыг системтэй хийснээр хөрөнгө оруулалтыг татах үндсэн суурь нөхцөл бүрдэх юм.

А.Билгүүн:

Цаашдаа эдгээр судалгаануудад үндэслээд дараагийн томоохон ордуудыг нээх нөөц боломж хэр байна вэ?  Ямар   хугацаа, хэр хэмжээний хөрөнгө оруулалт шаардлагатай вэ?

Б.Мөнхтөр:

Судлаач хүний өнцгөөс хэлэхэд боломжууд маш их байна. Хайгуулын шатанд хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар багадаа 4-5 жилийн хугацаанд хийх ажлууд бий. Одоо хийж байгаа суурь судалгааны ажлуудаа яаралтай дуусгаж,  эдийн засгийн эргэлтэд оруулах арга хэмжээг авах хэрэгтэй байна.

А.Билгүүн:

Критикал минерал буюу өндөр технологийн эрдэс бүтээгдэхүүний энэхүү шинэ  салбарт  багагүй хугацаанд   ажилласан хүний хувьд  Монгол Улс  газрын ховор элементийн   суурь судалгаа ямар түвшинд хийгдсэн бэ? Таны бодлоор   ямар  боломжууд байна вэ?   

С.Оюунбат:

Бид Үндэсний геологийн алба, УУХҮЯ-наас зарласан “Стратегийн ашигт малтмалын хэтийн төлөв” судалгааны ажлыг 2 жилийн хугацаанд хийж,  амжилттай хамгааллаа. Критикал буюу чухал элемент гэсэн ойлголтыг дэлхийн жишигт критикал минерал гэсэн нэршлээр  бичигдэж  байгаа болохоор бид критикал минерал гэдгээрээ явсан нь дээр гэж бодож байна. 

Монгол Улсын хэмжээнд ямар эрдэс, элементийг критикал төрөлд оруулах вэ гэдэг саналаа өгсөн. Ингэхдээ дэлхийн 10 гаруй улс болох АНУ, Япон, ОХУ, Герман, БНСУ, БНХАУ, Канад зэрэг орнуудын гаргасан критикал минералын жагсаалтыг өөрсдийн хийсэн судалгаатай харьцуулж гаргалаа.  Бидний саналыг УУХҮЯ хэлэлцээд алийг нь критикал минералд оруулах тал дээр шийдвэр гарах байх.

Манай судалгаанд лити, ховор метал, газрын ховор элемент, бал чулуу, никель кобальтын талаар  болон  энергийн түүхий эдийн сав газар буюу метан судалгааны ажлууд багтсан.

Монгол Улсын хувьд газрын ховор элементийн талаар эрдэм шинжилгээний ажил болон сэдэвчилсэн судалгаа маш их хийсэн байдаг. УУХҮЯ-ны мэдээлснээр газрын ховор элементийн 2-3 төрлийн хүдэржилтэй 6.1 сая.тонн нөөц бүхий 6 орд байна. Хүдэржилт болон эрдсийн төрлөөс хамаарч хүдэрт агуулагдах газрын ховор элементийн ислүүдийн агуулга харилцан адилгүй байдаг. Монгол орны хэмжээнд литийн 240-300 км урттай, 45-50 км өргөнтэй 5 бүсийг тодорхойлсон. Үүнд: Дундговь, Урт Гозгор-Жанчивлан, Егзөр модот, Сулин хээр, Монгол Алтай байна. Энэхүү 5 бүсэд хүдэржилтийн төрлүүд нь  ялгаатай бөгөөд литийн пегматит, грейзэн, гранит, ууршилтын шаварт агуулагдаж байгаа литийн тунамал орд  зэрэг дэлхийд тогтоогдсон бүх төрлийн литийн төрлүүд байна. u

Үүнээс хамгийн чухал, амархан олборлох боломжтой илрэл болох сподиум төрлийн орд илрээгүй. Иймд судалгааны ажлуудаа нарийвчлан хийх шаардлагатай байгааг харж болно.

Бал чулууны хувьд B, C зэргээр нөөц нь тогтоогдсон дундаж агуулга нь 2-8 гр/тонн бүхий 260 сая.тонн нөөцтэй 10 гаруй орд байна. Мөн тус бүсүүдэд 120-130-аад бал чулууны илрэлүүд байна.

