Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ярилцлага

Инженер, мэргэжилтнүүдийг Германы ахисан түвшний хөтөлбөрөөр МГТИС -д бэлтгэж байна

П.Жаргалсүрэн

Монгол-Германы хамтарсан Ашигт малтмал, технологийн их сургууль /МГТИС/-ийн магистрын оюутан Ц.Сувд-Эрдэнэтэй ярилцлаа.

Та өөрийгөө дэлгэрэнгүй танилцуулна уу.

Би 2014-2019 онд Монгол-Германы хамтарсан Ашигт малтмал, технологийн их сургуулийн Хүрээлэн буй орчны инженерчлэлийн бакалаврын хөтөлбөрт суралцаж төгссөн. Сургуулиа төгсөөд “Жи Си Ар Монголиа” компанийн амжилттай хэрэгжүүлсэн “Оюу толгой”-н уурхайд  “Босоо Ам 3 & 4”-ийн нэвтрэлтийн төсөлд “Эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа, байгаль орчин” /ЭМААБО/-ны зохицуулагчаар ажиллаж  байлаа.

2022 оноос хойш “Оюу толгой” компанийн Гүний уурхайн төсөл болон Үйлдвэрлэлийн аюулгүй ажиллагааны сургалтын хэлтэс /ЭМААБО/ болон Өндөр эрсдэлийн сургалтын сургагчаар ажиллаж байна. Одоо тус компанид  ажиллахын зэрэгцээ Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургуулийн “Байгалийн нөөц, технологи”-ийн шинжлэх ухааны магистрын хөтөлбөрт 2023 оноос элсэн суралцаж байна.

Яагаад МГТИС-ийн гүнзгийрүүлсэн хөтөлбөрийг сонгон суралцах  болсон бэ?

Манай сургууль олон боломжуудыг оюутнууддаа олгодог. Анх сурч эхэлсэн цагаасаа одоог хүртэл үр шимийг нь хүртсээр явна. Онолын мэдлэгээс гадна асуудал шийдвэрлэх, бие даах чадварт суралцах гээд хувь хүний хөгжлийн маш олон ур чадварыг эзэмшүүлж, төлөвшүүлдэг.

Сургалтын хөтөлбөрүүдийн хувьд онол, дадлага хосолсон гэдгээрээ онцлогтой. Миний хувьд бакалаврын хөтөлбөрт суралцах хугацаандаа Уулын баяжуулах “Эрдэнэт үйлдвэр”, “Оюу толгой” гэхчлэн Монголын томоохон уул уурхайн компаниуд  мөн ХБНГУ-ын хүрэн нүүрсний ил уурхайн “RWE Inden Mine” компанид 18 долоо хоногийн хугацаанд цалинтай үйлдвэрлэлийн дадлага хийсэн. Гадны оронд суралцаж байгаа мэргэжлээрээ цалинтай ажиллана гэдэг нь оюутнуудын хувьд практик мэдлэг чадвараа ахиулах сайхан боломж.

Түүнчлэн МГТИС-ийн оюутнууд олон төрлийн тэтгэлгүүдэд хамрагддаг. Миний хувьд суралцах хугацаандаа МГТИС-ийн нэрэмжит 100%-ийн тэтгэлгийг 2 удаа, ХБНГУ-ын Фрайбергийн Техникийн их сургуульд нэг семестрийн хугацаанд оюутан солилцоогоор суралцах тэтгэлгийг мөн хүртэж байлаа. Ийнхүү солилцоогоор суралцахдаа манай сургуулийн үйл ажиллагаа, сургалтын хөтөлбөрүүд Германы стандартаар явагддаг гэдгийг өөрийн биеэр мэдэрсэн. Сургалтын системийн хувьд бараг ялгаагүй учраас хүндрэл бага тулгарсан. Энэ үед л манай сургууль олон улсад хүлээн зөвшөөрөгдөж, өрсөлдөхүйц мэргэжилтнүүдийг бэлтгэж  байна гэдгийг ойлгосон.

Дэлхийн боловсролыг эх орондоо, харьцангуй хямд өртгөөр, гэр бүлтэйгээ ойр, мөн ажлаа хийнгээ суралцах боломжийг олгодог учраас сургуульдаа дахин сурахаар шийдсэн.

Өөрийн суралцаж буй магистрын хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй танилцуулна уу.

