Эрчим Хүчний Сайд Б.Чойжилсүрэн салбарын төрийн бус байгууллагуудын төлөөллийг хүлээн авч уулзан тулгамдаж буй асуудлуудийн талаар санал солилцов. Уулзалтад Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Тавинбэх, газрын дарга нар, Эрчим хүчний зохицуулах хорооны дарга Э.Түвшинчулуун болон Эрчим хүчний салбарт үйл ажиллагаа явуулдаг 17 Төрийн бус байгууллагаас 11 төлөөлөл оролцов.
Монгол Улсын Засгийн газрын мөрийн хөтөлбөрт Эрчим хүчний салбарт тулгамдаж буй Эрчим хүчний тухай хуулийн шинэчилсэн найруулга, Улаанбаатар хотын дулаан хангамжийг нэмэх, эрчим хүчний үнэ тариф, эрчим хүчний либералчлалыг эхлүүлэх, Эгийн голын усан цахилгаан станцын төслийг эрчимжүүлэх зэрэг асуудлыг тодорхой тусгуулах санал хэлсэн.
Улсын төсвөөр хийгдэж буй ажлын эрхийг шилжүүлдэг, орон нутагт тендер зарладаг, дүгнэдэг байдлыг зогсоох, Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах зэрэг асуудлаар саналаа илэрхийлэв. Мөн эрчим хүчний салбарт төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн компаниудын үйл ажиллагаа хумигдаж буйг хэлээд төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд зарим төрийн үйл ажиллагааг хувийн хэвшилд шилжүүлэх ажлын төлөвлөгөө гаргаж үе шаттай зохион байгуулах хүсэлтээ уламжлав.
Сайд Б.Чойжилсүрэн төрийн бус байгууллагын төлөөлөлүүдтэй хийсэн уулзалтаар тавьсан санал, хүсэлтийг судалж, дэмжин ажиллахаа илэрхийлж, холбогдох удирдлагуудад үүрэг чиглэл өглөө. Мөн хамтарсан уулзалтыг жил бүр зохион байгуулж ажиллахаа цохон тэмдэглэв.