Т.Бямбанаран
Дэлхий улс орнууд цэвэр эрчим хүч рүү шилжиж байгаатай холбоотой цөмийн эрчим хүч, ялангуяа ураны эрэлт хэрэгцээ нэмэгдэх төлөвтэй байна. Тиймээс уран олборлогчид Австралийн мужийн удирдлагуудад уран олборлох хоригийг цуцлах уриалга гаргалаа.
Австрали улс дэлхийн нийт ураны хүдрийн нөөцийн бараг гуравны нэгийг эзэмшдэг ч зөвхөн Өмнөд Австрали муж болон Хойд нутаг дэвсгэрт олборлолт хийхийг зөвшөөрдөг. Одоогийн байдлаар Өмнөд Австралид уран олборлох хоёрхон төсөл хэрэгжиж байгаа бөгөөд энэ хоёр нь байгаль орчин, аюулгүй байдлын асуудалтай тулгараад байгаа юм.
Олон улс цөмийн эрчим хүчний хэрэглээгээ нэмэгдүүлэхээр төлөвлөж байгаатай холбогдуулан сүүлийн арван жилд ураны үнэ гурав дахин өссөн байна. 2050 он гэхэд цөмийн эрчим хүчний хүчин чадлаа гурав дахин нэмэгдүүлэх амлалт өгсөн 22 орны тоонд АНУ, Япон, Франц багтжээ.
Австралийн Калгурли хотод жил бүр зохион байгуулдаг Diggers & Dealers чуулга уулзалтын чухал сэдэв нь уран болоод байна. Энэхүү арга хэмжээ нь Баруун Австрали мужид уул уурхайн компаниудын олон удирдагч, хөрөнгө оруулагчдыг татдаг ажээ.
Cauldron Energy ХХК-ийн гүйцэтгэх захирал Жонатан Фишер хэлэхдээ, "Уул уурхайн салбар хөгжсөн Баруун Австрали зэрэг мужид хориг тавих нь утгагүй бөгөөд тус улс ураны эрэлт хэрэгцээнээс бий болсон боломжийг алдахад хүрэх эрсдэлтэй. Эдийн засагт нөлөөлж байгаа учраас эдгээр хоригийг цуцлах шаардлагатайг онцоллоо.
Тус улсад үйл ажиллагаа явуулж буй ураны хоёр уурхай болох Olympic Dam (BHP Group ХХК-ийн) болон Honeywell (Boss Energy ХХК-ийн) нь дэлхийн ураны 9 орчим хувийг үйлдвэрлэдэг.
Холбооны засгийн газрын гол сөрөг хүчин болох Либералуудыг тэргүүлдэг Питер Даттон хэлэхдээ Баруун Австралийн мужийн засгийн газар уран олборлох хоригийг цуцлахгүй байгаа нь тус улсад хохирол учруулж байна гэж сэтгүүлчдэд мэдэгдэв. Мөн ураны үйлдвэрлэл явуулснаар олон мянган ажлын байр бий болох боломжтой хэмээн хэлэв.