А.Билгүүн:

Литийн хувьд Латин Америкийн орнууд, газрын ховор металлын хувьд Хятад улс дэлхийд тэргүүлэгч үйлдвэрлэгчид. Манай орны хувьд тухайн улс орнуудтай өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэхийн   тулд хэр хугацаа болон хөрөнгө оруулалт шаардлагатай вэ?

С.Оюунбат:

Латин Америкийн давст нуурууд нь 2300 м-ийн өндөрт Атакама цөлд байдаг. Нуурын талбайн хэмжээ нь 3000-5000км2  байдаг. Монгол орны хувьд онцлог нь  ууршилт ихтэй, хур тунадас бага тул энэ төрлийн нөөц бага байдаг. Иймд Литийн давст нуурын хувьд хэтийн төлөв хязгаарлагдмал юм. Харин литийн шаварт ууршилтын төрлийн  хэтийн төлөв сайн гэж харж байна. Монгол Улсад литийн 4 орд тогтоогдсон, үүний 3 нь үндсэн, 1 нь дагалдагч литийн эрдэстэй Арбаян орд. Эдгээр ордуудаас Хөхдэлийн шаврын орд нь хамгийн их буюу 433 сая.тонн нөөцтэй. Дундаж агуулга нь бага хэдий ч дэлхийн энэ төрлийн ордуутай ойролцоо.

Бидний хувьд судалгаагаа нарийвчлан хийхэд хугацаа шаардлагатай байгаа хэдий ч хэтийн төлөв ирээдүйтэй болохыг харж байна.

А.Билгүүн: 

Уул уурхайн салбарт тулгамдаж буй асуудлуудын талаар  тодруулна уу?

Д.Үүрийнтуяа:

Уул уурхайн салбарын тулгамдаж байгаа  гол асуудал   олборлолтоос боловсруулалтын түвшинд шилжих явдал юм.  Олборлоод түүхийгээр нь юм уу, хагас боловсруулсан баяжмал хэлбэрээр экспортод гаргах биш үнэлэмж өндөртэй эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, дэлхийн зах зээлд нийлүүлэх нь бидний гол зорилго.

Уул уурхайн салбарт өндөр технологи, байгаль орчинд ээлтэй инноваци шингэсэн техник технологийг нэвтрүүлэх зайлшгүй шаардлагатай.

Дэлхий нийтээр хүлэмжийн хийн ялгаруулалтыг багасгах тал дээр   онцгой анхаарал хандуулж  байна. Монгол Улсын эдийн засгийн тулгуур салбар болсон уул уурхайн салбартаа дэлхийн хэмжээний хөрөнгө оруулалтыг татахын тулд карбоны зах зээл дээр хэрхэн яаж ажиллах вэ гэдэг асуудлыг тодорхой авч үзэх хэрэгтэй.

Уул уурхайн салбараас орж байгаа орлого Монгол Улсын эдийн засгийн голлох тулгуур болж байна. Иймд уул уурхайгаас олж байгаа нэмэлт орлогоороо бусад салбаруудыг ижил түвшинд, хүртээмжтэй хөгжүүлж, эдийн засгийг солонгоруулах нь чухал юм. 

А.Билгүүн:

Олборлолтоос боловсруулалтад шил­жихэд Монгол Улсын аль бүс нутагт ямар төслүүд хэрэгжих  хамгийн боломжтой  гэж харж байна вэ?

Д.Үүрийнтуяа:

МАН-ын Мөрийн хөтөлбөрийг Засгийн газрын хэрэгжүүлэх бодлого чиглэл болгож ажиллана. МАН-ын Мөрийн хөтөлбөрт тусгагдсан боловсруулах үйлдвэртэй холбоотой хэд хэдэн  Аж үйлдвэржилтийн парк байгуулах  асуудал бий. Үүнээс дурдахад:

-Тавантолгойн нүүрсний ордыг түшиглэн барих нүүрс-химийн цогцолбор

-Эрдэнэт үйлдвэрийг түшиглэн байгуулах зэсийн баяжмал хайлуулж, боловруулах үйлдвэр

-Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг арьс ширний үйлдвэртэй хамтад нь цогцолбор байдлаар хөгжүүлэх.

-Жонш болон барилгын материалын эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх зэрэг боловсруулах түвшинд эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх талаар мөн тусгасан байна.