МГТИС-ийн Байгалийн нөөц, технологиийн шинжлэх ухааны магистрын хөтөлбөрийн онцлог нь Монгол Улсын аж үйлдвэрлэлийн салбарын онцлог, хэрэгцээнд нийцүүлэн боловсруулсан байдаг. Мөн олон улсын түвшинд бэлтгэгдсэн, судалгааны ажлын арвин туршлагатай багш профессорууд сургалт удирдаж байна. Сургалтын хөтөлбөрийн хувьд судалгааны арга зүй, оптимизацын аргууд, инженерийн статистик, инновац ба энтрепренершип, инженерийн ёс зүй зэрэг заавал судлах хичээлүүд, өөрсдийн сонирхсон чиглэлээр гүнзгийрүүлэн сонгон судлах боломжтой. Энэ жил “Энержи Ресурс” ХХК-тай хамтран хүнд даацын машины хаягдал дугуйг дахин боловсруулах талаар судалгаа хийж байна.  

Энэ хөтөлбөрөөр суралцахад ямар шаардлага тавигдаж байна вэ?

Инженер, технологийн болон байгалийн ухааны чиглэлээр бакалаврын зэрэгтэй, доод тал нь 180 багц цаг (ECTS-CP) буюу түүнтэй дүйцэхүйц багц цагийг судалсан байх шаардлагатай. Бүх хичээлийг англи хэл дээр үздэг учир IELTS-ийн 6.0, TOEFL-ийн 60-78 оноо, эсвэл МГТИС-ийн Англи хэлний түвшин тогтоох шалгалтыг өгөх шаардлагатай. Манай сургууль шинэ хичээлийн жилд бакалавр, магистр болон инженерийн бэлтгэл хөтөлбөрийн бүх шинэ элсэгчдийнхээ англи хэлний түвшинг тогтоож, тохирох түвшнийх нь хичээлд хуваарилдаг.

Энэхүү хөтөлбөрийг 2021 онд эхлүүлснээс хойш “Оюу толгой”, “Эрдэнэт үйлдвэр”, “АПУ”, “Ачит Ихт” зэрэг манай сургуультай хамтын ажиллагааны гэрээтэй, мөн салбарын бусад компаниудаас мэргэжилтэн, инженерүүд элсэн суралцаж байна.

Энэ хөтөлбөрөөс хэчнээн оюутан тэтгэлэг, солилцоогоор Германд суралцаж байна вэ?

Жил бүр МГТИС-ийн нэрэмжит тэтгэлгээс гадна бакалаврын төгсөх курс, магистрын хөтөлбөрийн оюутнуудад Германы эрдмийн солилцооны алба (DAAD)-аас ХБНГУ-ын Фрайбергийн Техникийн их сургуульд оюутан солилцооны хөтөлбөрөөр нэг семестрийн хугацаанд суралцах тэтгэлгийг зарладаг. Тус тэтгэлэгт сар бүрийн амьжиргааны зардал, хоёр талын аяллын зардал, Герман хэлний сургалтын зардал бүрэн багтсан байдаг. Өнөөдрийг хүртэл манай магистрын оюутнуудаас 6 нь солилцооны тэтгэлэг хүртсэнээс нэг нь яг одоо Германд сурч байна. Мөн ирэх хичээлийн жилд дахин 2 оюутан явуулахаар тэтгэлгийн сонгон шалгаруулалт зарласан байна.

Байгалийн нөөц, технологиийн шинжлэх ухааны магистрын зэргийг эзэмшсэн залууст цаашид өсөн дэвжих ямар боломжууд байна вэ?

Сургалт англи хэлээр явагддаг учраас суралцагч нь олон улсын түвшинд ажиллах бүрэн чадвартай болно. Мөн хөтөлбөр нь дадлагад суурилсан учир танхимын хичээлээс гадна ахисан түвшний судалгааны ажил, уул уурхай, бизнес, хүрээлэн буй орчны салбарын хэлэлцүүлэг, хурал уулзалтад оролцож мэргэжилтнүүдээс туршлага судалдаг. Ингэснээр мэргэжлийн цар хүрээгээ өргөжүүлэн тэлэх, инженерийн болон байгалийн шинжлэх ухааны аль ч чиглэлээр хөрвөн ажиллах, цаашлаад холбогдох чиглэлээр докторын сургалтад хамрагдах бүрэн боломжтой. Түүнчлэн манай сургуультай хамтын ажиллагааны гэрээтэй компаниуд өөрийн ажилтнуудыг уг хөтөлбөрт суралцуулахаас гадна тухайн компанид тулгамдаж буй тодорхой сэдвээр хамтарсан судалгааны төсөл хэрэгжүүлэх нь бодит үр дүнд хүргэдэг. Нөгөө талаас магистрын оюутан нь компанидаа ажиллахын хажуугаар суралцаж, хамтарсан төсөлдөө гүйцэтгэгчээр ажиллаж, сургууль болон компанийн хамтын ажиллагааг холбох таатай нөхцөлийг бүрдүүлдэг.