Хойд бүсэд “Эрдэнэт” үйлдвэрийг түшиглэн байгуулах Үйлдвэр технологийн паркийн тухай товч тодруулъя. Бүсийн хэмжээнд аж үйлдвэрийн цогцолбор хөгжүүлэх суурь нь Эрдэнэт хот байх юм. Эрдэнэтийн зэсийн баяжмал  хайлуулах үйлдвэрийг дэргэд нь барьж байгуулна. Жилд 130 мян.тонн катодын зэсийг үйлдвэрлэх энэ үйлдвэрийг барьснаар Монгол Улсын эдийн засаг 8 % өснө гэж эдийн засагчид тооцож байна. Зөвхөн энэ үйлдвэрийг барьснаар 1500 орчим шинэ ажлын байр бий болох тооцоотой. Уул уурхай нь бусад салбарын хэрэглэгч байдаг гэж хэлсэн. Энэхүү дам нөлөөгөөр бүс нутгийн хэмжээнд 24000 ажлын байр нэмэх боломжийг нээх юм. Үүнээс харахад бусад бүс нутагт барих эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйлдвэрүүдэд ийм хэмжээний боломж бас бий. Байгалийн баялаг гэдэг хязгаарлагдмал, хэзээ нэг өдөр ашиглаад нөөц нь дуусах энэхүү баялгаа тухайн цаг хугацаанд нь хаягдал бохирдол багатай, үр ашигтайгаар өндөр технологийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилгын төлөө явах ёстой юм.

А.Билгүүн:

Монгол Улс болон Франц Улсын хамтарсан Зөөвч-Овоо, Дулаан-Уулын ордуудыг ашиглах хамтарсан  Хөрөнгө оруулалтын гэрээ болон төслийн үр өгөөж, нийгэм, эдийн засгийн ач холбогдлыг тодруулна уу?

Оливье Түмир:

Өнгөрсөн хугацаанд 2 тал Засгийн газрын протоколд гарын үсэг зурсан. Гэрээний хувьд 50 %-ын (Хоёр улсын Засгийн газрын хооронд байгуулах гэрээний ажлын явц 50 гаруй хувьтай байгаа талаар “Бадрах Энержи” компанийн Мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас нэмэлт мэдээлэл өглөө) ажил хийсэн гэж үзэж байна. Хөрөнгө оруулалтын хуулийн дагуу 10 асуудал дээр Засгийн газартай санал нэгдэх нь чухал байгаа юм. Удахгүй энэ процесс дуусна гэж найдаж байна.

Томоохон зураглалаас эхэлье гэж бодож байна. Эрчим хүчний эрэлт хэрэгцээнээс шалтгаалан ирээдүйд газрын ховор элемент болон критикал эрдсийн олборлолт  эрс нэмэгдэнэ гэж үзэж байна. Дэлхийд уран олборлох  төслийн  олон судалгаа  хийж байна. Монголын хувьд эрдэс баялгийн арвин нөөцтэй улс бөгөөд мөн  тус салбарын ажиллах хүчин бэлтгэгдсэн гэж үзэж байна.  Эрдсийн зах зээлийн хувьд ирэх 5-10 жил  маш чухал үе бөгөөд энэ цаг хугацааг алдаж болохгүй.

Өнгөрсөн хугацаанд 2 тал Засгийн газрын протоколд гарын үсэг зурсан. Гэрээний хувьд 50 %-ын (Хоёр улсын Засгийн газрын хооронд байгуулах гэрээний ажлын явц 50 гаруй хувьтай байгаа талаар “Бадрах Энержи” компанийн Хэвлэл мэдээллийн албанаас нэмэлт мэдээлэл өглөө) ажил хийсэн гэж үзэж байна. Хөрөнгө оруулалтын хуулийн дагуу 10 асуудал дээр Засгийн газартай санал нэгдэх нь чухал байгаа юм. Удахгүй энэ процесс дуусна гэж найдаж байна. Энэхүү асуудлууд  Монгол Улсад болж өнгөрсөн  парламентын сонгуультай холбоотой хойшилсон. Монгол Улсын хувьд урантай холбоотой хийж байгаа анхны хэлэлцээр бөгөөд суралцах зүйл их байгаа. Өнгөрсөн хугацаанд 2 талын гэрээ хэлэлцээр зогсоогүй үргэлжилж байна. Удахгүй нэгдсэн тохиролцоонд хүрэх байх. Мөн саяхан болж өнгөрсөн  сонгуулиар Монгол Улсад ардчилал ямар хүчтэй болохыг харлаа. Мөн эвслийн Засгийн газар байгуулагдсан нь гадаадын хөрөнгө оруулагчдад таатай нөхцөл үүсэх боломжтой  гэж бодож байна. 

Боловсруулах салбарын хувьд бид уурхай болон боловсруулах үйлдвэрийг хамтад нь байгуулж байна.  Бид эцсийн бүтээгдэхүүн буюу шар нунтаг үйлдвэрлэнэ.  Ирэх 4-5 жилд дэд бүтэц, барилга байгууламжийн ажлыг эхлүүлж,   2030  онд уран  үйлдвэрлэх нь чухал юм. Ингэснээр бид зах зээлд өөрсдийн байр сууриа бататгах боломжтой болно гэж үзэж байна.

А.Билгүүн:

Монгол Улс Казахстан улсаас юугаараа ялгаатай вэ?

Оливье Түмир:

Казахстан дэлхийн нийт ураны 20-25%-ыг дангаараа үйлдвэрлэдэг. Манай “Зөөвч овоо” төслийн хувьд дэлхийн эрэлт хэрэгцээний 4-5%-ийг хангана гэсэн төлөвлөгөөтэй байна. Энэ нь бага хэмжээ биш бөгөөд ОХУ болон БНХАУ-ын нийлүүлж байгаа хэмжээтэй дүйцэхүйц дүн.

А.Билгүүн:

“Греран” группийн Дэд ерөнхийлөгч Александр Сингх  Гревалаас асууя.  Монгол Улсад хөрөнгө оруулалт хийх шалтгаан юу вэ?

Александр Сингх:

 Бидний хувьд энэ асуудал маш энгийн. Монгол дахь уул уурхайн төслүүд урт хугацаанд тогтвортой хэрэгждэг. Критикал минерал болон усны төслүүд 10 жилээс дээш хугацаанд хэрэгждэг учраас бид хамтран ажиллах боломжтой гэж харсан. Мөн Монгол Улсын Засгийн газар эдгээр төслүүдээ ногоон хөгжилтэй холбох нь чухал юм.

Манай компани цэвэр эрчим хүчний чиглэлэээр ажилладаг.    Монгол Улсын хэмжээнд усны судалгаа хийн   нөөцийг нэмэгдүүлж, мөн метан хийг давхар олборлох,  ингэснээр нүүрсхүчлийг 50% бууруулах боломжтой юм.  Бид өрөмдлөгийн компанитай хамтарч ажиллах болно. Өрөмдлөг хийснээр  усан  хангамжийг нэмэх боломжтой бөгөөд 200-400 м гүнээс усны шинэ нөөцийг ашиглах боломжийг бий болгодгоороо онцлогтой. 

Манай технологи нь 30 жилийн түүхтэй бөгөөд БНХАУ-д олон төсөл  амжилттай хэрэгжүүлсэн. Тэр хэрээр  БНХАУ-д байгалийн хийн зах зээл өргөжин хөгжиж байна.

А.Билгүүн:

Үндэсний баялгийн сангийн тухай хууль, стратегийн ордууд, критикал минерал зэрэг олон нэр томьёонууд манай салбарт орж ирж байна. Энэ талын мэдээллийг нэгтгэх, нэгдсэн ойлголтод хүрэх   уялдаа холбоо, зүй тогтол юу вэ?

Б.Уянга:

Салбарын хууль эрх зүйн орчныг тайлбарлан таниулах,   үнэн, бодит  мэдээллээр хангах тал дээр бодлогын яам, холбогдох мэргэжлийн байгууллага хамтран ажиллах ёстой.  Уул уурхайн салбарын үйл ажиллагаа  зогсвол улсын төсөв тасалдана. Иймд эдийн засгийн тулгуур  салбараа буруу ташаа мэдээллээр турхирахгүй байх нь чухал юм. Энэ эсрэг байр суурийг зөвөөр тайлбарлах боломж нь Үндэсний баялгийн сангийн тухай хууль гэж харж байна.

Салбараас орж ирэх  ашиг Үндэсний баялгийн санд хуримтлагдсанаар, жишээ нь орон сууцны хөнгөлөлт эдлэх, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээг илүү хүртээмжтэй авах зэргээр өдөр тутмын амьдралдаа бид газрын баялгийн үр шимийг хүртэх юм.

Монгол Улсын уул уурхайн салбарын  хэтийн төлөв сайн харагдаж байгаа боловч үүнийг батлахын тулд хайгуулын ажлыг цаг алдалгүй эрчимжүүлж, шинэ орд нээх, нөөцийг нэмэгдүүлэх ёстой.

Критикал болон чухал  ашигт малтмал  зэрэг олон нэр томьёонууд гарч ирж байгаа ч  манай орны хувьд  өндөр технологид ашиглагдах ашигт малтмалын нөөц хэр байна вэ  гэдгийг юуны өмнө тодорхойлох нь  чухал. 

А.Билгүүн:

Уул уурхайн салбарт  тулгамдаж буй асуудлын шийдлийг  Та бүхэн хэрхэн  харж байна вэ? 

С.Оюунбат:

Ухаалаг, хурдан, мэргэжлийн байх ёстой. Бодлого боловсруулагчид нь тушаал шийдвэр гаргахдаа мэргэжлийн түвшинд шуурхай ажиллах хэрэгтэй.

Б.Мөнхтөр:

Геологи, уул уурхайн салбарт тогтвортой байдал маш чухал байна. Хууль эрхзүй, бодлого, авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүд нь урт хугацаанд, тогтвортой байх нь чухал. Тогтворгүй байдлаас үүдэж ойлгомжгүй байдал үүсдэг.

Д.Үүрийнтуяа:

Газрын ховор элементийн талаар нэгдсэн бодлоготой болох ёстой. Дэлхий нийт газрын ховор элементийн 130 сая.тонн нөөцтэй гэж үзэхэд 55 сая тонн нөөц нь БНХАУ-д бүртгэгдсэн. Манайх 3 хүрэхгүй сая.тоннын нөөцтэй. Урд хөрш нөөцөөрөө ч, үйлдвэрлэлээрээ ч дэлхийд тэргүүлж байгаа үед бид өөрсдийн нөөцөө хэрхэн үнэд хүргэх вэ гэдэг дээр нэгдсэн бодлоготой байх хэрэгтэй. Геологи, хайгуулын  ажлаас эхлээд энэ салбарт ажиллах хүний нөөцийг бэлтгэх, лабораториудыг хөгжүүлэх зэрэг  олон шатанд бодлогын түвшинд  авч үзэх ёстой асуудал гэж харж байна. Бүх түвшинд нэгдсэн ойлголттой, бодлоготой,   хэрэгжүүлдэг суурь бүтэцтэй, боловсон хүчин, хүний нөөцтэй ийм механизм бүрдүүлэх  нь чухал.

Б.Уянга:

Аливаа асуудлыг мэргэжлийн талаас  шийдвэр гаргадаг байх нь оновчтой.    Баялгийн сангийн орлогыг бүрдүүлж,  хариуцлагатай үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг дэмжинэ. Мөн мэргэжлийн холбоод дээр ажиллаж байгаа хүмүүс саналаа нэгтгэж, хамтарч ажилладаг байгаасай гэж хүсэж байна. Олон  талын хамтын ажиллагаа чухал байна.

Хэлэлцүүлгийн дараа оролцогч талууд санал дүгнэлт гаргаж,

1.    Уул уурхайн салбарын хариуцлагын механизмыг сайжруулах, дэмжих.

2.    Үндэсний баялгийн сангийн хуулийг хэрэгжүүлэх.

3.    Уул уурхайн салбарын суурийг бэхжүүлэх, геологи, хайгуулын салбарт хөрөнгө оруулалтыг нэмэх.

4.    Чухал ашигт малтмал, газрын ховор элемент, өндөр технологийн түүхий эдийн хайгуул, судалгаа, ордыг ашиглалтад бэлтгэх ажлыг эрчимтэй явуулах.

5.    Гадаадын хөрөнгө оруулалтыг татах хууль, эрх зүйн таатай, тогтвортой орчныг бүрдүүлэх

6.    Уул уурхайн салбарын орлогыг тэгш хуваарилах.

7.    Салбарын мэргэжилтнүүд нийгэм, олон нийтэд уул уурхай, геологи хайгуулын болон ашигт малтмалын үр өгөөжийн талаар үнэн бодит мэдээлэл хүргэх, таниулах ажлыг зохион байгуулах нь зүйтэй гэсэн нэгдсэн дүгнэлт,  шийдэлд хүрсэн байна.